Зургаан удаагийн олимпийн аварга Усэйн Болт яах аргагүй ирэх наадмыг чимэх тавилантай од нь мөн билээ. “Хөнгөн атлетик миний ялалтуудаар дутна. Хөлбөмбөгт хэн мундаг нь вэ гэдэг маргаан үргэлжийн байсан. Харин хөнгөн атлетикт, тэр тусмаа хэн хамгийн хурдан хүн бэ гэдэгтэй ямар ч “амьтан” маргадаггүй биз дээ. Намайг зодог тайлахаар энэ спорт уйтгартай болчихно гэж ярьдаг л юм. Үүнтэй санал нэг биш байна. Харин над шиг авьяаслаг залуу энэ хорвоод дахин мэндлээд миний амжилтуудыг эвдэхийг харна гэвэл урт хугацаа өнгөрөх байх шүү” гэж тэр нэгэнтээ ярьсан юм. Өдгөө 29 настай ямайк залуу “Рио2016”-д оролцоод зодог тайлж магадгүй байгаа. Анх 17 настайдаа Афины олимпод оролцож тавхайны гэмтлээс шалтгаалан гавьтай амжилт гаргаж чадаагүй ч гэлээ дараагийн хоёр олимпийн наадмаас 100, 200 метрийн зайд хос алтан медаль хүртсэн тэр энэ амжилтаараа дэлхийд ганцаараа гэж цоллуулдаг.
Түүнтэй La Gazzetta Dello Sport сонины сэтгүүлч саяхан уулзаж, олимпийн тухай бодол санааг нь сонирхжээ.
-Усэйн, таны ирэх наадмын бэлтгэл хэр хангагдсан бол. Гурван алтан медаль авах боломж бий юу?
-Он гараад овоо хэдэн тэмцээн болсон шүү дээ. Тэдгээр дотор энэ л тамирчин цойлох нь дээ гэхээр өөрчлөлт харагдаагүй. Өөрийн хувьд хэлэхэд 100 метрийн гүйлтээс их зүйл шалтгаална. Хэрвээ би богино зайдаа түрүүлж чадвал цаашаа үйл явдал тун ч лут үргэлжилнэ гэж бодож байна. Мөрөөдөлд хязгаар алга.
-Өрсөлдөгч нараа басамжлаад байгаа юм уу даа?
-Үгүй ээ, тэгж бодоогүй. Уг нь өдийд, олимпийн жил амжилт үзүүлье гэж байгаа спринтерүүдийн дундаж хугацаа зууд 9.6-9.7секунд байх ёстой юм. Гэхдээ ийм үзүүлэлтүүдийг олимпийн наадамд гаргаж эхэлнэ гэдэгт тун итгэлтэй байна шүү. Бараг л хүүхнүүд ч гэсэн чадна даа.
-Хүмүүс таны амжилт гаргасан хоёр олимпийг мэддэг. Гэтэл та гурван удаа зуны олимпод дараалан оролцсон шүү дээ.
-Тийм шүү. 2004 оны Афины олимпод оролцох үедээ 17 настай бацаан байлаа. Сонгоны гараануудад хэт хичээж гүйгээд бэртэхгүй юу. 200 метрийн гүйлтэд тавдугаар байр эзлээд олимпийн жилээ дуусгаж байсан. Хуучин гэмтэл буюу тавхайны гэмтлээсээ шалтгаалаад олигтой амжилт үзүүлээгүй. Гэхдээ тэр наадам надад том туршлага үлдээсэн юм шүү.
-Тэгээд Бээжингийн ээлж ирсэн?
-Өөрийнхөө эхний ялалт, амжилтыг мартах аргагүй юм. Олимпийн намтруудын маань хамгийн “амттай” хэсэг нь дээ.
-Гольф болон Регби зуны олимпийн наадамд эргэн ирж байгаа тухай сонсоо л байлгүй дээ. Таны бодол?
-Миний бодлоор бол гольфчид олимпийн наадмыг нэг их сонирхохгүй байх. Олон топ гольфчид оролцохгүй гэсэн. Тэдний хувьд олимп тийм сонирхол татахаар зүйл биш.
-Та өөрөө үзэгчийн хувьд ямар төрлийн тэмцээнүүдийг үзэх вэ?
-Сагсан бөмбөг, усанд сэлэлт тэгээд мэдээж хөлбөмбөг. Неймартай биечлэн уулзаж танилцана гэж бодож байгаа. Бидний бие төлөөлөгчид уг нь хоорондоо учирч холбогдож байсан боловч яг нүүр, нүүрээ тулаад танилцаж чадахгүй л яваад байна. Аль нэгнийх нь бэлтгэлийн график заавал зөрж таараад байх юм.
-Дэлхий өнөөдөр амгалан биш болжээ. Та бидний хэн нь ч алан хядагчдын бай болох боломжтой болчихож. Хувийн хамгаалалтын тал дээр хэр зэрэг чанга бэлдсэн бэ?
-Би энэ тал дээр юу ч бодоогүй байгаа шүү. Тэгвэл яах бол, ингэвэл яах бол гээд элдэв зүйлээр толгойгоо гашилгаад эхэлбэл би яаж тэмцээндээ амжилттай оролцох вэ. Хүмүүс миний уралдахыг л харах гэж цэнгэлдэхэд очно шүү дээ.
-Амьдралд тань дутагдаж буй ямар нэгэн зүйл бий юу?
-Уг нь дахиад нэг гадаад хэл сурах юмсан гэж бодно оо. Нью-Жерсид нэг найз маань амьдардаг юм. Түүнтэй хоёр жил онлайнаар харилцаж испани хэл сурч байгаа ухаантай. Тэрүүхэндээ хатагтай нартай харилцах хэмжээний сурсан гэж бодтол шал худлаа байна лээ.
За, нэг ийм л залуу Бразилийг “доргиох” гэж оччихоод байгаа билээ. Неймараар ахлуулсан Бразилийн шигшээ аваргална, тэгээд өөртэй нь адил алдартай тэр бразил залуутай танилцаж ах дүүс болно, ер нь хөлбөмбөгтэй холбоотой бүх зүйлд “ухаан алддаг”, “Манчестер Юнайтед”-ын үнэнч фэн Усэйн Болт хэрвээ дахиад нэг алтан медаль хүртвэл богино зайд зуны олимпод хамгийн олон удаа аваргалсан тамирчин гэж цоллогдох юм. 9.58 секундэд зуун метрийг туулсан түүн шиг хүн хорвоод одоохондоо үгүй.
Д.Бат-Эрдэнэ