Categories
мэдээ цаг-үе

Д.Хүрэлхүү: Бид их зөв дуугарч, зөв мессежийг нийгэмд өгөх ёстой

“Ядуугийн зовлон-2” уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн бөгөөд үзэгчдийн дунд хамгийн эрэлттэй киногоор нэрлэгдээд байна. Тус киноны нээлтийн үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбарэнцэнгийн Хүрэлхүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Та “Ядуугийн зовлон-2” киноны гол дүрд дахин тоглохоос гадна продюсероор ажиллажээ?

-Киноныхоо нээлтийг хийж үзэгчдэдээ хүргэлээ. Маш их сэтгэл хөдөлж байна. “Ядуугийн зовлон-2” кино маань миний төсөл удирдаж, продюсероор ажиллаж буй зургаа дахь бүтээл. Энэ удаа киноныхоо гол дүрд тоглолоо, баяртай байна.

-Нээлтэд ирсэн үзэгчид сэтгэл хангалуун байна. Шинэ бүтээл үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөнө гэдэг уран бүтээлчдийн хувьд юутай ч зүйрлэшгүй жаргал болов уу?

-Үзэгчдэдээ юуны өмнө сайн сайхныг хүсье. Би яг киноны нээлтийн үеэр үзэгчидтэйгээ хамт байж амжсангүй. Гэхдээ үзэгчид сэтгэл өндөр хүлээж авч байгааг би орж ирээд харлаа. Үүнийг уран бүтээлч бидний зорилго биеллээ оллоо гэж ойлгож байна. Үзэгчдэд маань таалагдсанд баяртай байна. Киногоо бага зэрэг айдастай нээж байсан. Одоо айдас маань дарагдлаа. Сэтгэгдэл өндөр байна. Бидний бүтээсэн “Ядуугийн зовлон -2” киног үзэж амжаагүй бол та бүхэн тухлан сууж таалан соёрхоорой. Цаашдаа үзэгчдийнхээ оюун санааны хэрэгцээг хангасан сайхан бүтээл, тэр дундаа кино бүтээхийг зорьж байна.

-Энэ олон жилийн дараа киноны хоёрдугаар ангийг хийх гол шалтгаан юу байв?

-Киноны нэгдүгээр анги нь 18 жилийн өмнө гарч байсан. Хоёрдугаар ангиараа өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байгаа гол утга санааг бид хэлэхийг зорьсон. Хүний амьдрал гэдэг эд хөрөнгө, мөнгө төгрөг биш гэдэг санааг энэ кинонд тод тусгаж өгсөн. Найруулагч Ц.Хүсэлбаатар, зургийн дарга С.Өлзийхүү болон манай кино багийнхан энэ цаг үед бид их зөв дуугарч, зөв мессежийг нийгэмд өгөх ёстой гэдэг үүднээс бид энэхүү киноныхоо төгсгөлийг маш их бодож хийсэн. Тухайн үед ч, хойшид ч ийм зүйл байх болно. Хүн эд хөрөнгө, өнгө мөнгөнд хэт шунавал юунд хүргэдгийг бид энэ киногоороо харуулахыг зорьсон. Харин мөнгө, эд хөрөнгөөс илүү сайхан аз жаргал, сайхан амьдрал байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон.

-Киноны нэгдүгээр ангийн Хүдэр, хоёрдугаар ангид эрс өөрчлөгдөж, ухаажиж гэх үү дээ. Төгсгөл нь өмнөх ангиас илүү гэгээлэг юм?

-“Ядуугийн зовлон-1” кинон дээр Хүдэр алт, эрдэнэс олж л баяжих сонирхолтой. Бодол санаагаа захирч чадахгүй шуналд хөтлөгдсөн нэгэн байлаа. Залуу ч байж. Харин энэ олон жилийн дараа Хүдэр эргэн ирэхдээ сэтгэцийн эмнэлгээс оргож улмаар нэгэн хүүтэй танилцана. Хүүгийн ээж бие муутай учраас тэр хоёрт хань болсон нь хуучин эхнэрийнхээ гэрт ирсэн байж таардаг. Ийн цааш үйл явдал улам сонирхолтой үргэлжилдэг. Хамгийн эцэстээ өнөөх олон жил хөөцөлдөөд байсан алт, эрдэнэс ч Хүдэрт наалдалгүй, бүх зүйл сайн сайхнаар эргэж кино төгсдөг. Гадаадын аймшгийн төрлийн кино гэхээр ихэнхдээ ид шид, эсвэл ямар нэгэн хар гарагийн амьтан ч юм уу, гадны биет төсөөлөгддөг. Харин монголчуудын хувьд дээр үеэс зарим тохиолдолд хүн бурханы оронд очсон ч эд хөрөнгөндөө хоргодоод тайван нойрсож чадахгүй үзэгддэг, тухайн эд хөрөнгөө байнга дагадаг гэж үздэг. Ахуй байдлаас сэдэвлэсэн кино болохоор тэр юм уу хүмүүст илүү хүрсэн болов уу гэж боддог. Энэ утгаараа Монголын анхны аймшгийн кино гэж хүмүүс ярьдаг байх.

-Киноны зураг авалт өмнөх ангитай харьцуулбал их өвөрмөц, технологийн хувьд шинэлэг болсон талаар үзэгчид ярьж байна. Зураг авалтын нууцаасаа хуваалцахгүй юу?

-Кино маань хүнд зураг авалтуудтай байсан. Гэхдээ их гоё, сонирхолтой төсөл явсан байгаа. Кинонд 18 жилийн өмнө тоглож байсан уран бүтээлчид хүртэл тоглосон шүү. Мөн Ц.Алдармаа гол дүр бүтээсэн гээд маш олон сайхан уран бүтээлч энэхүү бүтээлд нэгдлээ.

-Таны бие даасан ээлжит уран бүтээл хэзээ мэндлэх бол?

-Бид дөнгөж киноныхоо нээлтийг хийгээд байна. Түр амсхийж байгаад дараагийнхаа ажлыг төлөвлөнө дөө.

-Та гавьяатынхаа найрыг хэзээ хийх гэж байна?

-Одоохондоо бодсон юм алга. Гэхдээ болохгүй гэх юм байхгүй.

-Та үеийнхээ уран бүтээлчдийг хүүхдүүдийнх нь хамт нэгэн дор нэгтгэж “Тагнуулч аав” уран сайхны киног хийж байсан. Хүмүүст ч нэлээд хүрсэн. Дахин иймэрхүү уран бүтээл хийх бодол байна уу?

-П.Эрдэнэзаан, О.Бат-Өлзий, И.Одончимэг, Д.Бямбацогт бид хэд хүүхдүүдийнхээ хамт “Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кинонд тоглосон. Хийж болно. Цаг арай болоогүй байна. Надад өөрийн гэсэн бодол байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *