Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн хашаа ба муу жорлон

“Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжихээр болж байна. Засгийн газар, нийслэлтэй хамтраад айл өрхийг сайн хашаа хороотой болгохын тулд ийн анхаарал хандуулж байгаагийн цаад учир нь хот суурин газрын хөрсний бохирдлоос сэргийлэхэд оршиж байгаа. Нийслэлд 107 мянга орчим өрх хашаа байшинд амьдарч байна. Гэр хорооллыг нэг л өглөө орвонгоор нь нүүлгээд оронд нь өндөр орон сууцнууд сүндэрлүүлчихэж чадахгүйгээс хойш цэвэр, бохир усны шугамд холбогдсон боловсон байлгахаар шийдэхийн тулд уг хөтөлбөрийг боловсруулжээ.

Нөгөө талдаа гэр хороололд амьдарч байгаа хүмүүс цэвэр, халуун ус өдөр тутамдаа хэрэглэх эрхээ эдэлнэ гэсэн үг. “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд шаардлага хангасан айл өрхүүдэд таван жилийн хугацаатай, 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгох бөгөөд зээлийн эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс дээш гарчихвал 50 хүртэлх хувийг нь төр болон хот хариуцах маягаар эхний нэгээс хоёр жилд зээлийн төлбөрөөс чөлөөлөх зохицуулалт хийх юм байна.

Ингээд эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа нийслэлийн 69200 өрхөд чиглэсэн бодлого явуулах бөгөөд нийтдээ 200 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулахаар болжээ. Уг хөтөлбөр нийслэлд амжилттай хэрэгжсэний дараа аймгийн төвүүдийн гэр хорооллыг ийм маягаар өөрчлөх төлөвлөгөөтэй.

Сайн хашаа гэхээр гадна өнгө үзэмж, будаг шунх, гэрэл чийдэн, хаалга үүднээсээ эхлүүлээд дотоод тохижилт гэх олон үзүүлэлтийг харгалзах байх. Мэдээж нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах зорилготой уг хөтөлбөр яг айл өрх бүр дээрээ очвол арай өөр болж ирнэ л дээ. Айл тус бүр бохир, цэвэр усны асуудлаа шийднэ гэвэл хүндрэлтэй. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдсан, эрүүл сайхан газарт очсон айл өрхүүд гудамжаараа ч юм уу, хэд гурваараа нэгдэх маягаар боловсон жорлонтой болж хөтөлбөрийн ид шидийг үзүүлэх боломжтой.

“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдахыг хүсч байгаа, хүсэлт гаргах айл өрхүүдэд “Ерөөсөө газар ухаж нүхэн жорлон хийж болохгүй” гэх хатуу шаардлагыг нэгдүгээрт тавих хэрэгтэй.

Манайх шиг ингэж газар ухаад тэрэн дээрээ хоёр банз тавиад сууж байдаг үндэстэн энэ дэлхий дээр үлдсэнгүй. Аль л дунд зууны үед барьж байгаад 1800-гаад оны сүүл үеэс хэрэглээнээс шахагдсан нүхэн жорлон гэдэг чинь хамгийн л бохир заваан амбаар шүү дээ. Гэдэсний элдэв халдварт өвчин, хөрс, усны бохирдлын гол шалтгаан нь энэ жорлон. Нийслэлийн хөрсний 95 хувь нь бохирдолтой. Уг бохирдлын хамгийн том шалтгаан нь нүхэн жорлон. Өвөл нь хөлдөж дүүрээд, зун нь өт, батгана шавуулаад, үнэр танар нь дотор муухайруулаад огиулдаг. Ийм л муухай зүйлийн босгыг элээсээр бид удлаа. Засгийн газраас анхаарал хандуулж “Сайн хашаа” гэх гоё нэртэй хөтөлбөрийн нэрээр нүхэн жорлонгуудыг устгах гэж байгаа энэ аяныг бүгд дэмжин хүлээж авч байгаа. Олон нийтээрээ дэмжиж, даруй хэрэгжүүл хэмээж байгаа энэ үед уг хөтөлбөрт хамрагдаж зээл авах гэж байгаа айл өрх, иргэнд боловсон маягаар бохирын асуудлаа шийдээрэй. Нүхэн жорлонгоос зуун хувь татгалзана шүү гэдэг шаардлагыг хатуу тавьчих хэрэгтэй л дээ, анхнаас нь. Ийм шалгуурыг л нэгдүгээрт тавибал “Сайн хашаа” хөтөлбөрийн бараг 50 хувь нь хэрэгжчихлээ гэж ойлгож болно.

Анхнаас нь заагаад, толгойд нь суулгаад өгчихвөл айлууд тус тусдаа бохирын асуудлаа шийдэхээс илүүтэй хөршүүд, гудамжны айлуудтайгаа нийлээд сантехникийн асуудлаа зохицуулчихвал өртөг нь хямд тусна гэдгийг хэлүүлэлтгүй мэднэ. Ингээд хамтраад шийдчихсэн тохиолдолд харин хотын зүгээс тодорхой хугацаанд хогны машин явж хог ачдаг шиг бохирын машин явуулж бохирыг нь соруулж цэвэрлэчихэж болно. Иймэрхүү механизмаар дахиад хэдэн жил өнгөрөхөд аяндаа нэгдсэн шугам сүлжээтэй болоод зөв чигтээ орчих байлгүй. Хөтөлбөр эхлүүлэх нь яах вэ. Эхэлнэ. Хамгийн гол нь уг хөтөлбөрт хамрагдах айлуудад “Дахин нүхэн жорлон ухна гэж зүүдэлсний ч хэрэггүй шүү” гэдгийг гэрээний журам энэ тэр нь хатуу сануулаад өгчихөөрэй. Тэгвэл сайн хашаатай болцгоож, муу жорлонгоосоо салцгаана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *