Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэболд: Буддын сургаал Харвардын манлайллын хөтөлбөрийн язгуур болж яваа

Сүхбаатарын Эрдэнэболд эрх зүйч мэргэжилтэй, МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Индианагийн их сургуулийн хуулийн сургуулийг дүүргэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв. “Эзэнт гүрний туульс” номын зохиогч. Тэрбээр саяхан Харвардын их сургуулийн Кенедигийн нэрэмжит сургуулийн Төрийн удирдлагын магистрын хөтөлбөрт нэг жил суралцаад ирсэн юм. Түүнтэй ярилцлаа.

-Наадмын өмнөхөн та эерэг сэтгэлгээний тухай Японы бага сургуулийн сурагчдад сургалт хийсэн. Монгол залуус бусад улс орнуудад эерэг сэтгэлгээ түгээсэн нь сонирхолтой санагдлаа?

-Маш олон зүйлээс улс орны хөгжил шалтгаалдаг ч хамгийн чухал нь улс орон сэтгэлгээний хувьд нэгдмэл, үнэт зүйл язгуур чанартай байх гэж ойлгосон. Жишээлбэл, 2010 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испани түрүүлсэн. Гэтэл ДНБ нь 2,5 хувиар өссөн байна. Яагаад гэхээр “Бид дэлхийн аварга болчихлоо” гэсэн баяр бахдал нь хүмүүст урам зориг өгч л дээ. Урамтай хүн ажлаа ч сайн хийдэг, бүтээмж нь ч сайжирдаг юм байна. Сая АСЕМ болохоос өмнө янз бүрээр хэлж байсан ч яг хурлын дараа дийлэнх нь эерэг сэтгэгдэлтэй үлдсэн. Хамгийн гол нь хууль дүрэм, ямар нэг эдийн засгийн онолоор асуудлыг шийдэх гэхээсээ хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт чухал юм байна л даа. Шүлсээ гудамжинд хаях, тамхи татахыг хориглосон хууль гарсан ч хүмүүс чин сэтгэлээсээ хүлээж авахгүй бол хэрэгжихгүй. Улс орнууд эерэг сэтгэлгээний хандлагыг төлөвшүүлэх хичээл хүүхдүүдэд багаас нь заадаг юм билээ. Үндэсний бахархал мэдрэмжийг тээсэн иргэн болгож хүмүүжүүлэхэд багаас нь анхаарч байна л даа. JCI Монгол байгууллагын залуус бид энэ төслийг хэрэгжүүлж байгаа. “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийг хоёр жилийн өмнөөс эхэлсэн юм. Ноднин арав гаруй аймагт очиж хүүхдүүдтэй уулзаж, сургалт хийсэн. Улаанбаатар хотын олон сургуульд зочиллоо. Зөвхөн сурагчдад төдийгүй насанд хүрэгчдэд, байгууллагуудын урилгаар очиж энэ тухай ярьсан. Манай төслийн залуус Өвөрмонгол, Хятадын хэд хэдэн муж, монголчууд амьдардаг хотуудад ажилласан л даа. Саяхан Солонгос явлаа. Би Японд очиж сургалт хийж бас давхар судалсан юм. Японд бага ангийн багшийн цалин дунд, ахлах ангийн багшийнхаас өндөр байдаг. Яагаад гэвэл бага ангийн багш япон хүнийг бэлтгэж байна гэж үздэг юм билээ. Япон хүнийг хэрхэн бэлтгэж байгааг судалсан. АНУ-д сурч байхдаа ч дунд сургуульд лекц унших завшаандаа ямар үзэл санааны тулгуурыг багаас нь заадгийг сонирхдог байв. Бид энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэнгээ туршлага хуримтлуулж, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулахыг санал болгох юм. Эерэг сэтгэлгээг түгээхэд 100-гаад залуус идэвхтэй оролцдог.

-Эцэг эхчүүд хүүхдээ эерэг хандлагатай, өөдрөг хүн болоосой гэж хүсдэг. Ийм байхын тулд анхаарах ёстой зүйлүүд юу вэ?

-Судалгааныхаа шатанд яваа учраас нарийн зөвлөгөө өгч чадахгүй. Сүүлийн хоёр жил энэ чиглэлээр цалин мөнгөгүй ажилласан олон залуус бий. Эерэг Энхбаатар гэж нэрлэгдсэн залуу хүртэл байдаг. Би гурван хүүхдийн аав. Надад юу ажиглагдсан гэхээр хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсох хэрэгтэй юм байна лээ. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ амьд харилцаатай байх нь чухал. Хүүхэд нь уйлахаар утсаа бариулаад аргалчихдаг. Үүний оронд аль болохоор хүүхдэдээ үлгэр тууль уншиж өгч, багаас нь ярилцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болоход туслах хэрэгтэй юм билээ. Би бол хүүхдэдээ “Нууц товчоо”-г цээжлүүлдэг. Эргэн тойронд гадаад үг хэллэг маш их байна. Телевиз, цахим ертөнцөд ч бид гадаад үг хэллэг, контентыг хязгаарлаж чаддаггүй. Жишээлбэл, Хятадад зарим хүүхэлдэйн кинонуудыг хориглож, өөрсдийнхөө хүүхэлдэйн киног гаргадаг. Соёлтой орнуудад хүүхдэдээ юу үзүүлэх, үзүүлэхгүйгээ шийдчихсэн. Манайхан бол мэдээллийн замбараагүй урсгалтай. Аль болох тэр орон зайг нь амьд харилцаанд шилжүүлэхийг хичээдэг. Ном уншиж өгөөд “Чи эндээс юу ойлгож байна вэ” гээд ярилцдаг. Энэ л хүүхэд багаасаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зөв хандлагатай хүн болоход нөлөөлөх юм шиг санагдаж байна.

-Саяхан Харвардад суралцаад ирсэн гэсэн. Нүүр номдоо бичсэн нэг өгүүлбэр чинь таалагдсан л даа. “Харвардад заасан хамгийн том сургаал бол хүнээрээ байх тухай” гэсэн байна лээ?

-Янз бүрийн хичээлүүд орж байлаа. Гол тулах цэг нь юу гэхээр зөв хүнийг бэлтгэх ёстой л гэж үздэг юм билээ. Хамгийн сонирхолтой нь Буддизмын гүн ухаан баруунд ялангуяа Харвардын манлайллын онолоос ханхалж байв. Жишээлбэл “Энэ ертөнцийн хамгийн хол аялал юу вэ” гэсэн асуулт байгаа юм. Тархинаас зүрх хүртэл зай бол хамгийн хол аялал гэнэ. Энэ бол Буддын сургаал. Гэвч Харвардын Манлайллын хөтөлбөрийн язгуур болж яваа. Харвард гэхээр л барууны суртал заагаад, америкжуулаад байдаггүй. Тухайн хүний оролцоотойгоор өөрийг нь нээх хичээлүүдийг л их ордог. Хамгийн энгийн жишээ гэхэд л “Таны сул тал юу вэ”, “Та ямар алдаа гаргаж байв”, “Танд ямар бэрхшээл тохиолдож байсан бэ, үүнээсээ та ямар сургамж авсан юм бэ”. Гол философи нь маш даруу, хүнлэг бай гэдэг. Хүнлэг байх нь ямар нэг албан тушаал, эд хөрөнгөөс үнэтэй. Түүхэнд үлддэг өв бол хүн чанар. Хүн чанартай хүн бол хүссэн хүсээгүй манлайлаад явчихдаг. Хүн чанаргүйгээр эд хөрөнгө, нэр төр, алдар хүндийн төлөө явсан хүн үнэнд гүйцэгдэж унадаг. Гол философи нь ийм.

-Өөрөө хог түүдэг хоёр хүнтэй эрээлж цээрлэлгүйгээр тэврэлдээд зургаа авахуулсан байхыг харсан. Тэдний духан дээрх гүн үрчлээ таны бүтээлийн санаа болсон гэсэн үү?

-Би “Эзэнт гүрний туульс” гэж ном гаргасан юм. Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн үг байдаг. “Гэнэн хэрсүү нийлж дүүрэн болдог, гэрэл харанхуй нийлж бүтэн болдог” гээд. Хүн төгс байхыг хүлээвэл хэзээ ч тийм байж чадахгүй. Алдаа оноотой ч өөрийнхөө зөв гэж үзсэн алхмыг хийх ёстой. Нэг их ухаантай юм бодсон ч ямар нэг үйлдэл хийхгүй бол хоосон мөрөөдөл болно. Эсвэл огт бодохгүйгээр цээжээ дэлдээд гүйвэл бас хоосон болчихдог. Аль болох бусдыг сонсч, зоригтой алхам хийх хэрэгтэй шиг байгаа юм. Зориг гэдэг харьцангуй ойлголт. Бусад хүн юу хэлэх бол гэж хүлээх нэг өөр. Аливаа юмыг урагшлуулах гэж зүтгэх бас өөр. Ажил хийсэн хүн зэмлүүлэх нь олон. Би “Тэнэг хүний зориг нь их” гэдэг л алхам хийсэн юм. Монголд түүхэн туульсын өв багатай. Харин баатарлаг туульсын өв ихтэй. Зарим судлаач 700, зарим нь 1200 баатарлаг туульс бий гэдэг. “Жангар”, “Гэсэр” гээд л та мэднэ дээ. Киргиз гэх орнуудад түүхэн туульс олонтой. “Манас” гэдэг ч юм уу. Надад ямар бодол төрсөн гэхээр Монголын түүхийг маш олон янзаар гуйвуулдаг нь олон шалтгаантай. Нэгд, бид өөрсдөө түүхийг гуйвуулах үндсийг тавилцсан. XIII зуунд бид маш олон хотыг эзлэх явцдаа одоогийнхоор бол пи ар буюу тухайн үеийнхээ мэдээллийн технологийг ашиглаж байжээ. 1220 онд Монголын эмэгтэй элчин төлөөлөгч тухайн үеийн Солонгост очоод 1000 авдар цаас авсан байгаа юм. Тэр цаасаа Ойрхи Дорнодод болж байсан дайны үед ашиглаж, бичгийн соёлтой ард түмний давуу талыг сул тал болгож “Монголчууд бол ийм ийм хүчтэй ард түмэн. Та нар зүгээр л бууж өг” гэх мэтээр ухуулах хуудсуудыг сонгуулийн сурталчилгааны материал шиг л маш олон хотуудаар тараажээ. Тэр нь монголчуудаас айх айдсыг бий болгож, хохирол багатайгаар олон хотуудыг эзэлж байсан. Том гүрэн байхын тулд айлгах пи арыг явуулчихаад дараа дараагийн үедээ тэр пи араа залруулалгүй алдчихгүй юу. XVI- XVII зууны үеэс баруунд шинжлэх ухаан, технологи хөгжихдөө хүчний нэр томьёог монголойд гэдэг ч юм уу монголчууд бол аймшигтай харгис хүмүүс гэх төсөөлөл хүн төрөлхтний тархинд буучихсан.

XX зуун гарсан ч мэдээлэл хаалттай, түүх соёлын хувьд хязгаарлагдмал нөхцөлд бид байсан. XXI зуун тулж ирэхэд өөрсдөө дэлхийн зах зээлд Монголынхоо түүхийг өгүүлсэн бүтээлийг экспортлох хэрэгтэй боллоо. Мартагдсан, тасарсан, гуйвагдсан түүхээ өөрсдөө нийлүүлэх, үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэр зорилгоор би энэ номыг бичсэн юм. Номоо бичих үедээ шөнө нь XIII зуунд аялаад, өдөр нь XXI зуундаа амьдардаг байлаа. Бичиж байгаа сэдэвтээ хэт автахаар нүдний харц хүртэл өөр болчихдог. О.Сүхбаатар багш, Г.Аким гуай, Ш.Бира гуай, Б.Сумъяабаатар гуай зэрэг олон сайхан хүмүүстэй уулзаж, тэднийг дагаж Монголын түүхэнд үлдсэн тэмдэглэлт газрууд, байлдан дагуулалт өрнөсөн нутаг орноор явсан л даа. Чингис хаан мориноосоо унаж, хүзүүндээ шарх авсан газрыг ч үзлээ. Олон газраар явж төсөөлөлтэй болсныхоо дараа түүхийн эх сурвалждаа тулгуурлан “Эзэнт гүрний туульс”-аа бичсэн. Тэгэхэд харсан болгон ямар нэгэн сэдэл өгдөг. 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөө ажил руугаа алхаж явсан. Хоёр ах явж байлаа. Хуванцар сав чихсэн хогны ууттай. Тэр хүмүүсийн хажуугаар өнгөрөхдөө нүүр рүү нь зэрвэсхэн харахад духных нь гүн тод үрчлээ нүдэнд туслаа. Одоо манай зарим монгол эрчүүд амьдралын буулган дор духандаа гүн хар үрчлээтэй явж байна. Гэтэл XIII зуунд бидний өвөг дээдэс дэлхий дахиныг засан тохинуулах гэж магнайдаа гал мэсийн шархтай, үрчлээтэй явсан шүү дээ гэж бодогдонгуут “Чингисийн цэргүүд” гэдэг хэсгээ бичиж эхлэх жишээтэй. Ингэж би тэр хоёр ахаас уран бүтээлийн эрч хүчийг авсан болохоор хайр хүрээд, дахин тааралдахдаа шууд очоод тэврээд авахад их гайхсан.

Энэ ном маань есөн боть байх юм. Нэгдүгээр ботийг нь хэвлүүлсэн. Дараагийн 20 жилд үлдсэн ботиуд нь цувралаар гарах юм. Хоёр дахь ботийг нь биччихсэн байгаа. Манай редакцийн зөвлөлд эрдэмтэд, хэл шинжлэлийн хүмүүс бий.

-Уншигчид таны бүтээлийг яаж хүлээж авсан бэ?

-Үнэндээ бол миний үеийн залуусын хувьд энэ номыг дуустал уншсан хүн цөөхөн байгаа. “Уншаад нойр хүрчихлээ”, “Ойлгогдохгүй үгэн дээр гацчихлаа” гэсэн шүүмжлэл их хэлдэг. Орос хэлний С.Галсан багшаас авахуулаад ахмадууд харин нэвт шувт уншсан гэдэг юм. Энэ ном бизнесийн зорилгоор гараагүй. Нэг монгол үг мартагдана гэдэг бол нэг монгол хүн шороон дор орж байгаатай ялгаагүй гэж боддог. Үг гэдэг хүний амь насны үнэ цэнтэй. Яагаад гэвэл үндэстний сэргэн мандахын язгуур бол үг. Үгээ мартаад эхэлбэл хэлээ мартана. Хэл гэдэг ахуйгаасаа хамааралтай. Бид С.Жавхлан шиг морьтой явахгүй болохоор олом, жирэм, ногт, хазаар, дээс, баавар, эмээлийн бүүрэг гэдэг үгийг залуус хэрэглэхгүй байна. Ахуйгаасаа холдохоор хэлнээсээ холдоход хүрнэ. Ахуй, хэлнээсээ холдсон хүн монгол бахархлаасаа холдоно. Монгол бахархлаасаа холдвол Монголын төлөө гэсэн мэдрэмжүүд нь сарнина. Тэгсэн цагт Монгол биш болно. Монголыг хадгалах хамгийн чухал зүйл бол хэл. Би эртний судар, тайлбар толиудаас өнөөдөр хэрэглэхээ больчихсон монгол үгүүдийг түүх дуртай. Тэр үгүүдээ хүчээр ч болтугай номондоо тайлбартай оруулдаг. Уншихад хүнд байхаас аргагүй. Заримдаа арван мөр дараалаад, төдийлөн хэрэглэдэггүй үгс орчихдог. Надад нэг романтик мөрөөдөл бий. А.С. Пушкин тухайн үедээ яруу найраг язгууртны соёл байсныг эргэлтэд оруулж чадсан гэдэг. В.Путин жишээлбэл С.Есениний шүлгээс дурддаг. С.Есенин хэтэрхий аристократ болчихсон хэлийг ард түмний хэл рүү хөрвүүлсэн. У.Шекспир ч зохиолдоо 70 гаруй мянган үг ашигласан гэж үздэг. Тухайн цаг үедээ хэн нэгэн хүн хэлнийхээ төлөө зүтгэх шаардлагатай. Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн гуай гээд олон хүн үүний л төлөө явсан.

-Та тэмдэглэл хийхдээ монгол бичгээр хөтөлж харагддаг. Харвардад сурч байхдаа ч монгол бичгээр лекцийн тэмдэглэл хийсэн үү?

-Криллээр ч, монгол бичгээр ч бичнэ. Монгол бичгээр бичихээр бахархалтай мэдрэмж төрдөг, толгой цэгцтэй ажиллаад байх шиг санагддаг. Би нууц байлгахыг хүссэн юмаа монгол бичгээр мөртлөө англи хэл дээр биччихдэг. Одоо надад 700-800 орчим хуудас монгол бичгээр бичсэн тэмдэглэл бий. Голцуу өдрийн тэмдэглэлээ монгол бичгээр бичдэг.

-Хэзээнээс монгол бичиг, үг үсгийн араас хөөцөлддөг хоббитой болчихов?

-Долдугаар ангиасаа. Зургадугаар ангидаа өөрийн гэсэн үсэг зохиосон юм. Бүх үсэг нь бөөрөнхий, дундаа нэмэхтэй бол А үсэг, дундаа нэг цэгтэй бол Б гэх мэтээр үсэг зохиосон. Хайрын захиагаа ээж, аавдаа уншуулахгүй гээд тэгж бичдэг байсан. Нэг удаа ээж миний түлхүүр цагаан толгойг олчихсон. Түүнээс хойш монгол бичгээр бичдэг болсон.

-Эмээ, өвөө дээрээ өссөн гэсэн үү?

-Төв аймгийн Бүрэнд өссөн. Гадаад дотоодод сурч явахад хамгийн түрүүн хөдөөгөө санадаг юм билээ. Өглөөний хар чийгтэй хяруунаар тэрлэгээ холхинодог бакалтайгаа өмсөөд, уяж хоносон эмнэг үрээнийхээ цанхийг нь таттал олмоо чангалж, уургаа тулан мордоод, өвөөгийнхөө том дуранг баруун ташаан дээрээ зүүчихсэн, салхи сөрөөд энгэр задгай давхих нь гайхамшигтай эрх чөлөө байлаа. Өндөр уулан дээр гараад хэзээ язааны эр хүн шиг завилж сууж адуугаа дурандаад, адуун дээрээ давхиж очиж морио юүлээд, хэдэн адуугаа туугаад исгэрээд давхиж байх үнэн жаргал байхгүй юу. 800 жилийн өмнө ч монгол эр хүн ингэж л явсан даа. Гадаадад сурч тоо бодоод ширээ дэрлэн сууж байхад үе үе иймэрхүү дурсамж санагдана.

-Улстөрчдөд урам хугарсан олон нийт дараагийн үеийн залууст найдвар тавьж хүлээдэг. Дараа үеийн шижигнэсэн залуус бэлтгэгдэж байна уу гэвэл та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд ч Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч “Хүнийг нас хүйс, шашин шүтлэг, мэргэжил боловсролоор нь ялгаж болохгүй” гэж бий. Ерөөсөө хандлага л чухал. Дээр байгаа хүмүүсийн фракцийн зодооныг залуус нь өвлөөд авчих юм бол дараагийн үе гараад ч нэмэргүй. Тухайлбал, Б.Чимэд багшийг би маш их хүндэлдэг байлаа. Байнга юм уншдаг. Барууны шинэ онол энэ тэрийг мань хүн аль хэдийнэ мэдчихсэн байна. Нас ахисан ч хүний тархи залуугаараа байж болно. Фракц гэдгийг огт үгүйсгэж болдоггүй л дээ. Парламентын засаглалтай орнуудад бүгдэд нь байдаг. Гэтэл тэр нь намын дүрэм, тодорхой хэм хэмжээнд захирагдах ёстой. Эрх ашгийн эрэмбэ нь алдагдчихаар эргээд намаа хорлох хэмжээнд хүрлээ. Залуу гэж явцуу утгаар хэлэхээсээ шинэ хандлагатай хүмүүс энэ улс орныг зөв авч явна. Шинэ хандлагатай хүн хэдэн ч настай байж болно. Бодит утгаар залуус яагаад манлайлах ёстой гэхээр өнөөдөр улс төрд 30 жил явсан хүмүүс сайн, муу маш олон түүхийн гэрч, оролцогч болчихсон. Нэг хүн нэг юм ярихаар “Яг ш дээ. Чи тэдэн онд тэгээ биз дээ” гээд бие биенээ чөдөрлөчихөөд байгаа юм. Муу түүхгүй, эрх ашгийн ээдрээнд орооцолдоогүй, шинэ үе гарч ирэх нь зайлшгүй. МАН-ын нэг сайн тал нь залуустаа итгэл хүлээлгээд зоригтой гаргаад ирдэг. АН-ынхан болохоор “Бид өөрсдөө анх тэмцэж гарч ирсэн болохоор чаддаг юм бол та нар тэмцээд гараад ир” гэдэг. Нэг бодлын буруу биш, нөгөө бодлын зөв ч биш. Би Америкт хуулийн чиглэлээр мастер хамгаалахдаа Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийж байсан. Тийм болохоор хямралын гол шалтгааныг хувь хүмүүсийн зөрчлөөс илүү системийн алдаанаас хайдаг. Засаглалын тогтвортой байдал гэдэг ардчилсан нийгмийн хөдөлгөгч гол хүч болдог. Өнөөдөр Монголд засаглалын тэнцвэр байхгүй. Үндсэн хуулийн зарчим маань засаглалын тэнцвэртэй байдлыг хангах бүтэц биш. Сонгодог парламентын засаглалтай орнуудын тогтолцоог авч байж цаашаа явахаас өөр аргагүй. Ийм өөрчлөлт хийхгүй бол тогтолцооны хувьд хуулийн боломж байгаа учраас хүмүүс хуулийн боломжийг ашиглаад байна. Системийн алдааг засвал маш олон юм аяндаа засагдаад эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *