Categories
мэдээ улс-төр

“Ирээдүйн хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай “Ирээдүйн хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав. Санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа. “Ирээдүйн хотууд” хөтөлбөр нь бүс нутгийн хүрээнд хэрэгжих техникийн туслалцааны төсөл бөгөөд уг хөтөлбөрийг Азийн таван оронд хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөл нь “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг дэмжих ухаалаг систем, орон нутгийн санхүүжих механизмыг сайжруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих олон улсын платформыг Монголд нэвтрүүлэх зэрэг дэд төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн “Ирээдүйн хотууд” хөтөлбөр нь уялдаа холбоо бүхий хот төлөвлөлт, мэргэжлийн түвшинд хийх хот төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэж, төсөл хэрэгжүүлж байгаа орнуудтай хамтран ажиллах юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “ Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байдаг агаар, хөрсний бохирдол, нийтийн тээвэр зэрэг олон ажилд хамтран ажиллаж ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд Азийн хөгжлийн банк, Улаанбаатар хоттой хамтран ажилладаг гол байгууллага болж байгааг дуулгахад таатай байна. Азийн хөгжлийн банкнаас Азийн таван оронд хэрэгжүүлж байгаа “Ирээдүйн хотууд” хөтөлбөр”-т Улаанбаатар хот багтсанд баяртай байна. Цаашид олон ажилд идэвхтэй хамтран ажиллах болно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *