Categories
мэдээ цаг-үе

Монголбанк “Стэнд бай”-д хамрагдахын тулд хувийн хэвшлээ устгах шийдвэр гаргалаа

Төв банк бодлогын хүүгээ бүхэл бүтэн 4.5 хувиар өсгөчихлөө. Бодлогын хүүг ингэж огцом нэмсэн тохиолдол өнгөрсөн түүхэнд үгүй. 10.5-аас 15 руу үсэрсэн бодлогын хүү эдийн засагт яаж нөлөөлөх бол гэсэн асуултад хариулахын өмнө Монгол банкны тайлбарыг сонирхуулах нь зүйд нийцэх байх. Төв банк албан мэдээндээ “Монголын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал хоёр дахин буурлаа.Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална” гэсэн болхидуу тайлбар хийсэн харагдсан. Өнөөдрийнх шиг эдийн засаг хямарсан цагт хүүгээ өсгөж гөжүүдэлдэг төв банкийг зах зээл хөгжсөн улсаас лав хайгаад олохгүй. Санхүүгийн хямралын үед зарим улс орон бүр бодлогын хүүгээ тэглэсэн туршлага ч харагддаг.

Бодлогын хүүг энгийнээр тайлбарлавал аливаа улсын Төв банкнаас банк болон санхүүгийн байгууллагуудад шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг санхүүжүүлэхэд олгодог зээлийн хүү. Банкууд энэ хүүн дээр тулгуурлаж компани, иргэдэд өгөх зээлийн хүүгээ шийддэг. Бодлогын хүү нэмэгдчихээр банкууд зээлийнхээ хүүг өсгөнө гэсэн үг. Товчхондоо компаниудад зээл өгөхөөс татгалзаж эхэлнэ. Бодлогын хүү өндөр үед банкуудад зээл өгөх сонирхол хэтээсээ төрөхгүй.Эдийн засаг хямарсан энэ үед арай ядан хөл дээрээ тэнцэж яваа үйлдвэрлэгчдэд итгэж зээл өгч, эрсдэл үүрэхийг ямар ч банкны эзэн хүсэхгүй. Тэгснээс ямар ч эрсдэлгүй бизнес болох төв банкны үнэт цаасанд хөрөнгө оруулсан шигээ аж төрөхийг илүүд үзнэ. Хэн ч эрсдлээс зугатаж, ашгийг илүүд үзэх учраас арилжааны банкуудад буруу өгөх аргагүй. Төв банк талаас харвал үнэт цаас нэрээр татаж төвлөрүүлсэн мөнгөндөө бодлогын өндрөөс өндөр хүү төлнө. Энэ улсын санхүүгийн нөөц хөрөнгөнөөс их хэмжээний үргүй зардал гарна гэсэн үг. 2011 онд Монголбанк үнэт цаасны хүүгийн төлбөрт ойролцоогоор 120 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх тоо дуулддаг. Төв банк 2009 оны хямралаар бодлогын хүүгээ яг ингэж чангатгаж байсан юм. Гэхдээ өнөөдрийнх шиг улайрч огцом нэмээгүйг хэлэх хэрэгтэй.

Өнөөдөр үйлдвэрлэл эрхлэгчид, компаниуд бултаараа зээлтэй. Шинээр зээл авч, өмнөх зээлээ төлж, үлдсэн багахан мөнгөөр нь эргэлтийн хөрөнгөө хийж яваа. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх маягаар ажиллаж, зүтгэж, өчнөөн мянган хүнийг ажилтай орлоготой авч яваа нь нууц биш. Тэгвэл ирэх өдрүүдэд компаниудын зах зээлд эргэлдүүлж буй багахан мөнгө төв банк руу шууд татагдана гээд ойлгочихож болно.

Ариун цэврийн цааснаас эхлээд гутлаа хүртэл өөрсдөө үйлдвэрлэж, зарим нь бүтээгдэхүүнээ Европ, Ази руу экспортлоод эхэлсэн үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд модоо барихаас аргагүйд хүрнэ. Эсрэгээрээ гаднаас ариун цэврийн цаас, даршилсан өргөст хэмх зөөдөг бизнес цэцэглэнэ. ОУВС-гийн зөвлөснөөр гэсэн хаяган дор эрс нэмж буй бодлогын хүү үндэсний үйлдвэрлэлээ соёлтойгоор оршуулж байгаа л нэг хэлбэр.

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар “Бодлогын хүүг ингэж өсгөсөн нь банкны секторт ашигтай. Харин бусад аж ахуйн нэгж, иргэдэд маш халтай. Бүх зээлийн хүүг дээш нь 4.5 хувиар татна. Бизнесийн зээл 25 хувь байсан бол одоо 30 хувьд хүрнэ гэсэн үг. Хөрөнгийн биржид бонд гаргахаар төлөвлөж байсан 2-3 төсөл яригдаж байлаа. Бүгд нам зогслоо” гэсэн бол валют, хувьцааны арилжаа хийдэг О.Мөнхжин “Бодлогын xүүг иxэсгэснээр зээл аваx нь багасч, эдийн засагт эргэлдэx төгрөгийн давтамж буурна. Ингэxээр үнийн өсөлт, инфляцийг түр xэмжээнд барьж байгаа юм л даа. Xүүгийн өсөлтөөр үнийн өсөлтийг бариx нэг талдаа сайн талтай ч гэлээ бас нөгөө талдаа эдийн засаг xумигдана. Монгол банкны бодлогын xүү буюу бусад арилжааны банкуудад зээлэx xүү өсөxөөр арилжааны банкуудын xүү дагаад өснө. Үнэxээр л гайxамшиг гэгч зүйл л гарч ирдэггүй юм бол Монголын эдийн засаг ойрын арван жилдээ бол xэцүү дээ xэцүү. АНУ 1980-аад оны үеэр 10 гаруй xувийн бодлогын xүүтэй байсан. 2000-аад он гартал ер нь найман хувиас доош ороогүй” гэж онцолсон байна лээ. Эдийн засагч, шинжээч, энэ зах зээлийг гадарладаг улсууд цахим орчинд энэ мэт шүүмж өрнүүлээд эхэлчихлээ. Ихэнх нь шүүмжилсэн өнгө аястай яриа хөөрөө өрнүүлж байна.

Бодлогын хүү өсөхөөр төгрөгийн ханш чангарна, төгрөгийн ханш чангарахаар хүмүүс долларын хадгаламжаа төгрөг болгоно, тэр хэрээр ноён ногооны ханш суларна гэсэн эерэг гаргалгаа бий. Төв банк ийм хүлээлтээр бодлогын хүүгээ огцом өсгөсөн байх магадлалтай.

Гэхдээ эдийн засаг хэцүү ийм үед хувийнхнаас байгаа мөнгийг нь хуу хамна гэдэг зөв алхам биш. Өнгөрсөн дөрвөн жилд хувийн хэвшлийнхнээ авч үлдэх гэж үнэ тогтворжуулах хөтөлбөр, үйлдвэрлэгчдийг дэмжсэн бага хүүтэй зээл гэх мэтээр дэмжсэн тулдаа монголчууд эдийн засгийн хямралыг тэгтлээ мэдрээгүй. Ажлын байр ихээр шингээдэг салбаруудаа дажгүй нөхцөлтэй зээлийн бодлогоор дэмжсэн учраас Батаа, Дулмаа хоёр ажилтай, ажилтай учраас байрны зээлд хамрагдаж, лизингээ төвөггүй төлсөөр өнөөг хүрсэн юм. Бодлогын хүү огцом чангарсан учраас үндэсний үйлдвэрлэгчид эхнээсээ хаалгаа барьж эхэлнэ. Барилгын салбарт гацсан их наяд шахам төгрөг тэр чигтээ царцаж, зээл авсан барилгын компанийн эздийн хүүгийн дарамт өдөр ирэх бүр нэмэгдэнэ. Чанаргүй зээл гэрлийн хурдаар өсөх нь тодорхой. Барилгын салбар сэргэх төлөв мөддөө харагдахгүй гэхээр бага хүүтэй ипотекийн зээл ч өнөө, маргаашдаа үлгэр болж байна. Бидэнд хамаатай бас нэг аюул бол үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ навс унана. Таны, миний, бидний амьдардаг орон сууцны үнэлгээ гэхэд л түүхэнд байгаагүйгээр уруудах эрсдэл бий. Орон сууцны үнэ унахаар сайн гэж мэтгэх хүмүүс гарч ирнэ байх. Улс даяараа ажилгүй, мөнгөгүй болчихоор байр хэчнээн хямдраад хэнд хүртээлтэй гэж…

Монголбанкны энэ шийдвэр ОУВС-гийн зөвлөгөөнөөс улбаатай гэдэг гаргалгааг учир мэдэх хэн ч төвөггүй хийчихнэ. Үр дүнд нь бид хэцүүдсэн улс арга тасрахаараа гуйдаг “Стэнд бай”-д нь багтана. Хямд хүүтэй хөнгөхөн нөхцөлтэй доллар оруулж ирээд тэдний зөвлөгөөгөөр зарцуулж эхэлнэ. Шуудхан хэлэхэд Н.Баяртсайхан ерөнхийлөгч “Стэнд бай”-д хамрагдахын тулд хувийн хэвшлийнхнээ устгах шийдвэр гаргачихлаа. “Стэнд бай”-н дараа хөрөнгө оруулалт татна, хандивлагчид гоё нөхцөлтэй зээл өгнө энэ тэр гэсэн төлөвлөгөө хүлээлт байж мэдэх юм. Харамсалтай нь “Стэнд бай”-гаар амь тариа хийсэн ядруухан оронтой ижил төвшинд харилцаж, ашигтай бизнес ярих, ногоон валютын хөрөнгө оруулалт хийх улс, бизнесмэн ойрын нэг, хоёр жилдээ лав гарч ирэхгүй. Засгаас бонд энэ тэр гээд арай эрүүл хувилбар ярьж байгаа сураг дуулдсан ч эхний ээлжинд “Стэнд бай”-даж амьтай голтой алхцгааж буй хувийн хэвшлийнхнийхээ амийг таслахаар шийдсэн бололтой. Бодлогын хүүгийн огцом өсөлт ингэж хардахаас аргагүйд хүргэж байна.

ДНБ-ий өсөлт нэмэх гурван хувь дээр байгаа. Хувийнхнаа, үйлдвэрлэгчдээ нугаслачихаар ирэх жил хасах руу орох нь тов тодорхой. Арай гэж хөл дээрээ тэнцээд алхах гэж ядаж байгаа үйлдвэрлэгчдээ төр нь өөрөө цохиод унагачихаж байгаатай ялгаагүй эд л дээ.

Үр дүнд нь зарим нэг арилжааны банк дампуурах эрсдэл ч бий гэж шинжээчид хэлж байна. Тэр үед засаг баригчид “Зах зээлийн жамаар сайн нь үлдэж муу нь уналаа” гээд мөрөө хавчицгаана. Бүүр хойно нь “Банк оф Чайнаг оруулахаас аргагүй” гэцгээнэ. Мэдээж дараа нь Таван толгойг хөдөлгөнө. “Өөр арга байсангүй ээ” гээд хүчээр хөдөлгөж таарах болов уу. Зах зээлийнх нь жамаар, энэ улсад ашигтайгаар хөдөлгөөсэй гэсэн найдлага л үлдэж байна даа.

Англи, Герман, Япон зэрэг хүчирхэг улс бодлогын хүүгээ өсгөхгүй байхад анхаарч, эдийн засаг хэцүүхэн үед компаниудаа тэтгэсэн бага хүүтэй зээлийн бодлого явуулдаг. Бүр дампуурах гэж байсан том компаниудаа төрөөс нь дэмжиж өндийлгөсөн жишээ өчнөөн бий. Гэтэл манайд эсрэгээрээ бодлогын хүүгээ хоёр оронтой тоонд байлгаж, нэг дор дөрөв гаруй хувиар нисгэж, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчдээ сөхрөөх шийдвэр гаргаж, тэрийгээ улсаа аврах зоригтой алхам гэж тайлбарлаж байна.

Зүй нь эхлээд их наядын алдагдалтай төсвөө эрүүлжүүлээд, дэд сайд гэх мэт элдэв шалдав дэмий шахуу зардлуудаа танаж, дараа нь мөнгөний бодлого руугаа орсон бол МАН-ыг нийгэм арай өөрөөр харах байлаа. Дорж, Дулмаа ажилгүй, байрны зээл хөөцөлдөж байсан Цэцгээгийн төлөвлөгөө мөрөөдөл төдий үлдэж, бизнесээ эхлээд хүсэл дүүрэн алхаж явсан үйлдвэрлэгчид хаалгаа барьчихаар доллар мянга хэдэн зуу руу уруудаад маньд ямар нэмэр байхав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *