Categories
мэдээ эдийн-засаг

Доллар нэг өдрийн дотор 132 төгрөгөөр огцом өсч, төгрөг түүхэнд байгаагүйгээр үнэгүйдлээ

Ам.долларын ханш өнөөдөр өглөөний Монголбанкны нэрлэсэн ханшаар 2428 төгрөгт хүрээд байсан билээ. Тэгвэл үдээс хойш 2560 төгрөгт хүрч, нэгхэн өдрийн дотор даруй 132 төгрөгөөр өслөө. Үүнээс болж томоохон арилжааны банкууд ам.доллар зарахаа түр зогсоогоод байна.

Өнөөдөр үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүн Д.Эрдэнэбат “Энэ валютын ханш чинь өдрөөр биш цагаар өсдөг боллоо. Энийг хариуцаж байгаа хүн байна уу. Нэг ам.доллар 2500 төгрөг хүрнэ гэсэн. Өнөөдөр бараг хүрчих байлгүй. Удахгүй 3000 төгрөгтэй тэнцлээ шүү дээ. Үүнийг хариуцаж буй Монголбанк, Засгийн газар гэж байна уу? Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар валютын ханшийг буулгах үүрэг өгсөн байсан. Ганц энэ үүргээр явахгүй шүү дээ. Гол учир нь юу байна? Энэ дээр надад тайлбар өгөөч. Импортын хэрэглээ огцом өссөн гэсэн үг шүү дээ. Гадагшаа түүхий эд гарахаа больсон байна. Яг үүнийг өнөөдрийн эдийн засгийн бодит байдлаар хэлээд өгөх хүн энэ танхимд байна уу? Өөр нэг асуулт байна. Энэ долларын ханшийг хэдээр төлөвлөсөн юм бэ? Он гараад 3000 болох юм бол энэ төсвийн хүрээний мэдэгдэл чинь бүгд худлаа болно шүү дээ” гэсэн билээ.

Ийн ам.долларын ханш нэг өдрийн дотор 130 гаруй төгрөгөөр огцом өссөнийг Засгийн газрын өчигдрийн шийдвэртэй холбог тайлбарлах хүмүүс ч байна. Тодруулбал, өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд Б.Чойжилсүрэнд валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон. Уг үүрэг нь гадныхан богино хугацаанд ам.доллараа Монголоос татах нөхцөлийг үүсгэсэн гэж таамаглаж байна.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *