Categories
мэдээ нийгэм

Залуу малчдыг дэмжих, ур чадварыг хөгжүүлэх туршилтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулах семинар болно

Олон улсын хөдөлмөрийн байгуллага (ОУХБ)-аас Япон улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих, АСЕАН-ы туршлагаас суралцах нь” (МАПС) төслийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох “Хөдөө орон нутагт залуу малчдын хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжих, ур чадварыг хөгжүүлэх арга хэмжээ болон нийгмийн хамгааллын үйлчилгээний уялдааг сайжруулахад чиглэсэн туршилтын хөтөлбөр”-ийн үр дүнг танилцуулах семинар энэ сарын 14-ний өдөр “Блү Скай” зочид буудалд болно.

Семинарын нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны дарга Тим Дэ Мэйэр нар оролцож үг хэлэх юм байна. Мөн төслийг хамтран хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллага, хөгжлийн түншүүд, сургалтын байгууллагууд, судлаачид, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын болон малчдын хоршооны төлөөлөл оролцох юм.

2015 оны долдугаар сараас 2016 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Галуут, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд хэрэгжсэн туршилтын хөтөлбөрт 90 залуу малчин өрх хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд малчдыг мал маллагааны арга барил, малын гаралтай түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх ур чадварыг нь дээшлүүлэх мөн бизнесийн болон нийгмийн даатгалын мэдлэг олгох сургалтад хамруулжээ. Мөн малчдын хоршоог болон орон нутагт хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах замаар дэмжлэг үзүүлсэн байна.

Семинарт оролцогчид туршилтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнг дүгнэн цаашид залуу малчдын ур чадварыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, сумын түвшинд аж ахуй эрхлэлтийн сургалт, бизнесийн зөвлөх үйлчилгээ бий болгох, малчдын хоршооны хөгжлийг дэмжих, малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний албан хаагчдын чадавхи, орон нутгийн холбогдох талуудын зохицуулалтыг сайжруулах талаар хэлэлцэж, зөвлөмж гаргах юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *