Categories
мэдээ цаг-үе

Ш.Мардаан: Газар тариалангийн салбарыг хэн дуртай нь, хар таамгаар удирдаад амжилт олохгүй

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаантай ярилцлаа.

-Газар тариалангийн салбарт ээлтэй сайхан зун болж байна. МАН-аас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад “Сод монгол” группийн захирал Ц.Анандбазарыг нэр дэвшүүлсэн ч түдгэлзүүлчихлээ. Энэ салбарт нэг насаараа зүтгэсэн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ удаагийн сонгуульд МАН-ынхан олонхи болж Засгийн газрыг дангаараа барьж байна. Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Хөдөө аж ахуй ялангуяа газар тариалан эрхэлдэг бидний хувьд олон тааламжтай зүйл тусгагдсан байна. Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвор суурьшилтай хөгжүүлэхэд төр засгаас дэмжиж, ургац хураалт дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, гадаадад экспортлох чиглэлийг баримтлан ажиллана гэсэн амлалт бий. Мөн МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Энэ чиглэлийг бодож үзэх юм бол Хүнс хөдөө аж ахуйн яамны сайдад “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг тавина гэдэг тариаланчдад их тааламжтай сонсогдож байна.

-Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж тодорхойлсон нь ямар учиртай гэж та бодож байна?

-Харин үүнийг л сайн ойлгож өгөхгүй байна. Тариа тарьдаг хүн сайд болохоор ашиг сонирхлын зөрчил бий болно гэсэн яриа гараад байгааг. Энд ямар юмных нь ашиг сонирхлын зөрчил байдаг юм бэ. Харин ч энэ салбарын зовлон жаргалыг мэдэж байгаа хүн илүү сайн удирдах байх гэж бодож байна. Түрүүчийн Засгийн газрын үед ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тариа тарьдаг, тариалангийн ажлыг ойлгодог хүн байсан. Тийм учраас Засгийн газраас үр тарианы урамшууллын 60 мянган төгрөгийн асуудал яригдахад нэлээд гүйж тэмцсэн байх гэж боддог. Тэгэхээр энд нэг их буруу зүйл байхгүй болов уу. Газар тариалангийн салбар бол маш хүнд. Хэн дуртай нь хар таамгаар эрхлээд амжилтанд хүрдэг салбар биш. Хамгийн энгийн жишээ хэлэхэд би агрономич хүн. Алт ухаад ямар ч амжилт олохгүй. Үүнтэй л адил. Уул уурхайн хүн авчраад хөдөө аж ахуйн сайдаар тавих юм бол улс орны хөгжлийн чухал салбар урагшлахгүй гэдгийг төр засаг ойлгох биз ээ.

-Энэ хүнийг та хэзээнээс эхэлж мэддэг болсон бэ?

-1990-ээд оны сүүлээр Сэлэнгэ аймгийн Ерөөд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, тариа тарьж байна гээд бондгор цагаан залуу давхиж явсан. Хэсэг хугацааны дараа Төв аймгийн Эрдэнэсантад мөн тодорхой хэмжээний тариалалт эрхэлж байна гэж сонсогдсон. Газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил хутгалдаж, зовлон жаргалыг нь ойлгож алдах үедээ алдаж, онох үедээ онож явсан хүн. Үүнээс гадна Ц.Анандбазар Газар тариалангийн шинжлэх ухааны талаар докторын зэрэг хамгаалах дессертацийн ажил хийж байгаа. Докторын зэрэг хамгаалах гэж байгаа хүнд энэ салбарын талаарх мэдлэг гарцаагүй хуримтлагдаж таараа. Надад хадаг барьж шавь орсон олон сайхан хүн бий. Өнөөгийн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат, Ц.Анандбазар хоёр тэдний нэг. Миний хоёр шавь “уяраа” олох байх аа. Докторын ажлынх нь практикийн багшаар би ажиллаж байна. Энэ салбарт асуудал хүнд гэдгийг ойлгож байгаа. Төрийн сайд гэдэг бол улс төрийн томилгооны ажил. Тэр болгон мэргэжлийн хүн авч томилоход төвөгтэй. Гэхдээ МАН улс төрийн эр зориг гаргаж, энэ мэргэжилд ойр хүн тавих гэж байгаад тариаланчид бид тааламжтай байна. Хөдөө аж ахуйн яамны газрын дарга, ахлах мэргэжилтнүүдийг хичнээн агрономич, шинжлэх ухааны доктор хүмүүсээр тавилаа гээд сайд нь өөр мэргэжлийн хүн байх юм бол асуудлыг шийдэхэд хүнд. Ерөнхий асуудлыг шийдэх Засгийн газрын гишүүн сайд хөдөө аж ахуйн ажилд ойр хүн байвал энэ салбарын асуудал нааштай шийдэгдэнэ.

-Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал ямар түвшинд байна. Төр засгаас хэрхэн дэмжиж байгаа вэ?

-МАН 2008 онд “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг сэргээж хэрэгжүүлснээс хойш газар тариалангийн салбар сэргэж хөл дээрээ боссон. Гэхдээ яг тогтворжсон гэж хэлэхгүй. Одоо эмзэг үе дээрээ явж байна. 2015 онд улсын хэмжээгээр ургац алдсан асуудал бий. Тариалангийн аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа. Зарим нь энэ намрынхаа ургацыг авч чадах уу, үгүй юу, эдийн засгийн дэмжлэг туслалцаа хаана байна гээд сандарцгааж байна. Байгаа бүх бололцоогоо дайчлаад уриншаа авч байгаа. Түрүүчийн Засгийн газар энэ салбарыг дэмжинэ, сарын нэг хувь, жилийн 12 хувийн хүүтэй зээл олгох амлалт өгсөн боловч амлалтаа биелүүлж чадаагүй. Өнөөг хүртэл тариаланчид хөгжлийн банкнаас тэр зээлийг аваагүй байна.

-Ер нь гадны улс орнууд Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа хэрхэн дэмждэг бол?

-Аль ч улс оронд хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл төрийн дэмжлэгэнд байж ард түмнээ хүнс тэжээлээр хангадаг жишиг тогтсон. ОХУ гэхэд бүх тариаланчдадаа шатахууныг нь хямдралтай үнээр олгож, бордоо хор рецептийн 10 хувийг тариаланчид төлж, 90 хувийг нь төр дааж байна. Урд хөрш Хятадад техник тоног төхөөрөмжийг нь 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож, тариаланчдадаа хавар болгон хүүгүй зээл олгодог. Бидний ярих дуртай Америк, Канадад газар тариалангийн салбар улсын даатгалтай байдаг. Би олон жилийн дунджаар нэг га-гаас 15 центнер ургац авдаг байжээ гэж бодъё. Энэ жил тааруухан жил болоод нэг га-гаас есөн центнер ургац авлаа гэхэд үлдсэн зургаан центнер ургацын зөрүүг улсын төсвийн хөрөнгөөс шууд олгоно гэсэн үг. Дэлхийн улс бүрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ дэмжиж, хамгаалж, төрийн бодлогоор авч явдаг дэлхийн туршлага байна. Энэ туршлагын нэг хэсгийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлж, буудайн урамшууллын 60 мянган төгрөгийг шийдвэрлэж олгосон нь тариалангийн үйлдвэрлэлд их дэмжлэг болсон. Юмыг гадарладаг, мэддэг хүмүүс төр засгийг удирдаж байгаа үед асуудлыг шийдвэрлэж болдог юм билээ. Ийм хүмүүсийн нэг нь Ц.Анандбазар байх болов уу гэж бодож байна.

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Анандбазар томилогдвол тариаланчид та бүхэн ямар асуудлыг шийдвэрлэнэ гэж итгэж байгаа вэ?

-Үе үеийн Хөдөө аж ахуйн сайд нар энэ салбарт нэг нэг зүйл хийж үлдээсэн байдаг. Т.Бадамжунай сайдын үед буудайн урамшууллын жаран мянган төгрөгийн асуудал шийдэгдсэн. Д.Насанжаргал сайд уриншийн боловсруулалтын асуудлыг төрийн дэмжлэгээр сайжруулсан. Д.Тэрбишдагвын үед “Атрын гуравдугаар аян”-ы асуудал шийдэгдсэн. Монгол Улс 120 мянган га газарт тарьдаг байснаа болиод 350-400 мянган га газарт тариалдаг болсон. Газар тариалангийн салбар өртөг өндөртэйгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Яагаад гэхээр бид чинь шатах, тослох материал сэлбэг, техник бүх л зүйлээ гаднаас импортолдог. Ялангуяа газар тариалангийн үйлдвэрлэлийн нийт зардлын 40 орчим хувийг эзэлдэг шатахууны асуудал жил ирэх тусам үнэ өртөг нь нэмэгдэж, үйлдвэрлэлийн үр дүнд тааламжтай бус нөлөө үзүүлж байна. Монголын шатах, тослох материал нийлүүлдэг компаниудын магнат болоод байгаа “Сод монгол” группийн ерөнхийлөгч Хөдөө аж ахуйн сайд болвол энэ асуудлыг нааштай шийдээд өгөх болов уу гэж бодож байна. Энэ асуудлыг шийдэх гэж манай Хөдөө аж ахуйн яам, Тариалан дэмжих сангийнхан бүтэн жил толгойгоо гашилгадаг. Энэ хүн сайд болвол ирэх дөрвөн жилийн хугацаанд газар тариалангийн үйлдвэрлэлийг тодорхой түвшинд дээшлүүлнэ гэдэгт итгэж байгаа. Хөдөө аж ахуйг удирдана гэдэг бол тодорхой хэмжээний аж ахуйн ажил. Тэгэхээр шинжлэх ухааныг аж ахуйн ажилтай нийлүүлж удирдвал үр дүнд хүрнэ.

-Багш хүний хувьд шавийнхаа талаар, хувь хүн талаас нь дүгнэж хэлбэл?

-Монгол орон зах зээлийн нийгэмд 1990-ээд оны эхээр шилжсэн. Шилжихдээ хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл хамгийн сүүлд зах зээлд шилжсэн. Төрийн бодлогоор газар тариалангийн үйлдвэрлэл рүү монгол хүний хүнсний гол хэрэгцээний нэг гурилынхаа үнийг тогтвортой байлгах гэж аль ч төр засаг боддог. Тэгж бодож байх үедээ газар тариалангийн үйлдвэрлэл өсөх ёстой буудайны үнийг хатуу барьсаар ирсэн. Ерээд оны сүүлээр яг энэ үед Анандбазар газар тариалангийн үйлдвэрлэл дотор орчихсон явж байлаа. Тэгэхээр би энэ хүнийг хүн чанар муутай гэж бодохгүй байна. Ер нь тариаланчид бид чинь ашгийн төлөө явдаггүй. Үндсэндээ буянтай үйлс хийж явдаг хүмүүс. Дэлхийн тэрбумтнуудын жагсаалт гэж бий. Тэнд тариа тариад, гурил хийгээд тэрбумтан болсон хүн байна гэж дуулсан уу. Байхгүй. Энэ салбар бол ашиг хонжоо олох гэсэн хүний хийдэг ажил биш. Ийм аж ахуй, ийм ажил руу тэгж зүтгэж байна гэдэг бол хүнлэг сэтгэлийн, хүн чанарын нэгэн илэрхийлэл гэж ойлгож болно. Ер нь хүнийг том жижиг гэж ялгалгүй бүгдтэй нь адил түвшинд харилцаж явдаг залуу. 2000 оны эхээр би чинь нэрд гараагүй, Сэлэнгийн гайгүй тариаланч л гэгдэж байсан. Тэр үед надаас ирж янз бүрийн юм асууж, лавладаг байлаа. Үүнээс би шавийгаа их мундаг школтой, дадлага туршлагатай, юм мэддэг хүнээс нэг ч гэсэн зүйл суръя гэж боддог хүн юм байна гэж үнэлсэн.

Б.НАРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *