Categories
мэдээ спорт

Б.Тэгшбаяр: Асгатын сургуулийн Т.Арслан багш намайг дугуйн спортод хөтөлж оруулсан

Щвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараат 10 км-ийн уралдаанд ОУХМ Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртсэн билээ. Тэрээр 1998 оны зургадугаар сарын 1-нд Сүхбаатар аймгийн Асгат суманд төржээ.

Дэлхийн аварга маань дугуйн спорттой холбогдсон түүхээ сонирхуулж, “Анх гурван настай байхад эмээ надад дугуй авч өгч байлаа. Харин Асгат сумын дунд сургуулийн биеийн тамирын багш Т.Арслан анх намайг дугуйн спортод хөтөлж оруулсан гэж хэлж болно. Би анх 2011 онд Т.Арслан багштайгаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүлсэн, түүнээсээ их урам авч байлаа. Манай гэрийнхэн намайг маш их дэмждэг. Аав, ээж хоёр минь жил бүр шинэ дугуй авч өгдөг байсан. Тэднийхээ ачаар өдий зэрэгтэй явж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Мөн “Би залуучуудын ДАШТ-д бөөн гараа, оноот уралдаан болон ганцаарчилсан хөөх уралдаанд оролцсон. Эдгээр төрлийн бөөн гараатай буюу 10 км-ийн уралдаанд түрүүллээ. Энэ төрөлд нийт 20 орны тамирчин өрсөлдсөнөөс Чех, Италийн тамирчид мөнгө, хүрэл медаль авсан. Харин би алтан медалийг хүртэж дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болсондоо баяртай байна. Дэлхийн олон орны шилдэг тамирчид ирж оролцсон учраас тэмцээн их өрсөлдөөнтэй болсон” гэж тэр нэмж тодотгосон байна.

Энэ удаагийн ДАШТ-нд бусад тамирчдаас хол тасархай түрүүлж барианд орох зорилготой байсан гэнэ. Мэдээж, зорилгодоо хүрч, хол тасархай түрүүлж барианд орох тэр мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй байсан гэжээ.

“Монгол яллаа” гэж зарлахад өөрийн эрхгүй нулимс урсчихсан. Дугуйны аваргад өгдөг цамцыг өмсөхийг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл маань биеллээ. Монголын дугуйн спортын түүхэн дэх шинэ хуудас нээгдэж байна.” Хэмээн шинэ аварга маань ярьжээ.

Б.УРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *