Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын ардчиллыг аанай л “Өдрийн сонин” чинь сахиж үлдлээ. Сандрах хэрэггүй ээ, хүмүүс ээ

УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болж өнгөрлөө. Эрх барьж байсан АН бүлгийн хэмжээнд хүрэхтэй, үгүйтэй суудалтай үлдэж, ялагдлаа. УИХ-д дөнгөж есөн суудалтай болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулан, 65 суудал авлаа. Бие даагч нэг, МАХН нэг суудал авлаа. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүн ч МАН-ын ялалтаар өндөрлөв. Өдрөөс өдөрт нийслэлийг өнгө оруулж байсан Э.Бат-Үүлийн багийг бас л олонхи болгож сонгосонгүй. Иргэд ийм сонголт хийсэн бол яалтай билээ.

АН-ын ялагдлын шалтгааныг янз бүрээр л ярьж байна. Сонгуулийн системийн өөрчлөлт, удирдлагуудын алдаатай бодлого, намын дотоод зөрчил, сурталчилгааны сүүлийн өдөр олонд ил болсон Эрдэнэтийн 49 хувийн асуудал ч нөлөөлсөн гэх. Юм юм л нөлөөлсөн биз. Нэг их гайхаж, сандрах ч юу байхав. Монголын улс төрд ийм түүх олон бий. Хоёр том нам аль аль нь хуйгаараа ялагдаж, бас ялж байсан. Ойролцоо дүнтэй гарч, хамтарч засагласан нь ч бий. Ардчилсан нам ч ялагдлын гашуун, ялалтын сайхныг аль алиныг нь мэдэрч ирсэн. Алдаагаа засч дотооддоо нэг тойрч суугаад ярилцах цаг болсон биз. Тэгэхгүй гээд ч яахав. 1992 онд Ардчилал яаж ялагдлаа. Одоогийн МАН буюу тэр үеийн МАХН 70, “Ардчилсан холбоо эвсэл” дөрөв, МСДН нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал авч байсан. 1996 онд илт давамгай ялж эрх бариад 2000 онд одоогийн МАН 72 суудал авч, Ардчилсан нам ердөө Ж.Наранцацралттай, дээр нь бие даагч Л.Гүндалай л байлаа шүү дээ. “Эх орон” намаас Б.Эрдэнэбат, ИЗН-аас С.Оюун гарч байлаа. Энэ бүх ялалт уналтын жилүүдэд нэг намын дарангуйлал, Н.Энхбаярын хаанчлал ноёрхож байхад “Өдрийн сонин” л ардчиллын цурмыг сахиж үлдэж байв. Ардчиллынханд хүндхэн жилүүд байсан. Цөөнх ч болж чадахгүй, бүлэг ч байгуулж дөнгөхгүй, чадлаараа тэмцээд ч үр дүнд хүрдэггүй, байнгын дарамт шахалтанд байсан үе. “Өдрийн сонин” эрх баригчдаас айгаагүй. Бодит байдлыг, үйл явдлыг бүгдийг хүргэж байлаа. Хатуу, үнэн үгтэй нийтлэлүүдээ бичсээр байсан.

Эрх нь зөрчигдсөн ард түмний төлөө, ардчиллын үзэл санааны төлөө Ардчилсан намын хэмжээнд “Өдрийн сонин” л ажиллаж байлаа шүү дээ. Тэр цаг дахиад ирэв бололтой. Тэр үед АН-ын ялагдсан лидерүүд бүгд АНУ руу дүрвэж, бараг Ардчилсан намын дарга ч байхгүй хоцорсон. Дарга нэртэй ганц үлдсэн хүний хийдэг ажил нь эрх баригчдыг “Өдрийн сонин”-оор шүүмжлүүлэхгүйн төлөө ажилладаг байв. “Та нар шүүмжлэхээ больчихооч дээ. Та нар эрх баригчдыг шүүмжлэхээр намайг шүүмжлүүлээд байна гэж эд чинь алчих гээд байна” гэж сонины утас руу өдөр бүр залгадаг л хүн болсон. Ингэж л ядарч явсан, тэд. Тэр үеийн их баривчилгаа эхэлж, Л.Гүндалай үг хэлэх эрхээ эдлэхийн тулд арга ядан цагаан цаасан дээр лоозон бичиж орж ирж, УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж лоозонг нь урж, бүр нэмээд үлдсэнийг нь урах гэж чуулганы танхимд хөөцөлдөж байв. Тэгээд ч зогсоогүй Л.Гүндалайг барьж хорихдоо тулан, шуугиан дэгдэж, Э.Бат-Үүл шоронд, дараа нь Батбаярыг, Г.Батхүүг барьж хорино хэмээн төлөвлөж байхад бид нам төлөөлж эрх баригчидтай тэр дундаа Н.Энхбаяр, Ц.Нямдорж нартай хэлэлцээ хийж байлаа. “Наад баривчилгаагаа зогсоо. Бид шүүмжлэхээ багасгая” гэж “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн эрх баригчидтай хэлэлцээ хийж байлаа шүү дээ. Ийм л хүндхэн он жилүүд байсан. Цөөхүүлээ. Дуугаръя гэсэн ч хүч хүрдэггүй. Олигтойхон дуугарвал орон шоронгийн хаалга татчих гээд хэцүүхэн байсан даа, тэд мартчихаагүй бол. Харин бид тодоос тод санаж л байна. Цөөнхийн, тэр тусмаа ардчиллын төлөө редакциараа, эрхлэгчтэй юутай хээтэйгээ очиж сурвалжилдаг, тэдний дуу хоолойг хүргэдэг байсан юм чинь. Яаж мартах билээ дээ. Тэр он жилүүдэд, түүнээс хойш ч бид эрх нь зөрчигдсөн ард түмнийхээ дуу хоолой, чөлөөт индэр болсоор өдийг хүрэв.

Одоо Монголын нийгэмд нэг намын хүчтэй дарангуйллын эсрэг эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчид, энгийн иргэдийнхээ дуу хоолой болох тэр цаг дахиад л тохиож байна. Ард түмний эрх зөрчигдөнө, ардчилал хумигдана гэж битгий айцгаа. Бид хэнд ч, аль ч намд барьцаа байхгүй. Бид эрх нь зөрчигдсөн ард түмнийхээ дуу хоолой болох гэж эрхийг сэргээх, хамгаалах үүрэгтэй сонин. Бид энэ үүргээ чин үнэнчээр хангалттай биелүүлж ирсэн. “Монголын ард түмэн ядрах цагтаа “Өдрийн сонин”-ы өлзийт үүдийг зорьдог. Яагаад гэвэл тэнд нь ард түмнээ өмөөрөх сэтгэл зүрхтэй хүмүүс байдаг” гэсэн алдарт үг нийтийн сүлжээнд байсхийгээд явж байгаа харагддаг. Энэ үнэн шүү. “Өдрийн сонин” ард түмнийхээ төлөө, ардчиллын төлөө дуугарч ирсэн. Дуу хоолойгоо хүргэн тэмцэж ирсэн. Гэхдээ бид ардчилсан нэрийн дор өндөр дээд албан тушаалд хүрч, ард түмнээсээ хулгай хийсэн ардчиллын нэрийг хорлож ёс зүйгүй аашилсан хүмүүсээс Ардчилсан намыг цэвэрлэхийн төлөө явна. Ардчилалд хайртай гээд алдааг нь өөгшүүлнэ гэсэн үг биш. Энэ нам цэвэршиж, ардчиллын мөн чанараараа хөгжвөл Монголын ардчиллын болоод тусгаар тогтнолын бат цайз болох юм. Одоо мэдээж Ардчиллын өнөө хэд маань АНУ руу, Харвардын гэртээ явцгаана биз. “Өдрийн сонин” ардчиллын голомтыг сахиж үлдлээ, айх хэрэггүй ээ, иргэд ээ. Ардчиллынхан явлаа ч “Өдрийн сонин” Монголдоо үлдэнэ. “Өдрийн сонин” байсан цагт ардчилал байдаг, байсаар ч байх болно.

Монголын ардчиллыг аанай л “Өдрийн сонин” чинь сахиж үлдлээ, айх хэрэггүй ээ, хүмүүс ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголын ардчиллыг аанай л “Өдрийн сонин” чинь сахиж үлдлээ. Сандрах хэрэггүй ээ, хүмүүс ээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар уншигчдын гарт очлоо. Монголчууд бид хоёр өдрийн өмнө УИХ-ын болон орон нутгийн сонгуулиа өгч МАН олонхийн суудлаар ялалт байгуулаад байна. Тэгвэл 2016-2020 онд төр түшилцэх түшээд хэн байх вэ. Та бүхэнд “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаарын тэргүүн нүүр болон V нүүрнээс УИХ-ын сонгуульд сонгогдсон эрхмүүдийг танилцуулжээ. Энэ удаагийн сонгуульд олон сонирхолтой тоо, баримтыг дурдаж болно. Тухайлбал, УИХ-д МАХН-аас цорын ганц суудал авсан О.Баасанхүү хамгийн цөөн саналаар сонгогдсон байхад хамгийн олон удаа буюу долоон удаа төр түшилцэхээр сонгогдож буй хоёр гишүүн байх жишээтэй. Энэ мэтчилэн УИХ-д суух гишүүдийн мэргэжил, товч намтарыг уншаарай. “MIHгруппын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрээр “Төр өмчлөх эрхэд халдахаа болихгүй бол эдийн засгийн тусгаар тогтнол гэж яриад нэмэргүй” хэмээн шуудхан хэлжээ. Д.Жаргалсайхан эдийн засгийн тусгаар тогтнолын талаар сонирхолтой ярилцлага дэлгэсэн байна. Ярилцлагын дэлгэрэнгүйг IV нүүрнээс уншаарай.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа сэтгүүлч Д.Мөнгөндалайгийн “Монголын ардчиллыг аанай л “Өдрийн сонин” чинь сахиж үлдлээ. Сандрах хэрэггүй ээ, хүмүүс ээ” нийтлэл оржээ.

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар бороотой байгаа улмаас ихэнх гол мөрний усны түвшин үерийн түвшинээс даваад байгаа аж. Үүнтэй холбоотойгоор голын усанд живж амиа алдах иргэдийн тоо ч ихсэх болж. Ойрын өдрүүдэд чухам ямар осол, эндэл гараад байгааг VI нүүрнээс уншаарай. IX нүүрт дэлхий дахинаа өрнөсөн үйл явдал орсон бол XI нүүрт Улаанбаатарын амьдралын эргэн тойрон дахь мэдээ, мэдээлэл оржээ. Харин XII нүүрт Монгол Улсын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболдын ярилцлага орсон байна. Түүний хувьд АСЕМ-ын дээд түвшиний уулзалтын үеэр урлаг соёлын тоглолтыг гол зохион байгуулж байгаа аж. Та бүхэн өнөө жилийн наадмаар ямар дээлээр гоёх гэж байна.Танд хэрэгтэй мэдээллийг XV нүүрт бэлтгэжээ.