Categories
мэдээ нийгэм

Мэдээлэл өгөөгүй иргэдийг шалгана

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газар буюу “Шувуун фабрик”-ийн орчим өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, холбоотой мэдээллийг иргэдээс авч буйг өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийж, цогцос хэн болохыг тогтоож, гэмт этгээдүүдийг олж, шалгаж эхэлснээ мэдэгдлээ. Шатсан цогцос нь эрэгтэй хүний 25-аас дээш настай, 168 см урттай, уруулын дээр болон доор оpчим сахал мэт зүйл шатаж харласан, зулайн ар орой хэсэгт 5 см урттай хар өнгийн үс шатаагүй үлдсэн, биеийн хэсэг нэлэнхийдээ шатаж, зарим хэсэг үгүй болсон байсан юм. Эрэн сурвалжлах ажиллагааг идэвхтэй явуулсны дүнд хохирогч Улаанбаатар хотод оршин суух 53 настай эрэгтэй Б болох нь тогтоогдсон байна. Хохирогч “Б”-г иргэн “Н” хутгалан амь насыг нь хохироон, бусадтай бүлэглэн зөөвөрлөн шатаасан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ. Хохирогчийг ойрын хүн нь хөнөөсөн гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Хохирогч Б-г өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр “Булгийн тохой” гэх газарт байсныг иргэн Г, Х нар харсан боловч цагдаагийн байгууллагад хандалгүй хугацаа алдсан. Энэ үйлдэл нь иргэн Г, Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246-р зүйлд заасан гэмт хэргийг үл мэдээлэх гэсэн зүйл ангиар холбогдуулан шалгаж, саатуулахад хүргэжээ. Иргэдэд анхааруулан хэлэхэд гэмт хэргийн талаар мэдсэн, харсан даруйдаа цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагад мэдэгдсэнээр гэмт этгээд ял завших, оргон зайлах, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж, гэмт хэргийг шуурхай илрүүлэхэд нөлөөтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *