Categories
мэдээ соёл-урлаг

Б.Сарантуяа: Наадмынхаа нээлтэд оролцож дуулна, нээлтээ үзнэ

Үндэсний их баяр наадмын арга хэмжээнүүд өчигдөр эхэлсэн. Энэ жил баяр наадмын амралт ес хоног үргэлжлэх билээ.

Монгол төрийн их баяр цэнгэл наадмаараа хэрхэн баярлах талаар дуучин МУГЖ Б.Сарантуяатай холбогдож, цөөн хором ярилцлаа.

-Та баяр наадмын нээлтэд оролцоно гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Би “Монгол” гэсэн тодотголтой учраас үндэсний их баяр наадмыг бэлгэшээдэг. Энэ утгаараа наадмынхаа нээлтэд оролцож, дуу дуулж, нээлтээ үзэж сонирхоно. Мөн үндэснийхээ хувцсаар гоёно доо. Үндэснийхээ хувцсыг өмсөхгүй бол Монголын уламжлалт баяр наадам маань төсөөлөгдөшгүй шүү дээ.

-Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож байна. Энэ жилийн баяр наадмыг юу хийж өнгөрөөх вэ?

– Энэ жилийн хувьд тэгш ойнууд тохиож байна. Үндэсний их баяр наадам маань зуны улиралд болдог учраас Монголынхоо үзэсгэлэнт газрыг үзэхийг чухалчилдаг, үзэх ч ёстой гэж боддог. Байгалийнхаа үзэсгэлэнт газрыг үзэхэд маш сайхан байдаг. Би энэ жил Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос 115 километрт Хүйсийн найман нуруу хэмээх газрыг үзье гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэр бүлээрээ, аялаад ирнэ дээ. Мөн Соёолон үзнэ. Соёолонгийн тоос хийморьтой. Тэгээд энгийн ард түмнийхээ жишгээр л баярлана даа.

-Энэ жилийн баяр наадмаар тоглолт хийх төлөвлөгөө байна уу?

-Өвөрхангай аймгийн “Уянга” суманд тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Ахмад болон бусад үзэгчид сонсогчдоос хүсэлт ирсэн. Монгол найр наадмыг харуулсан. Өөрийнхөө шилдэг гэсэн дуу хуураа өргөн барина. Өвөрхангай аймагт энэ жилийн баяр наадмын маань нэгээхэн хэсэг өнгөрөх нь ээ. Амралтын газар болон баазаар зочилно. Мөн байгалийнхаа үзэсгэлэнт газрыг үзэж сонирхоно.

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *