Categories
мэдээ цаг-үе

​“Барселон 1992”-ын хүрэл медальт боксчин Н.Баярсайханы нэг өдөр

1992 оны Барселоны олимпийн хүрэл медальт, Азийн хошой аварга, Интернациональ тэмцээний таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын сонирхогчдын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Баярсайханыд энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлдлээ. Гавьяат тамирчны маань гэр УИД-ийн ойролцоо байдаг юм байна. Гэхдээ тэрээр сүүлийн үед Хөгжим бүжгийн коллежийн урдахь 64 дүгээр байрны хажуух байранд ээжийндээ амьдарч байгаа аж. Энэ байранд Н.Баярсайхан гавьяат олон жил амьдарсан бөгөөд одоо энд ээж нь, дүү охин нь гэр бүлтэйгээ сууж байгаа юм байна. Спортын төв ордонд ойрхон учир Н.Баярсайхан гавьяат энд байх дуртай. Дүү охиндоо идэх хоол ундаа захиж хийлгэчихээд ээжийнхээ дэргэд сууж байгаад хооллож эрхэлж байгаад гардаг газар нь энэ.

Н.Баярсайхан гавьяат спортын чигийн олон ажил төрөл эрхлэхийн хажуугаар МАН-ын үүрийн дэд даргын албатай аж. Намынх нь үүр энэ байрных нь ар талд байрладаг учир сонгуулийн цаг эхэлсэн эдгээр өдрүүдэд үүрээсээ салахгүй шахуу ажиллаж байгаа гэнэ. Тэрээр үүрээсээ гарч ирж биднийг угтаад ээжийнх рүүгээ дагууллаа. “Ах нь бараг энд амьдардаг. Миний гэр орон гэсэн үг. Энд л өдрийг өнгөрөөдөг дөө” гэсээр хаалгаа тогшлоо. Ээж нь хаалга тайлж өгч байна. “Сонины хүүхдүүд ирлээ. Манайд өнжинө гэл үү. Над шиг өдөржингөө хийх юмгүй суудаг хүнд хань болохоор ирж байгаад сайхан байна. Өнөөдөр ч аятай өнжих нь ээ” хэмээн инээмсэглэв. Н.Баярсайхан гавьяатын ээж Л.Даваа гуай бол манай оёдлын үйлдвэрийн салбарт насаараа ажилласан Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан. Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Б.Гүнжилхам гуайтай хамт Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлогдсон ч “Нэг дор хоёр баатар төрдөггүй юм” гээд гавьяат цол хүртээж байжээ. Л.Даваа гуай хоймортоо суугаад биднийг дээш суухыг урив. Н.Баярсайхан гавьяатын дүү Н.Батбаяр хийцтэй, борцтой, будаатай цай аягаллаа. Бүгд цайлангаа ойр зуурын яриа өрнүүлэв.

Л.Даваа гуай оёдлын үйлдвэрт хэрхэн ажилладаг байсан тухайгаа сэтгэл хөдлөн ярина. Тэрээр “Яагаав хүүхдүүд ээ, оёдлын үйлдвэр гэдэг чинь одоогийн “Моби” шүү дээ. Үйлдвэрийн маань байранд “Моби” орчихсон. Тэр чинь үгүй мөн сайхан үйлдвэр байлаа. Нэг ээлжинд 1000 гаруй хүн ажиллана. Ажлаа дуусгахгүй бол 24 цагаар ажиллах тохиолдол байдаг байв. Ёстой ажлын төлөө төрсөн юм шиг их хэнхэг байжээ” хэмээн инээснээ “Манай долоон хүүхдийн хоёр дахь нь Н.Баярсайхан юм” гээд хүүхдүүдээ яаж өсгөж байсан тухайгаа хуучлав. Өөрөө үйлдвэрт ажиллаад түмэн завгүй байдаг болохоор хүүхдүүддээ төдийлөн цаг гаргаж амждаггүй байж. Том хүүүхдүүд нь дүү нараа өсгөж, харж хандах маягаар л бага нас нь өнгөрч. Хааяа зав гарвал арван кг гуриланд тос, ёотон хольж байгаад амттай гэгч нь боорцог хийгээд зэхчихнэ. Хүүхэд олонтой болохоор өнөө боорцог нь ганц, хоёр хоноод л дуусчихна” гэхэд Н.Баярсайхан гавьяат “Тэр боорцог ч янзтай. Өөхөн тосонд чанасан боорцог. Одооны хүүхдүүдэд өөхөн тосонд боорцог хийдэг байлаа гэвэл гайхаж мэднэ шүү” гэлээ.

Н.Баярсайхан гавьяат Завханд төрсөн бөгөөд гурван нас хүрээд аав, ээжтэйгээ хотод иржээ. Сүхбаатар дүүргийн ес, аравдугаар хороонд бага нас нь өнгөрчээ. Том хашаанд ганц айл буусан нь тэднийх байж. Н.Баярсайхан “Сүхбаатар дүүрэгт миний амьдралын дөчин жил өнгөрчихөөд байгаа юм” гэж хэлээд багадаа ямаршуу хүүхэд байснаа ярьж эхэллээ. Түүнийг ярихаар ээж нь “Миний хүү чинь хүн болох гэж их зовоосон. 14 хоног ухаангүй байж билээ. Манай нутгийнхан хүүг минь амьдруулах гэж бүгд л зүтгэсэн болохоор одоо ч асууж сураглаж л байдаг юм” гэж хэлэнгээ хүүгээ энхрийлэн харна. Н.Баярсайхан гавьяатад явж үзээгүй спортын секц, дугуйлан гэж байгаагүй аж. Үндэсний бөх, чөлөөт, самбо, буудлага, ширээний теннис гээд л бүгдээр нь хичээллэжээ. Тэгж явсаар бокст тунаж. Анхандаа боксоор хичээллэж байгаагаа гэрийнхнээсээ ихэд нууна. Ах, аав хоёртойгоо хуйвалдаад нэлээд хугацаа өнгөрсний дараа гэрийнхэндээ, ээждээ дуулгажээ. Ээж нь нэг тэмцээн дээр нь оччихоод зүрхээ хагартал айж уйлахын наагуур юм болж байжээ. Л.Даваа гуай “Юу юм бүү мэд. Хүү маань нэг л сонин юмаар хичээллэж байгааг нь харлаа. Миний хүүтэй адилхан туранхай жаахан хөвгүүд гартаа том юм хийчихсэн, биенээ цохиж байхыг нь хараад айсан гэж жигтэйхэн. Тэгж яваад олимпоос хүрэл авчихаж билээ” хэмээв.

Эхнэр Ч.Чулуун-Эрдэнэ, хүүхдүүдтэйгээ хамт

Н.Баярсайхан гавьяат багадаа энхрий хүүхэд байжээ. Хүн болох гэж аав ээж, нутаг усныхнаа сандаргаж, нутгийн аль л чадалтай эмч, лам, мундаг хүмүүсийн ном, тарни, эм тангийн шидээр сэргэсэн болохоор ээж нь хүүхдүүд дундаасаа хамгийн их хайрлаж, элгэндээ наадаг нь Н.Баярсайхан гавьяат юм байна. Ээж, хүү хоёр их дотно. Байнга л хамт байна. Гавьяат маань цаг зав гарвал л ээж дээрээ хүрээд ирнэ. Хамтдаа хоол цай болж, амьдрал ахуйгаа ярилцана. Энэ хоёрыг ийм дотно байдгийг ойр хавийнхан нь хараад “Даваа гуай ганцхан л хүүхэдтэй юм шиг байдаг” гэж гоморхсон янзтай үг хаядаг гэнэ.

Гавьяат тамирчин Н.Баярсайхан УИД-ийн тэнд байдаг байрандаа хоёр хүүхэдтэйгээ амьдарна. Гэрийнх нь ойролцоо боксын “Барселон” клуб бий. Түүний хувьд ажлын нэг өдөр энгийн гэмээр мөртлөө тун завгүй өнгөрнө. Ажилтай үедээ өглөө эрт босоод цай цүйгээ уучихаад клубээрээ орж ажилтай нь танилцчихаад Спортын ордноор орно. Олимпийн медальтнуудын холбоо болон боксын холбоогоороо орж ажлаа амжуулна. Шувуун фабрикт ногооны талбайтай бөгөөд тийш очиж бизнесээ эргэнэ. Энэ их ажлын хажуугаар намынхаа ажлыг мартахгүй. Ээжийнх нь гэртэй ойрхон байдаг болохоор сонгууль дөхсөн эдгээр өдрүүдэд үүртээ байнга шахуу хуралдах болж. Л.Даваа “Эд нар ёстой их хуралдах юм аа. Байсхийгээд л хуралтай гээд гараад гүйчих юм” гэж хүүгээ цаашлуулна. Хүү нь ч ээжийгээ дэмжиж “Хуралдсаныхаа хэрээр ялдаг бол бид аль хэдийнэ ялбал ялахаар болчихлоо” гээд инээлдлээ.

1969 он. Н.Баярсайхан авга ахтайгаа

Н.Баярсайхан гавьяатын аав Т.Намжил хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй хүн байжээ. Завханы харьяат тэрээр Завхан, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод хэсгийн прокурор, мөрдөн байцаагч, хуулийн зөвлөх, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад гавьяаны амралтдаа суусан бөгөөд 2005 онд өөд болжээ. Т.Намжил гуайг оюутан байх тухайн үед нийслэлд хятад гуанз олон байсан учир оюутнууд оройн цагаар тэнд ажиллах тохиолдол байжээ. Т.Намжил гуай хятад гуанзанд ажиллаж байсан болохоор хоолыг тун чиг амттай хийдэг нэгэн байсан гэнэ. Л.Даваа гуай цаг наргүй ажилладаг тул гэртээ бараг хоол хийж үзээгүй аж. Т.Намжил гуай чөлөө, цаг гарвал гал тогоондоо л өнжиж хүүхдүүддээ амттай хоол хийж өгнө. Хүн тус бүрийн дуртай хоолыг залхууралгүй хийж өгдөг байж. “Аав ёстой гоё хоол хийж өгдөг байж билээ. Юу юу билээ дээ, ногоо, байцаатай хуурга гээд зөндөө зөндөө” гэж Н.Баярсайхан гавьяат өгүүллээ. Аавтайгаа гал тогоонд хамт хоол хийж, гэрийнхээ тогоо шанагыг барьдаг байсан нь Н.Батбаяр гэнэ. Доод талаас гурав дахь дүү Н.Батбаяр нь уг нь эмэгтэй хүүхэд болохоор лам Цэндсүрэн гэж нэр хайрласан ч аав нь төрсний гэрчилгээг нь авахдаа ламын өгсөн нэрийг мартчихсан учир Батбаяр гэж нэр бичүүлчихжээ. Н.Батбаяр бол Н.Баярсайхан гавьяатын хамгийн дотнын дүү нь. Ах нь дүү рүүгээ утасдаж ямар хоол унд идмээр байгаагаа хэлнэ. Дүү нь ахынхаа хэлснийг ёсчлон биелүүлнэ.

Л.Даваа гуайн хүүхдүүд Цагаан сар, шинэ жилээр энд цуглацгаана. Бас наадмаар бөөгнөрнө. Дөрвөн өрөө том байр учир хэдүүлээ ч ирсэн багтана. Наян насны сүүдэр зооглож байгаа Л.Даваа гуай 25 ач гуч, зээтэй болоод байгаа юм байна.

Н.Баярсайхан гавьяатын хоёр том хүүхэд нь Б.Билгүтэй, Б.Борголжин гэдэг эрэгтэй, эмэгтэй ихэр хүүхдүүд. Б.Борголжин нь “Мисс Монголия 2010” тэмцээний “Оюунлаг мисс”-ээр тодорч, “Miss tourism” тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргаж яваа сайхан бүсгүй билээ.

Т.Намжилын гэр бүлийнхэн

Н.Баярсайхан гавьяатын гар утсанд дуудлага ирлээ. Үүрээс дуудаж байна, яаралтай хуралдахаар боллоо. Ах нь хурдхан шиг хуралдчихаад ирье гээд хүрмээ өмсөөд гүйх шахуу гараад явчихав. Л.Даваа гуай үйлдвэрт өдөр шөнөгүй ажиллаж гэрийн бараа хардаггүй байсан болохоор нөхөр нь хоол хийгээд хүүхдүүдээр нь зөөлгөдөг байж. Одоо ч хоол унд бэлтгэхэд гар хүрдэггүй хэвээр гэнэ. Охин Н.Батбаярынхаа л гарын хоолонд нугасгүй. Хааяадаа гадагшаа гарч алхана. Нэгдүгээр хороололд байдаг найз хөгшнийх рүүгээ алхаад хүрчихдэг гэнэ. “Ядах юм юу байх вэ. Алхчихдаг юм. Заримдаа автобусанд суучихаад замаасаа буугаад цааш алхана. Алхаж байхад гэмгүй. Манай хүүхдүүд надад хэлдэг юм. Таныг хүн амьтан дээрэмдэх гээд ирвэл наад муу цүнхээ өгөөд л явуулчихаарай. Нэг их чадалтай хүн болж булаацалдаж байж бэртэв гэж тоглодог юм. Тэгэхээр нь би “Тийм юм ээжид нь тохиолдохгүй ээ. Хэдэн хүүхдийн минь заяа түшнэ” гэж хэлдэг юм. Эмээ нь маш их маани уншдаг ш дээ. Юм л болбол маани хөгжөөнө” гэлээ.

Н.Батбаяр гал тогооны өрөөндөө хоол хийж зогслоо. Тэрээр “Мундаг тамирчин ахтай байх сайхан шүү дээ. Өө, энэ чинь боксчин Баярсайханы дүү шүү дээ гээд намайг таних жишээний. Би ахыг гадагшаа, дотогшоо тэмцээнд их явдаг байсныг санах юм. Ахыг олимпоос медаль авах үед би Унгарт сурч байлаа. Унгарт Оросын нэг суваг гардаг байсан юм. Тэр сувгаар спортын мэдээ явсан чинь олимпоос Баярсайхан гэдэг монгол залуу хүрэл авлаа гэж гарсан байгаа юм. Тэр мэдээг надтай цуг амьдардаг байсан найз маань дуулаад надад хэлж билээ. Би тэгж л ахыг олимпийн хүрэл медальтай болсныг хэд хоногийн дараа сонссон” гэв. “Би гэрийнхээ гал тогоонд аавтайгаа хоол хийж зогсдог ганц хүүхэд нь байлаа. Одоо ч гэрийнхнийхээ хоолыг хийсээр байна. Бид Баярсайхан ахыгаа Баба гэж дууддаг юм. Баба ах маань надад бүх юмаа ярина. Бид хоёрын санаа их нийлдэг юм. Баба бууз, хуушууранд дуртай. Гэхдээ хуурсан түлсэн хоол унд идэхээ больсон л доо. Тийм болохоор үхрийн махтай, гурилтай шөл, өөх багатай хоол хийлгэж иддэг юм” хэмээгээд “Ах маань хоёр багыгаа сайхан өсгөсөн шүү. Муу ах маань гэрт орж эм, гадаа гарч эр болж амьдралаа авч яваа юм. Амьдрал ахуйгаа зохицуулахын хажуугаар нийгмийн ажил, спортын төлөө хийдэг ажил нь жигтэйхэн их. Манай ах чинь их ажилсаг. Гэр орноо цэвэрлэнэ. Хоол унд сайхан хийнэ. Ер нь миний ах чинь хамгийн сайн ах шүү дээ. Би ахаараа бахархдаг юм” гэж нулимс цийлэгнүүлэн ярив.

Л.Даваа гуай Н.Баярсайхан гавьяатын гэргий, мисс Ч.Чулуун-Эрдэнийг дурсан “Хүний хайлан байсан сайхан охин байсан юм. Хорвоогоос одохоосоо өмнө “Ээждээ очно оо” гэж ярьж байсан гэсэн. Эвий дээ сайхан үр байсан юм. Хоёр хүүгээ аав нь хэнээс ч дутахааргүй сайхан өсгөсөн шүү” хэмээн өгүүллээ.

Л.Даваа гуай тэтгэвэрт суусныхаа дараа гэртээ нэг хэсэг байжээ. Хар залуугаасаа шаргуу ажлын дунд бужигнаж явсан болохоор гэртээ суугаад байх нь дэмий санагдаад цайны газар ажиллуулжээ. “Ардын эрх”-ийн буудлын замын хойно байрладаг байсан “Гэрийн бууз” цайны газрыг 2001 оноос хойш 13 жил ажиллуулжээ. Тэр цайны газрын буузанд хавь ойрын албан байгууллагуудын ажилчдын дуртайг хэлэх үү. Өдрийн цайны цаг гэлтгүй бүх л өдрийн турш завгүй ажилладаг байжээ. Буузаа дандаа хонины гуяны махаар хийнэ. Цай нь амттай. Л.Даваа “Манай цайг ууж, буузыг идэх гэж зорьж ирдэг хүмүүс байж билээ. Байнга ирдэг хэдэн бөхчүүд байдаг байлаа” гэж өөрийнхөө эрхэлдэг байсан бизнесээ ярилаа.

Зурагтын сувгийг “Парламентын суваг” дээр тааруулсан байлаа. Л.Даваа гуайн үздэг ганц суваг нь гэнэ. Н.Баярсайхан гавьяат хурлаа тараад ороод ирлээ. Тэрээр МАН-ын 68 дугаар үүрийн дэд даргаар олон жил ажилласан бөгөөд нэг ч удаа албан тушаал өгөөч гэж намаасаа гуйж байгаагүй гэнэ. Саяхан нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дэвшье гэж нэг даргад хэлээд ортол зөвшөөрөөгүй аж. Тэгэхээр нь буянаараа болог гээд орхисон гэж байлаа.

1992 оны Барселоны олимпоос манай улс хос хүрэл медаль хүртсэн түүхтэй. Боксын төрөлд Н.Баярсайхан, буудлагаар Д.Мөнхбаяр тус тус хүрэл медаль хүртсэн. Д.Мөнхбаяр гавьяат тэр үед олимпийн бараг эхний өдөр нь хүрэл медаль хүртжээ. Томоос том самбарт “Mongolia” гэж бичээд манай төрийн далбааны зургийг байршуулсан байжээ. Эх орныхоо нэрийг өргөхөөр хамтдаа ирсэн болохоор Н.Баярсайхан гавьяат Д.Мөнхбаяраараа ихэд бахархаж орж гарах тоолондоо самбарт томоос том бичээстэй эх орныхоо нэрийг хараад омогшиж байжээ. Н.Баярсайхан гавьяат Барселоны олимпод эхэлж гоц мөргөөд, дараа нь Гуатмалагийн тамирчинтай таарч 15:0-ээр буулгаж аваад хүрлийн төлөөх тулаанд Танзаны боксчин Рашид Матумлаг 9:6-гаар ялж хүрэл медаль хүртэж медалийн өнгө хувиргах тоглолтоо Германы Марсо Рудолфтой хийх байсан ч хөмсөг задарсан гэх эмчийн оношоор тоглуулаагүй аж. Ингэж Монгол Улс 1992 оны олимпоос хоёр дахь хүрэл медалиа хүртсэн нь энэ.

Гавьяат тамирчин Н.Баярсайхан олимпоос ирээд хагас жил хэртэй бэлтгэл хийгээд ерөнхийдөө тамирчны амьдралдаа цэг тавьжээ. “Хүч” спорт хорооны тамирчин байсан учир олимпоос ирэхэд нь дэслэгч болгожээ. 1994 онд Цагдаагийн академид урилгаар суралцаж төгсөөд Төмөр замын цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газарт ажилласан байна. Тэгээд 2004 оноос спортдоо буцан ирж Монголын сонирхогчдын боксын холбоондоо ажиллах болж, 2008 онд Бээжингийн олимпийн өмнө Монголын олимпийн медальтнуудын холбоог байгуулжээ. Тус холбоо байгуулагдсанаар олимпоос медаль хүртсэн тамирчдын нийгмийн асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэж эхэлсэн гэдэгтэй спорт сонирхогчид санал нэгддэг. Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад сар бүр тэтгэмж олгодог болох тухай саналыг З.Ойдов гуай санаачилж байжээ. Гэхдээ олимпийн аваргад сар бүр 500 ам.доллар, мөнгөн медальтанд 300 ам.доллар гэх хавьцааны л мөнгө өгч байвал амьдралд нь нэмэр болно гэж ярилцдаг байж. Энэ санал санаачилга Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үеэс яригдсаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед биеллээ олж 2013 оны нэгдүгээр сараас манай олимп, дэлхийн медальтнууд сар бүр тэтгэмж авч эхэлсэн юм. Одоогоор 50 орчим хүнд сар бүр 100 гаруй сая төгрөгийн тэтгэмж олгож байгаа юм байна. Олимпийн аварга дөрвөн сая, мөнгөн медальтан гурван сая, хүрэл медальтан хоёр сая төгрөг авч байгаа бол ДАШТ-ий алтан медальтай тамирчин хоёр сая, мөнгөн медальтай нь нэг сая, хүрэл медальтай нь 500 мянган төгрөгийн тэтгэмж хүртдэг. Одоогоор манай улсаас олимпоос 23 тамирчин 24 медаль хүртээд байгаа бөгөөд тэднээс сар бүр хамгийн өндөр тэтгэмж хүртдэг нь З.Ойдов гуай. Тэрээр 7.5 сая, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Х.Баянмөнх аварга нар долоон сая төгрөг тус тус авдаг юм байна.

Н.Баярсайхан гавьяат нутаг руугаа нэг их очоод байдаггүй гэнэ. Харин сүүлийн үед нутагтаа очихсон гэх хүсэлтэй болжээ. Нутаг усныхан нь хаана л цуглана гэнэ, тэнд яваад оччихно. Нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд ихэд ач холбогдол өгч, идэвхтэй байдаг гэнэ. Хэдий Улаанбаатар хотод өсч торнисон ч нутгаа гэх далд мэдрэмж сэтгэлийнх нь мухарт явдаг аж. Цагдаагаар ажилладаг байхдаа эрүүлжүүлэхэд хоносон эрчүүл дунд Завханы гаралтай хүн байвал аль болох торгохгүй гаргахыг хичээдэг байсан тухайгаа яриад “Би нутаг усандаа их элэгтэй хүн шиг байгаа юм. Нутаг руугаа явмаар санагдаад байгаа. Өнөө зун ээжтэйгээ хамт явна аа” гэлээ.

Н.Баярсайхан гавьяат 1992 оны олимпод 11 ам.доллартай явж байжээ. Юм худалдаж авъя гэхээр хайран санагдаад, үрье гэхээр үрж чадахгүй байсаар буцаагаад авч ирж байжээ. Гадагшаа тэмцээнд явахаараа наймаа үсэргэнэ. Наймаа хийхээр болбол “Mon­golia” гэсэн бичигтэй өмсгөлөө тайлна. Ах дүү олонтой учир бүгдэд нь гутал, цамц, малгай авах гэж хичээнэ. Их бараатай болохоор хилээр нэвтрүүлэхгүй. Тэгэхээр нь гэр бүлийн зургаа үзүүлээд “Энэ гутлыг энэ ахдаа авсан. Энэ цамцыг энэ дүүдээ авсан” гэж зааж байж гардаг байжээ.

Олимпоор Барселонд очоод Арнольд Шварценеггер, Мэжик Жонсон, Кубын Фидель Кастрог дэргэдээс нь харж хамтдаа зургаа татуулж байсан нь түүний хувьд санаанд оромгүй сайхан үйл явдал болжээ. Харамсалтай нь зургийн аппаратгүй явсан учир ганц ч зураг нь гэрийн хаягаар нь ирээгүй гэнэ. Фидель Кастро боксын тэмцээн үзэхээр зааланд орж ирээд бууны сум нэвтэрдэггүй шилэн хоргонд сууж тоглолт үзэж байжээ. Хүмүүс хоргонд нь ойртож очиж зургаа даруулах агшинд Кастро инээмсэглэн гар дохиж байсан нь санаанаас нь одоо ч гардаггүй аж. Тэмцээнээр гадаадад явж байхад элдэв янзын л хөгтэй зүйл тохиолдоно. Нэг удаа гадаадад тэмцээнээр очсон чинь төрийн далбаа, дууллаа мартчихсан байжээ. Төрийн далбааг нь яахав дуурайлгаад зураад өлгөчихөж. Харин төрийн дууллын асуудлаа яаж шийдэхээ мэдэхгүй байтал зохион байгуулагч тал нь “Баярын марш тоглоод өгөх үү” гэхээр нь манай нэг багш гоё дуулдаг болохоороо “Би дуулж аргалъя” гэжээ. Багш нь их гоё дуулж байна гэнэ. “…Хөдөө тал минь малаар дүүрэн, хөвч ой минь ангаар дүүрэн” гээд л дуулжээ. Н.Баярсайхан гавьяат ч нэг их анзаараагүй боловч “Хөдөө тал минь малаар дүүрэн…” гэж дуулсан нь нэг л содон сонсогджээ. Тэгээд эх орондоо ирээд төрийн дууллаа сонссон чинь багш нь андуурсныг мэдээд ихэд гайхаж бөөн инээдэм болж байжээ. Багш нь яахав тулгамдахдаа төрийн дууллын үгээ мартаад мэддэгээр нь тэр дууг дуулчихсан аж.

Н.Баярсайхан гавьяатаас энэ удаагийн олимпод манайхан хэрхэн оролцохыг сонирхож суулаа. Тэрээр “Манай улс Бразилийн олимпод өрсөлдөхөөр боксын төрлөөр дөрвөн эрх хүртчихээд байгаа. Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай, Б.Түвшинбат, Б.Чинзориг нар. Одоо дахиж 1-2 эрх авах боломжтой нэг тэмцээн бий. Тэгэхээр энэ олимпод манайхаас боксоор 4-6 хүн оролцоно гэсэн үг. Эдгээр тамирчдаас аль нь ч медаль авахад гайхах зүйлгүй. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал, сугалаа, биеийн байдал, цаг агаар гээд олон хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалж медаль авах, үгүй нь шийдэгдэнэ. Бразил халуун орон. Халуун оронд гэнэт очвол манай тамирчид нозоорч, шалчийчихна. Хоногийг нь тулгаж очоод жингээ зөв хасаад, хоолоо тохируулчихвал медаль авах боломж бүрдэнэ. Д.Отгондалайн хувьд жингийнхээ хоёр, гуравт бичигдэж байгаа учир гол өрсөлдөгчидтэйгөө эхлээд таарахгүй. Энэ нь давуу тал болно. Б.Түвшинбатад ч боломж бий.

Гэхдээ нэг зүйл анхаарах хэрэгтэй. Манайхан дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд очно. Цаг агаар, цагийн зөрүү асар их. Одоо манай боксчид Кубад байгаа. Тэнд жаахан дасах хэрэгтэй байна. Монголд байхдаа бэлтгэлээ хийчихээд хувцсаа шууд тайлахгүй байх хэрэгтэй. Бүгчим газар, саун мэтэд бэлтгэл хийж дасах хэрэгтэй юм. Гэнэт халуун оронд очихоор хүн бачимддаг. Бразилд очоод халууцаж байгаад сэрүүцүүлэгчтэй өрөө, танхим, зааланд ороод хатгаа авч, халуун хүйтний харшил хөдлөх эрсдэл бий. Ер нь энэ мэт хүчин зүйлүүд чинь бидний томоохон өрсөлдөгч болчихоод байгаа. Энэ өрсөлдөгчийнхөө учрыг сайн олчихвол жинхэнэ өрсөлдөгчөө буулгаж авах боломж байгаа” хэмээн бодлоо хуваалцаад “Гэхдээ Чингисийн Монгол гэдэг чинь халуун, хүйтэн гэлтгүй ямар ч орчинд хүчээ гаргаж чаддаг улсууд болохоор бид медаль авах нь гарцаагүй ээ. Би Монголын боксчдодоо” итгэдэг гэлээ.

Л.Даваа гуай, Н.Батбаяр хоёр гэр бүлийн зургийн цомгоо гаргаж ирж ховор содон зургуудаа сонирхуулна. Н.Батбаярын хүү сургуулиасаа орж ирэнгүүтээ нөгөө өрөө рүүгээ булт үсрээд орчихов. Л.Даваа гуай биднийг цайгаар дайлж “Миний охин ёстой сайхан цай чанажээ. Хүүхдүүд минь тавагтай идээнээс амс. Чихэр, жигнэмэг ид” гээд таваг дөхүүлэв. Н.Баярсайхан гавьяат, түүний ээж, дүүтэй бүхэл өдрийг өнгөрөөж, хамтдаа ийн өнжлөө. Ээж нь баярлаж “Дахин ирээрэй” хэмээн үдсэн бол Н.Баярсайхан гавьяат бокс, олимпийн тухай халуун яриандаа түр цэг тавиад “Ахынх нь ажлын нэг өдөр иймэрхүү өнгөрдөг юм” гээд дараа уулзахын ерөөл тавилаа.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *