Categories
мэдээ улс-төр

Дөрвөн сайдын асуудал өнөөдөр шийдэгдэх үү

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дөрвөн сайдаа тодруулах бололтой. Түүний дараа байнгын хороо, чуулган хуралдаж магадгүй байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрынхаа бүтцийг 13 яам, 16 сайд, 27 агентлагтай байхаар зураглан УИХ-д оруулж, батлуулсан. Харин Засгийн газрын бүрэлдэхүүн буюу 15 сайдын нэрийг өргөн мэдүүлэхэд дөрвөн сайдынх хувьд Авлигатай тэмцэх газраас тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлийг гаргасан тул Ерөнхий сайд буцаан татах шийдвэрийг гаргасан. Ардын намын бүлгээр Засгийн газрын бүрэлдэхүүнээ бүрэн томилуулах эрх Ерөнхий сайдад бий ч олон нийтийн шүүмжлэлийг хүлээн авч, сэлгээ хийх шийдвэр гаргаснаараа Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд эрх мэдлээ хэрэгжүүллээ гэж тодорхойлж болохоор байгаа юм. Нөгөө талаар Засгийн газрыг “мэргэжлийн” гэх “томьёололтой” нь байгуулахын тулд “мэргэжлийн хэлээр” ярьж чадах хүмүүсийг санал болгож, танхимаа бүрдүүлснийг сануулах улстөрч цөөнгүй байгаа.

Харин одоо дөрвөн сайддаа хэн, хэнийг нэр дэвшүүлэх вэ? Зарим эх сурвалжийн таамгаар Эрүүл мэндийн сайдад Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад дэд сайд асан Ж.Сауле, Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж эхлээд буй. МАН-ын зүгээс олон нийтэд өгч буй мэдээллээр “дөрвөн сайд нарыг парламентын гаднаас санал болгоно, Ерөнхий сайд ийм зарчим барьж байна” гэх мэдээлэл дуулдаж буй. Хэрэв тэгвэл Барилга хот байгуулалтын сайдыг УИХ-аас санал болгохгүй болж таарч байна. Мөн зарим эх сурвалж Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмонгийн нэрийг дахин өргөн барина гэсэн мэдээллийг ч түгээгээд байгаа.

Өнөөдөр хуралдах Удирдах зөвлөлийн хурлаар хэн хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг нэгмөр шийдэх биз ээ.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *