Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэг “Нацагдорж” болох уу

Өнгөрөгч жил Гадаад хэргийн яам “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд “Үндэстнийг брэндчилэх” онолыг үндэслэгч S.Anholt-ыг урьж авч ирэн, “Үндэстнийг брэндчилэх нь (nation branding): Монгол Улсын бизнес, аялал жуулчлалын салбар” сэдвээр илтгэл тавиулж, зөвлөгөө авсан билээ. Үндэстнийг брэндчилэх онолын нэгэн салаа мөчир нь “land branding” буюу орон нутгийн брэндийг бий болгох гэсэн онол байх. Үндэстний брэндээ зөв томъёолж, аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлэхийн зөв хөшүүргэ нь “land branding”-ийг амжилттай хөгжүүлэх явдал аж.

Манайд эл онол, ойлголт нэвтрэхээс ч өмнө орон нутгийн брэндийн чанарыг аль эртнээс мэдэрчихсэн байсны жишээ нь Булганы Сайханы айраг, Архангайн цагаан идээ, Хөвсгөлийн цай, хүнсний бүтээгдэхүүн, Сэлэнгийн зөгийн бал гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч Орон нутгийн брэнд мөн л хамаатай. Ойрын жишээ дурьдахад өнгөрөгч онд Хатгалд амарсан дотоодын жуулчдын тоо 40 мянга, гадаадын жуулчдын тоо 30 мянгад хүрсэн тохиолдол юм. Ядуурлын түвшнээр 21 аймгаас хоёрдугаарт жагсдаг, 120 гаруй мянган хүн амтай, ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 7.9 хувьтай байхад улсын дунджаас нэг дахин их гэсэн үзүүлэлттэй Хоймор нутгийн орлого жуулчдын тоогоо дагаад хэдэнтээ өссөн нь дамжиггүй.

Үүний жишгээр аймаг бүр, сум дүүрэг бүхэн өөр өөрийн ялгарах “брэнд”-ийн эрэлд гарсан. Эрсэн эрэлдээ төөрч, цөхөж буй газар орон байхад өмнөөс нь “land brand”-ийг олж өгч санал санаачлага өрнүүлсэн тохиолдол ч гарлаа. Үүний тод жишээ бол Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Багануур /дагуул хот/ дүүргийн нэрийг НАЦАГДОРЖ болгох санаачлагыг зохиолч П.Батхуяг эхлүүлэн Багануур дүүргээс гарвалт нэр бүхий сэхээтнүүд, тус дүүргийн дунд сургуулиудын хэл уран зохиолын багш нар давалгаалан аян өрнүүлж эхэлсэн гэнэ. Дээрх санаачилгыг уржигдархан тамгаа гардан авч, албан ёсоор ажлаа хүлээн авсан Засаг дарга Ц.Сандаг-Очирт өргөн барьж, Дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа базааж дууссан гэнэ.

Санаачлагыг эхлүүлэгч зохиолч Д.Батхуягийн үзэж буйгаар, “Сүхбаатар гэдэг дүүрэгт би амьдардаг. Чойбалсан гэж хот байна. Чингис хаан гэж хот байна. Тэгвэл яагаад өсөж төрсөн Гүнгалуут нутгийг нэрээр нэрлэчихэж болохгүй гэж? Тэртэй тэргүй Багануурын гол брэнд нь НҮҮРС биш Нацагдорж шүү дээ. Шинээр томилогдсон ИТХ-ын төлөөлөгчид, Багануур хотын шинэ удирдлага том алхам хийхийг зорьж буй бол нэрнээс эхлэх ёстой” гэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *