Categories
мэдээ нийгэм

Дэлхийн Баянбүрдэд үхлийн шарх үүсгэх ёсгүй

Увсын Тэс:

Хуучнаар Дөрвөд далай хан буюу Чандмань уулын аймгийн Пандиа бээл, Жажинбал, Дандар гүний хошуу нь одоогийн Увс аймгийн Тэс сум. Өмнө нь Тэс гол сум ч гэж нэрлэж байсан гэдэг. Тус сум нь их нууруудын хотгорт Увс аймгийн Зүүнговь, Давст сум ба ОХУ-ын Тува улстай хил залган оршдог. Увс аймгийн төв Улаангом хотоос 158 километр, улсын нийслэл Улаанбаатар хотоос 1400 километрийн зайд оршдог. Нутгийн нийт талбайн хэмжээ нь 3085 квадрат километр.

Увс нуур:

Увс аймаг. Увс нуур аймаг. Увс нуур. Монгол улсын хамгийн том нуур. Увс нуурын нилээд хэсэг нь Тэс сумын нутагт оршдог. Нуурын талбайн хэмжээ нь 3350 кв.км. Гүн нь 6-22 метр. Нуурыг тэжээдэг хамгийн том гол нь Тэсийн гол. Далайн түвшнээс дээш 759 метрт оршдог. Хамгийн урт хэсэгтээ 84 км, хамгийн өргөн хэсэгтээ 79 км. Увс нуур зөвхөн Увс аймгийнхны өмч биш. Увс нуур нь Монголын баялаг. Увс нуур бол Дэлхийн өв.

Газар нутаг, байгалийн бүс, бүслүүр:

Тэс сумын газар нутаг дээр ой, ойт хээр, тал, голын хөндий, говь, цөлөрхөг тал, элсэн цөл, нуурын ай сав зэрэг байгалийн бүс,бүслүүрүүд бий. ОХУ-ын Тувагийн нутагт орших Тагнын нурууг оролцуулбал тэнд байгалийн бараг бүх бүслүүр залгаа оршдог. Увс нуурын ай сав газар нь бүх талаараа уулсаар хүрээлэгдсэн өвөрмөц тогтоц. Увсын Тэсийнхнийг Тэс таван голынхон ч гэдэг. Хошит эрэг, Их гол буюу Тэсийн гол, Жирээг, Үхэг, Нарийны гол тус сумын нутаг дээгүүр урсаж Увс нуурт цутгадаг. Тэсийн голыг эх оронч гол ч гэж нэрлэдэг. Хилээр гарч урсаж байснаа буцаад ороод ирдэг учраас.

Дэлхийн өв буюу дэлхийн дархан цаазат газар:

1994 онд Монгол улсын засгийн газар, орон нутгийн удирдлага нь Увс нуурын ай сав газрыг тусгай хамгаалалтанд авсан байдаг. 1999 оноос эхлэн Монгол, ОХУ-ын талуудаас хүсэлт тавьж ихээхэн хичээл зүтгэл гаргасны үрээр 2003 онд UNESCO-гийн 27 дугаар чуулганаар хэлэлцсэний үндсэн дээр Увс нуурын ай сав газрыг дэлхийн дархан цаазат газар болгосон байдаг. Википедиа тайлбар толь бичигт оруулсан зурган мэдээллээс үзэхэд Тэс сумын нутаг бараг бүхэлдээ Увс нуурын ай сав газарт багтсан байгаа юм. Азийн зүрхэн дэх Увс нуурын ай сав газрын нийт талбай нь 898,064 га, түүний 87,830 га нь ОХУ-д, 810,234 га нь Монгол улсад хамаардаг. Улс хоорондын буюу олон улсын дархан цаазат газар. Дэлхийн өвд бүртгүүлэх, дархан цаазат газар болгохын утга учир нь Монголиа гладвилл Увс петролиум компанид газрын тосны хайгуул хийлгэхэд зориулагдаагүй л баймаар юм. Олон улсын дархан цаазат газрыг Монгол улсын засгийн газар дангаараа дур мэдэн Хятадын компанид “худалдаж буй” нь олон улсын гэрээ, эрх зүйн актыг зөрчиж буй үйлдэл биш үү?.

Дэлхийн хамгийн хойд захын Баян бүрд:

Баян бүрд гэж юу вэ?. Цөлийн хаа нэгтээ тохиолдох, цэнгэг усны байнгын эх үүсвэртэй, үржил шимтэй бүс нутаг. Британниканэвтэрхий толь бичигт ингэж тодорхойлжээ. Тэгвэл Тэс сумын нутгаар урсах Нарийны голын сав газрыг дэлхийн хамгийн хойд захын баян бүрд ч гэлцдэг. Одоогоор баянбүрдийн шинж чанараа бараг алдчих дөхөөд байгаа Нарийны голын хөндийд маань газрын тосны хайгуул, ашиглалт явуулаад эхлэхээр сүйрэл ирэх нь ойлгомжтой биз дээ?!.Энэ мэт цөөхөн үлдсэн баянбүрдээ Монголын төр засаг нь ч, ард иргэд нь ч хайрлан хамгаалмаар байна. Манайханд нийтлэг нэг дутагдал байна. Яг устах болоод ирэхээр л хамгаалах тухай ярьж эхлэдэг. Аюулыг урьдчилан харж, сэргийлэх хэрэгтэй байна.

Хүн ам ба нүүдэл:

Тэсд борлууд, харганууд, цагаагчууд, хошууд, тайжиуд, шарнууд, шарайд, харчууд, галзад, монголмууд, цорс, булгадар зэрэг олон овгийн баяд ястнууд оршин суудаг. Одоогоор 1000 гаруй өрх, 5300 орчим хүн амтай. 1990-ээд оноос хойш Тэс сумаас баримжаагаар 10000 хүн буюу одоо тус суманд амьдарч байгаагаас 2 дахин олон хүн Увс аймгийн төв, зарим сумууд, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг хотууд болон Төв, Дархан-уул, Орхон, Булган, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймгуудын сумууд руу нүүдэллэн ирж суурьшсан байгаа. Тэдний олонхийнх нь нүүдэл нь амар жимэр амьдрал хайж бус, Тэсийн газар нутагтаа адгуулан амьдарч буй мал сүрэг нь багтаж, бэлчээрлэх боломжгүй болсноос үүдэлтэй. Мал сүрэг нь багтахгүй, бэлчээрийн даац нь нүдэн баримжаагаар 50-60% алдагдчихсан байгаа, дөрвөн улиралдаа 30-40-өөдхөн километр газар нутагт нүүдэллэн амьдарч байгаа нутгийн уугуул, суугуул иргэдийг хаана нь амьдарч нутаглаг гэж нийт нутгийнх нь 40%-ийг манай эрх баригчид Монголиа гладвилл Увс петролиум компанид хайгуул, ашиглалтын зориулалтаар олгочихоод санаа амар сууж чадаж байна вэ?.

Амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй:

Хүн амын үнэмлэхүй олонхи нь мал аж ахуй эрхэлж амьдардаг. Одоогоор 300000 гаруй толгой малтай. Увс аймагтаа хамгийн олон толгой малтай. Мал аж ахуй эрхлэх боломжит талбай буюу малчдын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа нь ердөө 30-40 км өргөнтэй, 50-60 км урттай газар нутагт байна. Хүн ам харьцангуй олонтой тул маш шигүү суурьшсан.

Уур амьсгал:

Тэс сум нь цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай. Зундаа цельсийн нэмэх 45 хэм давж хална. Өвөлдөө цельсийн хасах 50 хэм хүрч хүйтэрнэ.

Тэсийн тэмцэгчид:

Тэнд оршин суугчдын дотор Тэс сумаа, газар нутагаа худалдаад идчихье гэж бодож байгаа хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Харин засгийн газар шийдсэн, газрын тосны газар гэрээ байгуулсан, аймгийн удирдлага Монголиа гладвилл Увс петролиум компанийг дэмжиж ажилла гэдэг албан бичиг ирүүлсэн учраас сумын удирдлага дэмжиж ажиллахаас өөр аргагүй, хэрэв тус компанийг эсэргүүцвэл би ажилгүй болчихно гэхчилэн шахаанд орсон ч юм уу, жаахан айдастай ч юм уу цөөн хүн байх шиг анзаарагдсан. Тиймээс л Б.Орлом, Ц.Батнасан, Г.Цогт-Очир тэргүүтэй хэн нэгнээс хараат бус амьдарч чаддаг цөөн хэдхэн хүмүүс л нилээд тууштай тэмцэцгээж байгаа дүр зураг харагдаж байна лээ. Мэдээж тэднийг дотор нь хагаралдуулах, заримыг нь худалдаж авах, тэмцэл нь үр дүнд хүрэхгүй дээ гэж ухуулга, явууллага хийх зэргийг Монголиа гладвилл Увс петролиум компанитай эрх ашгаараа сүлбэлдэгсэд юу эс андахав. Тиймэрхүү үйлдлүүд хийгээд эхлэчихсэн л байна гэсэн. Газар нутагт нь эзэн суухын тулд эдийн засгийн алуурчид нь эрх мэдэл, албан тушаалтай, эсвэл мөнгө төгрөг харуулчихвал гэмт хэрэг хийхээс ч буцахгүй ухвар мөчид бөгөөд ирээдүйд ямар сөрөг үр дагавар нутаг оронд нь, үр хойчид нь нүүр тулж угтахыг боддоггүй дээр дурдсан хоёр ангиллын хүмүүсийг худалдаж авч нутгийн иргэдийнх нь эсрэг нохой шиг турхирахаа ч мэднэ. Ийм үйлдлүүдийг ч хийгээд аймгийн удирдлагууд болон нутгийн ажилгүй, хүмүүжил муутай зарим залуусыг худалдаж аваад эхлэчихсэн л байна лээ. Ийм нөхцөл байдлыг бодож эргэцүүлээд, зөв ойлголт ард иргэддээ өгөөд, хор хөнөөлийнх нь талаар таниулга, ухуулга хийгээд ирэхээр нутгаа хамгаалж тэмцэгсдийн хүрээ өргөжих нь тодорхой.

Газар нутагт нь лицензи олгох, хуваах, хувьчлах нь улс орныг ч устгах хор хөнөөлтэй:

Нэгэн нэрт хүмүүн …. Өвөг дээдсээсээ бид эх орноо бүрэн бүтэн хүлээж авсан, үр хойчдоо бүрэн бүтэн хүлээлгэж өгнө… гэж хэлсэн байдаг. Газар нутаг, түүний хэвлийн баялаг бол зөвхөн энэ үед амьдарч буй хэдэн хүний өмч байж болохгүй шүү дээ. Үеийн үед Монголчуудын үр сад үргэлжлүүлээд л амьдрах эх нутаг нь юм. Эх нутаг, эх орон, эх газар, төрсөн нутаг гэж хүн бүр л хэлдэг. Эх, ээж хоёр адилхан үг. Тэгвэл ээж нутаг, ээж орон, ээж газар, төрсөн ээж гэж ойлгогдоно доо. Тухайн орон, нутаг, газарт үр нь болж төрчихөөд ээж нутаг, ээж орон, төрсөн ээжээ алж, арьсыг нь хуулж, цус, тунгалагыг нь сорж, шөрмөсийг нь тасдаж авч идэж, ууж амьдрахаас өөр арга алга уу?, манай өнөө үеийн төр, засгийн болон орон нутгийн удирдлага нарт?. Цагаан тэмээ-аалзны амьдралаар бус, ухаант хүний амьдралаар амьдарвал ямар вэ?. Ер нь улс орон, газар нутагаа хэсэгчлээд, хуваагаад, хувьчлаад эхлэхээр л бүрэн бүтэн байдал нь алдагдаад, гадныханд, харийнханд худалдагдах, эзлэгдэх замдаа л ордог юм гэж ухаантай хүмүүс хэлдэг юм байна лээ. Лицензи олгохгүй, хувьчлахгүй, хуваахгүйгээр тухайн орон нутагт амьдран суугаа иргэд нь бүгдээрээ л энэ манайхны, манай багийн, манай сумын, манай аймгийн, манай улсын буюу манай нутаг гэж хэлж, эзэмшиж л байвал тэр нутаг нь харийнханд буюу гадаадын эдийн засгийн алуурчдад эзлэгдэх магадлал багатай байдаг юм гэсэн дээ. Үүнийг мэддэг харийн эдийн засгийн алуурчид, тэдний бэлтгэж бойжуулсан тэжээврүүд нь гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр Монгол улс хэзээ ч хөгжихгүй гэдэг ухуулга, сурталчилгаа, явууллага хийж лицензи, хайгуул, ашиглалт, олборлолт нэрээр манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулаад л ард иргэдийг нь хооронд нь хагаралдуулаад л үзэж тарж байна л даа. Ард иргэд нэг л зүйлийг ойлгох цаг болсон. Өнгөрсөн хугацаанд Монгол орны газар нутагт хаа сайгүй л харийнхантай нийлсэн олз хайгчид газар шороогоо хангалттай ихээр ухаж сүйтгэлээ. Үр дүнд нь хэн баяжив?. Газар нутагаа ухаад Монголчууд сайхан амьдарна аа гэж ухуулсаар ирсэн. Одоо хаана байна?, тэр сайхан амьдрал нь?. Үр дүн нь одоогийн энэ улсаасаа баян болсон гэх 200 орчим гэр бүл, үгээгүй ядууралтай амьдарч буй нийгмийн олонхи биш юм уу?. Наад зах нь ард иргэдэд ирээдүйд ямар амьдралд хүрэх талаар төсөөлөл, сайн сайханд хүрэх итгэл үнэмшил ч алга байна шүү дээ. Монголын өвөг дээдсүүд ч …миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг…гэж сургаж байсан юм гэсэн. Монгол улсын төрийн толгойд одоохондоо зайдагнаж байгаа америк, европ, хятад зэрэг мөнгө хайгчид буюу эдийн засгийн алуурчдын гар хөл болсон тэжээврүүд нь их эзэн хаадынхаа, ухаант дээдэс, эрдэмт хүмүүсийнхээ үгийг үл огоорон Монгол улсын газар нутгийг минь харийн тонуулчдын харуулсан, долоолгосон хэдэн юань, евро, долларын авлигалын нөхөөсөнд өгөөд дуусах нь. Тэдгээр бирдүүдийн шуналын хараанд Тэс нутаг минь ч өртжээ.

Увс аймгийн газар нутгийн гуравны нэгийг нь газрын тосны хайгуул ашиглалтын талбай болгожээ:

2015 оны 05 сарын 04-ний өдөр Монгол улсын засгийн газрын агентлаг Газрын тосны газар, Монголиа гладвилл увс петролиум ХХК-ий хооронд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулж Увс аймгийн 19000 гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутагт газрын тосны хайгуул, ашиглалт явуулж байна. Увс аймаг 69000 гаруй км.кв. нутагтай. Монгол улс нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээ буюу нэг километр квадратад 1.77 (2012 оныхоор. Алган дээрхи дэлхий цувралаас.)хүн оногдох үзүүлэлтээрээ дэлхийд эхний байранд ордог. Ийм байна, бид том газар нутагтай гээд л газар нутагаа заавал ухуулж түнхүүлэх ёстой юу?. Газар нутагаа ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтанд сүйтгүүлсэн жишээ манай улсад хангалттай байгаа. Өмнө нь бөгөөд одоогоор газар нутгийг нь ухаж устгаад Монгол улсад болон тухайн нутгийн ард иргэдэд ямар сайн сайхан зүйл үлдсэн бэ?. Заавал нутаг, газар шороогоо ухуулж байж л сайн сайхан амьдрах ёстой юу?. Өөрөөр сайхан амьдрах арга алга уу?. Амьдрах газар нутаггүй байснаас, газар нутагаа бүрэн бүтэн байлгаад нутагтаа одоогийнхоороо амьдрах нь дээр биш үү?. Газар доороо баялаггүй орны иргэд яаж амьдарч болоод байна вэ?. Газрын хэвлийдээ баялагтай ч түүнийгээ ухахгүй сайхан амьдарч болоод байгаа орнууд бас байна шүү дээ?. Эдгээр асуултыг энэ асуудалтай холбоотой Монгол хүн бүр, тэр дундаас тухайн нутагт төрж өссөн, амьдарч байгаа иргэн бүр өөртөө тавьж, эргэцүүлж үзмээр байна.

Газрын тосны хайгуул хийхэд ганцхан Газрын тосны тухай хууль л үйлчлэх ёстой юу?:

Монголиа гладвилл увс петролиум ХХК болон түүнтэй сүлбэлдэгсдийн тухайд бүх асуудал хуулийн хүрээнд явж байгаа гэх тайлбарыг өгдөг гэнэ лээ. Ямар хуулийн хүрээнд хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгааг нь асууж, тодруулах гэхээр Газрын тосны тухай хуулийг нэрлэнэ. Уг хуулинд байгаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, иргэдийн нийтийн хурлын санал, протокол зэргийг дурдасхийгээд зогсоно. Засгийн газар, газрын тосны газартай гэрээ байгуулсан, аймгийн удирдлагаас дэмжсэн, хамтран ажиллах тухай албан бичиг авч, гэрээ байгуулчихсан, сумын удирдлагад аймгаас үүрэг өгүүлчихсэн, хангалттай мөнгө аманд нь чихэж байгаад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулчихсан, яаж ийгээд иргэдийн нийтийн хурлын санал, протокол гэгчийг гартаа оруулчихсан учраас бүх асуудал Монголиа гладвилл увс петролиум ХХК-ий талд гээд бат итгэчихсэн этгээдүүд байна. Тэгээд нөгөө талаас нь аваад үзэхээр Монгол улсад газрын хэвлийн баялагыг хэн эзэмшдэг, газар, газрын хэвлийг хэрхэн хамгаалж, ашиглах ёстой, байгаль орчинг яаж хамгаалдаг, тэнд оршин суугчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах ёстой, мал сүргийн бэлчээрээ яаж эзэмшдэг, хүний эрх, эрх чөлөө тус улсын хуулиар болон Монгол улс элсэн орсон олон улсын гэрээ, конвенцийн дагуу хэрхэн хангагддаг, олон улс, дэлхийн өвийг хэрхэн хамгаалдаг талаархи хууль, эрх зүйн актуудыг нилээд зөрчиж буй байдал харагдах юм. Манай УИХ болон хууль санаачлагч, тогтоогч нар газрын тосны тухай хуулийг боловсруулж батлахдаа манай улсад хэдэн төгрөг л орж ирж, албан тушаалтнууд авлигал авах нөхцөл бүрэлдэж л байвал газар нутаг болон тэнд амьдрагсдад ямархуу хортой нөлөөлөхүйц үр дагавар үүсч, хүндрэл бэрхшээл бий болж, байгаль орчин сүйдэж, Монгол улсын хуулиуд зөрчигдөх нь огт хамаагүй бөгөөд тэр бол юу ч биш гэж бодоогүй л байлтай.

Газрын хэвлийн баялаг, байгаль орчин хамгаалах, нутгийн оршин суугчдын эрхийг хамгаалах талаас нь авч үзээд холбогдох хуулийн зүйл заалтуудыг эрж хайхаар нилээд олон хууль, эрх зүйн актын олон зүйлийг зөрчсөн нь илэрхий л байх юм. Хууль, эрх зүйн актууд хүн бүрт өөр өөрөөр ойлгогдоод байна гэж баймааргүй л юм. Тухайлбал,

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1, 16.2 дугаар зүйл;, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйл;, Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйл;, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойнсан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5;, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8, 8.7, 8.8;, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1, 4.2;, 5 дугаар зүйл.5.1, 5.2;, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/А/III/ тогтоолоор Парист батлагдсан “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын 3, 8, 20 дугаар зүйлүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1945 оны 11 дүгээр сард батлагдсан дүрмийн дагуу 1946 онд байгуулагдсан “ЮНЕСКО-гийн дүрэм”-ийг дагаж мөрдөхөөр нэгдэн орсон Монгол Улс нь тус байгууллагын жинхэнэ гишүүн юм.

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 17 дугаа чуулганаар 1972.11.16-ны өдөр Парист баталсан Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенцид Монгол Улс 1990 онд нэгдэн орсон билээ. Монгол Улс нь “ЮНЕСКО-гийн дүрэм”-ийг чандлан мөрдөхийг батлан илэрхийлж Увс нуурын сав газрыг Дэлхийн өвд бүртгүүлснээр Монгол Улс төдийгүй Олон Улсын түвшинд Увс нуурын сав газрыг дэлхийн хамгаалалтад авсан болно.

Эдийн засгийн алуурчдын өмнө хүчин мөхөсдөх:

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа Гладвилл Увс Петролиум” ХХК, тэдний хамтрагч нэг компани, орон нутаг дахь тэдний төлөөлөл нар хамтран 2015 оны 06 сараас эхлэн газрын тосны хайгуул хийж Увс аймгийн нийт газар нутгийн гуравны нэгтэй нь тэнцүү газрын хөрсийг нь эргүүлэх, талыг там болгох ажлаа эхлүүлээд байна. Нутгийн олон маань төрж өссөн газар нутагаа хамгаалан тэмцэж байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт нэрээр хуулиар халхавчилсан эдийн засгийн алуурчидтай сүлбэлдсэн засгийн газар, сайд, албан тушаалтан, орон нутгийнхаа хэтийн ирээдүйн талаар эргэцүүлж, хол ойроос санамж, сургамж авах ухаан мөхөс авлигачин түшмэд, тэдгээр олз хайгч хятадуудын хамгаалалтын албанд манаач, зуудаг нохойн үүрэг гүйцэтгэж буй хөлсний “боол”-ууд мэтийн халдагч, эзлэн түрэмгийлэгчдийн өмнө хүчин мөхөсдөх хандлагатай байна. Яг л John Perkins-ийн “Эдийн засгийн алуурчны наминчлал” номонд бичсэний нэг жижиг хувилбар.

Тархи угаагчид:

Зарим мэдэмхийрэгчид болон энэ хайгуул, судалгаа нэртэй халдагч, хорлон сүйтгэгчдийн үйлдлээс олз горьдогсод нь байгаль, хүрээлэн буй орчинд хамгийн хор хөнөөл багатай ашигт малтмалын нэг нь газрын тос гэх ухуулга хийж л явна. Нутгийн иргэдэд хэлэхдээ, бид зөвхөн хайгуул, судалгаа л хийнэ. Ашиглалт явуулах эсэх нь дараагийн асуудал, та бүхний саналыг авч, харгалзаж үзсэний үндсэн дээр шийднэ гэж тархи угааж явна. Үнэн хэрэгтээ “бүтээгдэхүүн хуваах гэрээ”-гээр бол хайгуул, ашиглалтын зөвшөөрлийг зэрэг олгочихсон юм байна лээ. Бас иргэдэд хандаж ингээд хэнд ч газраа ухуулахгүй, дарж хэвтээд ядуугаараа байх юм уу, түүний оронд газар нутаг, эх дэлхийгээ ухуулаад, газрын хөрсийг нь эргүүлж сүйтгүүлээд их мөнгө олж аваад амар сайхан жаргах уу ч гэх санал тавьж буй ухуулагч хүмүүсийг нутгийн иргэд дундаас “бэлтгэж” явуулах тохиолдол ч байна гэх.

Мөнгөөр дарамтлах, мөнгөний сүрдүүлэл:

Нутгийн иргэдийн зүгээс байгаль орчин, төрсөн нутагаа сүйтгүүлэхгүй гэх эсэргүүцэл, шаардлага тавихаар Монголиа гладвилл увс петролиум ХХК-ийхан хуулийн болон хамгаалалтын албаны хасар басаруудаа явуулна. Тэдний хамгаалалт нь амжилтгүй болоод ирэхээр тус компани Монголын засгийн газарт ихээхэн мөнгө төлсөн, аймгийн ойн баяр наадам тэмдэглэхэд 400 сая, 200 сая төгрөгний “авлигал” өгсөн, Увс аймагт ажиллах хугацаандаа 6-7 сая доллар зарцуулсан, зөвхөн Тэс суманд хайгуул хийх гэж ирэхдээ 1.8 сая доллар үрсэн, тэр бүхнээ Монгол улсын засгийн газраас, арбитрийн шүүхэд хандаж нэхэмжилнэ гэх мэтээр нутгийн ядарсан иргэд болон аймаг, сумын удирдлага нарыг дааж давшгүй их мөнгөөр дарамтлана шүү гэх сүрдүүлгийг хийсээр энэ удаад ямартаа ч Хятад руугаа буцав.

Шархдуулах нь халгүй, аюулгүй гэх “нөлөөллийн үнэлгээ” гаргагсад:

Увс нуурын ай сав газарт 800 гаруй сая доллар зарцуулж, 500 орчим цооног өрөмдөн газрын тосны хайгуул хийхэд Увс нуурын ай сав газар, тэндэхийн оршин суугчид, байгаль орчин, ус, ургамал, амьтны аймагт “ямар ч сөрөг нөлөөлөлгүй ээ” гэж байгаль орчинд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг халтуурдаж, нилээд өндөр үнээр “хийж” өгдөг этгээдүүдийн дүгнэлт ч ихээхэн эргэлзээтэй гарсан нь ойлгомжтой байгаа юм. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн этгээдүүдээр одоо Монголиа гладвилл увс петролиум ХХК Увс аймгийн Малчин суманд урьдчилсан судалгаа хийлгүйгээр, хар таамгаар, гэрээгээ зөрчиж 1950 метр, 940 метр өрөмдөж цоолчихоод, эргэн тойрныг нь сүйдлэчихээд байгаа тэр хоёр “мөнхийн шарх” нь газар нутаг, хүрээлэн буй байгаль орчинд хал, аюул үлдээсэн эсэхэд дүгнэлт гаргуулмаар байна. Ер нь яаж ч бодсон 2000 орчим метр гүнтэйгээр, 500-аад удаа өрөмдөж цоолон энэ багахан газрыг аймшигтайгаар сийчиж, шарх үүсгэхэд “огт сөрөг” нөлөөлөлгүй байна гэж байх уу?. Өвөг дээдэс маань газарт гадас хатгаад, мартаад хэд хонуулчихад л газрын өр цооллоо, газар шархдууллаа гэж загнадагсан. Тэр үнэлгээг гаргаж өгч буй этгээдүүд нь зөвхөн мөнгө олох шуналын үрээр бидний төрсөн нутагт үхлийн шарх үүсгэх “зөвшөөрөл” олгож буйгаа ухаарч байгаа болов уу?. Эдгээр үхлийн шархыг үүсгэсний дараа Увс нуур болон түүний ай сав газарт ямархуу хор хөнөөл учирч болохыг одоохондоо, бурхан байсан ч хэлж чадахгүй гэдгийг тэр мөнгөний шуналтан буюу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ гэгчийг гаргагчдад сонсгох ёстой. Цаашид тэдний гаргасан тэр хорлон сүйтгэлийн “үнэлгээ”-ний хуурамч болохыг ч тогтоолгох хэрэгтэй.

Үхлийн шарх:

Монголын алдарт зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал” шүлэгт “…Чиний шарх, Зүрхний шархнаас хожидож анина, тал минь…” гэх мөрүүд бий. Эмнэл зүйн шинжлэх ухаанд “шархны биологи” гэх ойлголт байх бөгөөд тэнд шарх үүсэхээс илаарших хүртэлх үеийг хоёр хуваасан байгаа. Эхлээд шарх үүсч – шингэн татах буюу гидратацийн шат, дараа нь шарх хуурайшиж – эдгэрэх буюу дегидратацийн шат гэж. Зохиолч дээр дурдсан шүлгийг бичих үедээ шархны биологи сайтар судласан ч байж болох, эсвэл нөгөө онгод гээч нь бичүүлсэн ч байж магад. Уншигч миний л хувьд зохиолч гайхалтай онож хэлсэн гэж боддог. Хүний зүрхэнд шарх үүсэх, тэр шарх нь насан туршид нь хадгалагдана гэж бодоход тэр хугацаатай нь харьцуулахад газарт үүсгэсэн гүн шарх хавьгүй урт хугацааны дараа аниж, сорвижиж илааршдаг юм билээ. Амьтны шархны тухайд илааршихгүй шууд үхэлд хүргэх нь ч бий. Газрыг ухаж худаг гаргаж буйг амьтны арьсыг зүсэж шарх үүсгэж буйтай адилтгаж үзэж болмоор юм билээ. Худаг ухах үед нарийхан сувгуудаас ус урсаж гарч буй нь арьс, булчингийн эдийг зүсээд шарх үүсгэх үед эдүүдийн доторхи нарийхан хялгасан судсуудаас цус урсан гарч буйтай яг л адилхан байдаг. Миний өнгөц харьцуулалт оновчтой биш ч байж магад. Газар бол амьд зүй тогтолтой гэдгийг л биологийн үүднээс жишиж тайлбарлах гэж оролдож буй нь энэ.

Амьтны биемахбодод үүссэн шарх нь байрлал, шархны өнгөц буюу гүн, үүсгэгчийн хор хөнөөл, шархаар дамжих хордлого, бохирдол зэргээс шалтгаалж тухайн эзэн бодгалийг үхэлд хүргэх үү, илаарших уу гэдэг тавилан нь шийдэгдэнэ. Энэ логикоор бодоход Увс нуурын ай сав, Тэсийн голын сав газар, дэлхийн хамгийн хойд захын баянбүрд Нарийны голын хөндийд Хятадын хөрөнгө оруулалттай “Монголиа Гладвилл Увс Петролиум” компаний олз хайгчдын үүсгэх шарх эх нутгийн маань амь насанд туйлын халтай байх нь эргэлзээгүй. Иймээс л үхлийн шархнаас сэрэмжлэх ёстой.

Галзад овогт ЦЭДЭВИЙН ӨЛЗИЙТОГТОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *