Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн нь оффшортонгуудтай холбоотой” гэв

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Эрүүгийн цагдаагийн газар /ЭЦГ/-аас залилангийн хэрэгт сэжиглэн, хилээр гарах эрхийг нь хориглосон талаар өнөөдөр тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ЭЦГ-аас түүнийг 2013 онд МИАТ компанитай хамтран ажиллахдаа бусдыг залилсан хэмээн сэжиглэж Эрүүгийн тухай хуулийн 148.4 зүйл ангиар буруутган эрүүгийн хэрэг үүсгэн байцаалт авахаар өчигдөр орой 20,00 цагийн орчимд дууджээ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан одоогоос гурван жилийн өмнө буюу 2013 онд МИАТ компанийн АНУ-аас худалдан авсан 114 сая ам долларын өртөгтэй “Боинг 767-300 ER” онгоцыг олон нийтэд сурталчлахаар тус компанитай 40 сая төгрөгийг гэрээ хийж байсан гэлээ. Гэхдээ энэ яагаад залилангийн хэрэг болов, хэн цагдаагийн байгууллагад гомдол гаргав гэдэг тодорхойгүй байна. ЭЦГ-аас байцаалт өгөхийг шаардсан ч би нэг үг ч дуугараагүй, иргэнийхээ эрхийг эдэлж, өмгөөлөгч авсны дараа хуулийнханд байцаалт өгнө гэж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл “Боинг 767-300 ER” онгоцыг сурталчлахаар өдөр тутмын 14 сонин, 40 гаруй телевизтэй хамтран ажиллана гээд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан МИАТ компанитай гэрээ хийсэн байсан. Гэхдээ энэ ажил гэрээний хүрээнд гүйцэтгэлээрээ явсан тухай Л.Мөнхбаясгалан сэтгүүлч тайлбарласан юм.

Мөн тэрээр “Дэлхий нийтэд дэлгэгдээд байгаа Панамын баримтуудад манай улсын 49 иргэний нэр дурдагдсан. Тиймээс Америкийн нэгдсэн улсын Вашингтон дахь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг рүү хамтран ажиллах хүсэлт явуулж, эдгээр нэр бүхий хүмүүсийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь авахаар болсон юм. Ингээд цензургүй багийн хоёр сурвалжлагч Америкийн нэгдсэн улс руу явахаар болж энэ сарын 24-ний өдөр нисэх онгоцны тасалбараа авсан. Тэр өдрөөс хойш надад дарамталсан дуудлага ирэх болсон. Чи Монголоос зугтах гэж байна уу, гэр бүлийнхэн чинь энд үлдэх үү, хийж байгаа ажлаа орхивол яасан юм бэ, явах хэрэг байна уу гэх мэтээр намайг дарамтлах болсон. Гэтэл өчигдөр орой намайг ЭЦГ-аас дуудсан. Би очих боломжгүй гэтэл албадан авч ирнэ гэсэн учраас өөрөө очиж уулзсан юм. Ингээд надад залилангийн гэмт хэрэг гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд Монгол улсаас гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авч байна гэж мэдэгдсэн. Үүний дараачаар миний тухай худал мэдээллүүд хэвлэл мэдээллээр ихээр гарч эхэлсэн. Тиймээс надад эрүүгийн хэрэг үүсгэсэн нь оффшортонгуудтай холбоотой гэж үзэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *