Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Төсвийн орлого 70 хувиар тасарна гэдэг бол энэ улсад татвар төлөх компани огт үлдэхгүй гэсэн үг

Өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 11 цагт Ардчилсан намын дарга асан З.Энхболд, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн мягмар гаригт Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр 2016 оны төсвийн алдагдал оны эцэст 5 их наяд хүрнэ гэсэн билээ. Энэхүү асуудлыг Ардчилсан намын дарга асан З.Энхболд “Хариуцлагагүй мэдэгдэл. Энэ мэдэгдэл нь гадаад болоод дотоодод сөрөг мессеж болж тусаж байна. Олон улсын зах зээл дэх Засгийн газрын бондын ханшийг унагалаа” гэлээ.

Мөн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан нь буруу” хэмээн хэлсэн бөгөөд Сангийн сайд Б.Чойжилсүрэнг худал мэдээллээр гүжирдсэн хэмээн мэдэгдэв.

Ардчилсан намын дарга асан З.Энхболд “Улсын төсвийн алдагдал оны эцэст 5 их наяд төгрөгт хүрнэ гэсэн байна. Манай улсын төсвийн нийт орлого чинь 7 их наяд төгрөг шүү. Тэгэхээр улсын төсвийн орлого 70 хувиар тасарна гэдэг бол энэ улсад татвар төлөх компани огт үлдэхгүй гэсэн үг. Тэгэхээр ийм зүйл хэзээ ч болохгүй. Монгол банкнаас гаргасан тайлан, мэдээлэл Монголчуудад ил тод байгаа. Гэтэл үгүй юм шиг ярих юм” хэмээв.

Харин Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “ Манай улсын өр зээл 25.6 их наяд төгрөгт хүрсэн байна гэнэ. Төр засагт ийм өр байхгүй. Бусад улс ДНБ-ээсээ 200 –аас бүр хэд дахин их өртэй байдаг. Манайх ийм их өргүй. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн талаар буруу мэдээлэл өгч хорлож байгааг ойлгохгүй байна. Худал мэдээлэл тарааж улайм цайм гүжирдэж байна” хэмээн хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *