ВАШИНГТОН. /BBC/. Удаан хүлээлгэсний эцэст “J-20” гэдэг радарт үл үзэгдэгч сөнөөгч онгоцыг Хятад улсад анх удаа олон нийтэд үзүүллээ.
Алсын зайд нисэх чадвартай, радарт үл үзэгдэгч энэ онгоц Жухай хотод болсон агаарын шоу үзүүлбэрт оролцсон байна. Уг шоу нь нисэх онгоц үйлдвэрлэгчид болон худалдан авагчдын хувьд хамгийн том цугларалт болоод байгаа юм.
Шинэ сөнөөгч онгоцны талаар зөвхөн блогчид л мэдээлдэг байсан бөгөөд уг онгоц нь Америкийн “Lockheed Martin”-ийн “F-22 Raptor” сөнөөгч онгоцтой нэлээд төстэй гэнэ.
“J-20” сөнөөгч онгоцыг зохион бүтээх төслийг Хятадын нисэх хүчний аж үйлдвэрийн корпорацийн охин компани болох Chengdu Aircraft Industries Group хэрэгжүүлсэн байна.
Гэхдээ энэ сөнөөгч онгоц нь гадаадынханд анх удаагаа танилцуулж буй цор ганц зэвсэг техник биш юм. Тухайлбал, шоуны үеэр Хятадад үйлдвэрлэсэн хамгийн анхны хүнд даацын тээврийн онгоц болох “Y-20”-ийг үзүүлсэн байна. Түүнчлэн одоогоор дэлхий дээр хамгийн томд тооцогдож буй “AG-600” гэдэг усан дээр буугч нисэх онгоц олны анхаарлыг ихээхэн татаж байгаа ажээ. Энэ онгоцыг эрэн хайх, аврах ажиллагаанаас гадна далай дээгүүр эргүүл хийхэд ашиглах юм.
Эдгээрээс гадна, “Xian H-6K” бөмбөгдөгч онгоц болон “Changhe Z-10K” дайрагч нисдэг тэргийг анх удаа танилцуулах төлөвтэй байна.