Categories
мэдээ цаг-үе

​Д.Ганпүрэв: “Алтай” хамтлагийн тоглолтын үеэр мартагдсан гурван өв соёлыг танилцуулахаар зорьсон юм

Соёл судлаач, хөгжмийн зохиолч, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Ганпүрэвтэй ярилцлаа. Тэрбээр “Монгол угсаатны хөгжмийн товчоо” ТББ-ын тэргүүн. Үүгээрээ дамжуулж эртний өв соёлыг судалж гаргаж ирэх, хөгжүүлэх талаар ажилладаг ажээ.

-“Алтай” хамтлагийн таван жилийн ойн тоглолтын үеэр та бүхэн үзэгч түмнийг өвөг дээдсийн дуу хууртай золгууллаа. Энэ тухайгаа хуучлаач?

-“Алтай” хамтлагийнхан “Золгоё доо” тоглолтоо хийлээ. “Алтай” хамтлаг манай “Монгол угсаатны хөгжмийн товчоо”-ны дэргэд 2011 онд байгуулагдсан юм. “Алтай” хамтлагийн гол зорилго мартагдаж үгүй болсон эртний өв соёлуудыг сэргээхэд зориулагдсан уран бүтээл тоглодог. Хамтлагийн гишүүд маань дөрвөөс арванхоёрдугаар үеийн өв уламжлагчид, голдуу баруун хязгаарын залуус байдаг. “Алтай” хамтлагийн тоглолтоор бид мартагдсан гурван өв соёлыг танилцуулахаар зорьсон юм. Түүнээс гадна өв уламжлагч гэж ямар үнэ цэнтэй чухал хүмүүс байдгийг мэдүүлэхийг хүссэн. Мартагдсан гурван соёл гэдгийн нэг нь 1400 жилийн өмнөх “Алтай” ятга. Дахин сэргээгээд хөгжүүлж байгаа “Алтай” ятга маань 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхны хадны булшнаас олдсон, эртний нүүдэлчдийн нуман ятга юм. Энэ ятгыг 2008-2009 онд Германд судлаад, IV-VIII зуунд хамаарагдах эртний нүүдэлчдийн ятга гэдэг нь тогтоогдсон. Энэ хөгжмийн зэмсэг хадны булшнаас бүрэн бүтэн олдоогүй л дээ. Нэлээд хэсэг нь гээгдэж, ерөнхийдөө суурь мод нь гарч ирсэн. Энэ ятга “Алтай” хамтлагийн тоглолтын үеэр эгшиглэлээ.

-“Алтай” ятга ямар түүхтэй олдсон бэ?

-“Алтай” ятгыг нутгийн иргэн Н.Дандар гэж хүн олсон. Хонио хариулаад явж байхдаа хадны булшны цооногтой таарч шагайж үзээд, маш хуучирсан өвөрмөц, эмээлийн бүүрэг, эд өлгийн зүйлс байхыг хараад сонирхож үзсэн юм билээ. Цаанаас нь бас хүний араг яс, янз бүрийн юм гарч ирэхээр нь цэрвээд эртний булш байж магадгүй гэж Манхан сумын түүхийн багшид хэлжээ. Түүхийн багш нь ШУА-ийн Археологийн хүрээлэнд мэдэгдсэн юм билээ. Тухайн үед Ховд, баруун хязгаараар явж байсан судалгааны экспедицийнхэн бас тэрүүгээр явж таараад Манхан сумын Жаргалант хайрханд ажиллажээ. Хөгжмийн зэмсгийг шөнө дунд гаргаж аваад, боож баглан хот руу оруулж ирсэн байдаг. 1400 жилийн турш тогтмол нэг уур амьсгалд байсан учраас яаралтай дахин сэргээх, судлах хэрэгтэй болжээ. Герман руу тухайн жилийн 13 хадны булшнаас гарсан эд зүйлсийн хамт судлуулахаар илгээсэн түүхтэй.

-Таныг энэ ятгыг судалж гаргаж ирсэн гэдэг. Та хэдий үеэс нь оролцов?

-Би Германд удаан хугацаанд ажиллаж амьдарсан шүү дээ. 2010 онд эх орондоо буцаж ирсэн байлаа. Соёл судлаач мэргэжилтэй учраас эртний өв соёлыг сонирхож судалдаг. Монгол ятгыг судалж гаргая гэсэн зорилготой явж байсан. Монгол ятгын оронд Солонгос, Хятадын ятганууд орж ирээд үндэсний хөгжим гэж нэрлэгдээд яваа. Тэгэхээр эднийг Монголын хөгжмийн зэмсэг гэж танилцуулах нь байж боломжгүй зүйл. Тийм учраас монголчууд өөрсдийн ятгыг гаргаж ирэх нь зөв гэж үзсэн. Эх сурвалжийн мэдээгээр арав гаруй төрлийн ятга байжээ. Хаадын өргөөнд голдуу тоглогддог, ард түмний дунд төдийлөн дэлгэрээгүй, уламжлал тасарсан ийм хөгжмийн зэмсгүүд байдаг. Музейд үлдсэн ганцхан ятга бий. Тэр нь Архангай аймагт байна л даа. XVIII зуунд хамаарагдах ятга юм. Түүнээс өөр энэ хөгжмийн зэмсгийн биет баримт байхгүй. Аху их ятгыг сэргээхээр болсон. Нэрт соёл судлаач Ж.Бадраа агсан Аху их ятгын талаар тодорхой бичсэн байдаг. Энэ зэмсгийг сэргээх гэж явахад маань Физикийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга ажилтай найз маань Алтай ятгын олдворын талаар хэллээ. “Ийм хөгжмийн зэмсэг олдсон байна. Чи судлаад үзээч. Ямар хөгжим гэдэг нь тогтоогдоогүй байна” гэсэн. ШУА-ийн эрдэмтэд, олдвор олсон эрдэм шинжилгээний ажилтнуудтай уулзлаа. Тэр хөгжмийн зэмсгийн мөрөөр нь мөшгиж эхэлсэн. 2013 оны тавдугаар сард ШУА-иас ажлын баг гаргаад Герман руу явуулсан юм. Үзэсгэлэн гаргачихсан байсан. Тийшээ би эх олдворыг харах санаатай явлаа. Зэмсгийн шарх сорви, гэмтсэн алга болсон бүх зүйлийг судлаад, “Алтай” ятгыг гаргаж ирсэн. Энэ хөгжмийн зэмсгийг судалж гаргаж ирэхэд нутгийн иргэд, эрдэмтэд, хөгжим урлаач, хөгжимчид, түүхийнхэн гээд маш олон хүмүүс оролцсон юм.

-Соёл судлаач хүний хувьд хөгжим дээрээс онцгой ул мөр олж харсан байх?

– Энэ хөгжмийн зэмсэг дээр бас эртний бичгийн дурсгал гарч ирсэн. МУИС-ийн Түрэг тэнхимийн эрхлэгч Баттулга доктор үүнийг тайлсан байдаг. Газар тэнгэрийг аялгуулан дуулагч Чүрэ гэж хүн байжээ. 1400 жилийн өмнөх талын нүүдэлчид зүгээр нэг дайн байлдаан хийгээд явдаг бус өв соёл тээгчид байжээ. Хөгжмийн зэмсгийн ард хадны сүг зургийн дурсгалууд гарч ирсэн. Тэрэн дунд яалт ч үгүй тэнгэрийн зан үйл, Алтайн соёл илэрхийлэгддэг. Гурван Цэнхэрийн агуй дахь хадны сүг зурагтай төстэй зургууд ч энэ хөгжимд дүрслэгдсэн байдаг. Ганц янгир томоор зураад, хоёр нохой, хоёр чоно, гөрөөс зэрэг сонирхолтой дүрслэлүүд бий. Энэ дундаас янгирыг нь сонгож аваад, энэ хөгжмийн зэмсгийг “Алтай” ятга гэж нэрлэн, янгирын толгойтойгоор гаргаж ирсэн. Арав гаруй уран бүтээлээр баяжуулаад “Алтай” хамтлагийн тоглолтод эгшиглүүллээ.

-Таны гэргий ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ “Алтай” ятгыг эгшиглүүлж байгаа, хэн урласан бэ?

-2013 оны аравдугаар сарын эхээр үйлдвэрлэлийн нарийн хэмжээст зургуудыг бэлэн болгоод, “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийн хөгжим урлаач Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Байгальжав өөрийн гараар урласан. Анхны эгшгийг нь бараг аравдугаар сарын дундуур татсан байх. Миний эхнэр Ч.Мөнх-Эрдэнэ олонд танигдсан сайн ятгачин. Анхны эгшиг үнэхээр шар үс босгосон л доо. Маш их цуурайтсан амьтай эгшиг байв. 2013 оны арваннэгдүгээр сараас эхлээд “Алтай” ятга маань бидний гар дээр ирсэн. Энэ үед эх олдвор Германаас буцаж ирээгүй байлаа. Соёлын яаман дээр очиж “Ийм олдвор олдсон байна. Үүнийг бид нутагшуулмаар байна” гэхэд “Олдвор нь хүрээд ирэг, судалгааны баг гараг, нутагшуулах эсэхийг бид шийддэг юм” гэсэн. Хамгийн гол нь юунд эмзэглэсэн гэхээр эх олдвор Германд байсан ч эх олдворын судалгаа нь Казахстанд явагдаж байсан. Судалгааныхаа бичвэрийг гаргаад, олон нийтэд танилцуулчихсан. Мөн Туркийн эрдэмтэн бас энэ хөгжмийг судлаад “Энэ бол салса хөгжмийн өвөг эцэг” гэсэн. Түрэг угсаатан энэ хөгжмийг хамгийн түрүүнд шүүрч авсан юм. Миний хувьд Монголын газар нутгаас олдсон, Монголын соёл байх ёстой. Бид яарахгүй бол гадагшаа гарчих гээд байсан. Тийм учраас маш их яарч, энэ соёлоо Монголдоо барьж үлдэх нь чухал гэж бодсон. Санхүүжилт байхгүй, халаасан дахь мөнгөө бүгдийг хийгээд, “Алтай” ятганд ихэнх цагаа зарцуулсан даа. 2014 оны нэгдүгээр сарын 28-нд эх олдвор Буянт-Ухаад бууж байхад бидний “Алтай” ятга аль хэдийнэ 2013 оны арванхоёрдугаар сард эгшиглэчихсэн байсан. Дараа нь дөрөвдүгээр сарын 9-нд булшны олдворуудаар Үндэсний түүхийн музейд үзэсгэлэн гаргахад бид нээлтийн үеэр нь “Алтай” ятга тоглож байхад хүмүүс цочирдож байсан. Гэхдээ л төдийлөн тоохгүй байгаа юм. Тавдугаар сарын 16-нд “Алтай” ятга гэдгээр нь дэлхийд зарлая гээд дуурьсуулах их ёслол хийхээр Д.Дагвадорж аваргаар элчингүүдийг залуулаад Ч.Мөнх-Эрдэнэ эгшиглүүлж, АСА циркт хүндэтгэлийн тоглолт хийсэн юм. Энэ хугацаанд “Алтай” ятганд зориулаад 60 хүний бүрэлдэхүүнтэй найрал дуутай хүндэтгэлийн магтуу бичсэн. Дуурьсуулах ёслолын үеэр олон хүн омогшсон доо. Өв соёлын үнэ цэн цаг хугацаагаар илэрхийлэгддэг. Монгол Улсын түүхэнд 1400 жилийн өмнөх хөгжмийн зэмсэг байхгүй. Энэ бол түүхэн онцгой үзэгдэл. Эртний нүүдэлчин монголчуудын нуман ятга гэсэн нэршил бий. Нүүдэлчид нум сумаараа байлдахаас гадна нуман ятга болгож тоглодог байжээ гэж түүхэн эх сурвалжид үлдсэн байдаг. Энэ бол монголчууд нуман ятгатай байсны том нотолгоо. Сонирхуулж хэлэхэд Алтай ятганы царан дээрх чавхдас татагч тэвх цартайгаа наалдсан хэвээр олдсон. Энэ хоёр мод наалдсан хэвээр 1400 жилийг туулж ирсэн. Би бол мэргэжлийн хөгжимчнийхөө хувьд энэ хөгжмийн зэмсгийг яг ямар хөгжим бэ гэдгийг баталж чадна. Хүмүүс хэт их эргэлзэж хөгжилд саад болох, хамтраад цааш хөгжүүлэх ур ухаан одоохондоо дутаж байх шиг. “Монгол угсаатны хөгжмийн товчоо”-ны дэргэд “Алтай” ятга нэлээд хөгжсөн. Хөгжим урлаач П. Байгальжав ах маань үүнийг улам хөгжүүлж 13 чавхдастай “Алтай их ятга” гаргаж ирсэн. Эхнэр маань мэргэжлийн ятгачин учраас энэ зэмсгүүдээр яаж тоглохыг яруу тодоор харуулна л даа. Алтай хамтлагийн тоглолт дээр “Алтай” ятга ч, “Алтай их ятга” ч тоглогдлоо. “Алтай” ятга төсөл хэрэгжүүлэхээс өмнө бид “Аху” ятгыг сэргээхээр явж байсан. Өнөөдөр энэ ятга сэргээгдсэн. Архангай аймгийн нэрт хөгжим урлаач Л.Дэмчиггарав ахтай хамтарч “Аху” их ятган дээр ажилласан юм. Хоёр их эртний өв соёлыг ингэж “Алтай” хамтлагийн тоглолтоор олонд толилуулав.

-Тойрон бүжиг гэж бас нэг мартагдсан соёл “Алтай” хамтлагийн таван жилийн ойн тоглолтын нэг сюрприз байлаа?

-Монголчуудын тойрон бүжиг одоо байхгүй болчихоод байгаа юм. Тойрон бүжиг хүрээ, дугуй соёлтой холбоотой. Тойрон бүжгийн тухай “Монголын нууц товчоо”-нд ч дурдагдсан байдаг шүү дээ. “Өвдөг газрыг өлтөртөл, хавирга газрыг халцартал бүжиглэе” гэсэн үнэхээр гайхалтай хүчтэй энергитэй хоёр өгүүлбэр бий. Монголчууд тойрон бүжигтэй байсан. Тухайн үедээ олон жижиг угсаатан нийлээд хаадын их цэнгүүний үеэр том тойром хийж, саглагар модоо тойрон бүжиж, баяр наадмаа нээдэг байсан. Тойрон бүжиг эв нэгдлийг бэлгэддэг. Энд зэрэг зиндаа хаан, харц ялгаагүй хамтдаа бүжиглэдэг. Тийм болохоор тойрон бүжиг сэргээх нь чухал гэж бодсон. Бид Якут явахдаа маш гоё тойрон бүжиг үзсэн. Тойрон бүжиг харахад энгийн ч дунд нь ороод бүжиглэхээр эрчимд нэгдэж, энерги авч, транст орж хүчтэй мэдрэмж авдаг юм билээ. Манжийн үед бидний эв нэгдлийг илэрхийлдэг тойрон бүжиг мэтийн гол соёлуудыг устгасан байх магадлалтай. Бидний эртний хөг маань Алтайн магтаалд байдаг. Экил дотор хуурын татлага маань бас өнөөг хүрч ирсэн. Тэр хөг дундаас тойрон бүжгийн гол элементүүдийг судалж гаргаж ирсэн. Ийм гурван соёлыг Алтай хамтлагийн тоглолтоор хүмүүст хүргэлээ.

-Мартагдсан өв соёлуудыг гаргаж ирэх хүсэл эрмэлзэл танд хэдий үеэс бий болсон бэ?

-Германд байхад аль хэдийнэ бүрэлдэж бий болсон. 1993 онд бид Герман руу гарсан. Энэ үед ардын язгуур урлагийн “Эгшиглэн” хамтлаг байгуулсан юм. Магтана, дуулна, морин хуурын дөрвөл учраас орчин үеийн хөгжмийн мэргэжлийн бүтээлүүдийг тоглодог. Дээрээс нь бас “Битлз”-ийг тоглодог байлаа. Тухайн жилдээ “Монгол гайхамшиг” гэж шоу наадамд ороод, тэндээсээ цаашлаад гараад явчихсан хүмүүс. Биднийг 1991 онд “Битлз”-ийг тоглож байхад Г.Жамъян багш шүүмжилж байсан. Гэхдээ бид Г.Жамъян багшийг Шуманы “Бодол”-ыг морин хуураар тоглосныг мэддэг л дээ. 1991 онд “Чөлөөт цаг” гэж баар нээгдэхэд “Битлз”-ийн “Yesterday”-г морин хуурын дөрвөлтэй тоглоход ажлаас халах тухай яригдаж билээ. “Цаг үе” мэдээллийн хөтөлбөрөөр гараад “Хамаагүй ингэж тоглож болохгүй, урлаг гутаалаа” гэж бангадуулж байв.

-Морин хуураар сонгодог хөгжим тоглож болох уу?

-Ардын урлаг гэдэг бол олон зуунаар ахуй соёлоор дамжсан генийн сан байхгүй юу. Зарим нь суралцдаг байхад заримынх нь цусан дотор мэдээлэл нь явж байдаг. Манайхан үүнийг өв уламжлагчид гэдэг. Морин хуураар сонгодог тоглож болно. Гайхуулж байгаа хэрэг. Гэхдээ язгуур урлагаа тоглосон нь хамаагүй дээр. Яагаад гэвэл хөгжлийнхөө эхэн шатандаа үнэ цэнтэй байдаг учраас хамаагүй хөгжүүлж болдоггүй. Болдогсон бол зарим нэг язгуур соёлоо царцаачихмаар байгаа юм. Өөрчлөгдөх тусмаа бид язгуураасаа холдоод байгаа хэрэг. Язгуур урлагийг сургалтаар олгож болно. Аль болох уламжлагч байх тусмаа дотоод нарийн мэдрэмж, зургаа дахь мэдрэхүйгээрээ тоглодог.

-Монголын үндэсний урлаг соёл дэлхийд ондоо харагдана гэж одоо бол хүн бүр л ярьдаг. Харин ерээд оны эхэн үед салхи хаашаа эргэж байгааг та бүхэн мэдэрч байжээ?

-Монголын язгуур урлаг байдгаараа байсан. Хил даваад гарахаараа хүмүүс маш их сонирхдог. Нүүдэлчдийн соёл гэдэг утгаараа нөгөө талаар бид угсаатныхаа хувьд сонирхолтой ард түмэн. Нүүр царай, үүх түүхээрээ ч тэр. Дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны түүх ч сонирхолтой. Тэнд байгаа ард түмэн биднийг өөр нүдээр хардаг. “Чингис хаан XIII зуунд сэлэм эргүүлж биднийг байлдан дагуулсан бол Чингис хааны соёл биднийг одоо баясгаж байна” гэх мэт гарчигтай бидний тухай нийтлэл сонин хэвлэлд гарч байлаа. Бидний хархираа, хөөмий, исгэрээ, цуур натур байгальд ойр. Суурьшмал соёлд тэр талаасаа онцгой үзэгдэл болдог. Бид гайхамшигтай урлагтай гэдэгтээ биш. Улс үндэстэн бүр өөр өөрийн соёлтой. Олон зууны турш түүнийгээ баяжуулсан байдаг. Гэхдээ биднийх бол дэлхийд танигдсан түүх болохоор илүү сонирхолтой гэсэн үг. Биднийг орж очиход тайлагдаагүй, мартагдсан ертөнцийн хүмүүс гэж хүлээж авч байсан даа.

Өнөөдөр этник урсгал гээд байна. Энэ бол 1996 онд өрнөдийнхөнд зориулж манай “Бөртэ” хамтлаг гаргаж ирсэн урсгал.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *