Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Роберто Бенестэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсад олон жилийн турш дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирснийг цохон тэмдэглээд Засгийн газрын хамтран ажилладаг чухал байгууллагын нэг болохыг онцлов.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберто Бенес Улсын Их Хурлын даргад цаг гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяр хүргэв.

Мөн тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн ирэх таван жилийн үйл ажиллагааны чиглэлийн талаар УИХ-ын даргад танилцуулаад Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ УИХ-тай хүүхэд хамгааллын тогтолцоог сайржуулах, агаарын бохирдлыг бууруулах, хүн амын тэгш байдлыг хангах зэрэг өргөн цар хүрээнд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга М.Энхболд ноён Роберт Бенесийн саналыг улс орны нийгэм, эдийн засаг байдалтай уялдуулан хэрэгжүүлэх тал дээр анхаарах болно хэмээгээд УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар ажиллаж буйг дуулгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *