Categories
мэдээ нийгэм

Хордлогод орсон сурагчдын биеийн байдал хэвийн болсон гэв

Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эклерийн болон 61-р сургуулийн үдийн цайнаас үүдсэн хоолны хордлогын шинжилгээний талаар мэдээлэл хийлээ. “Ньюсвийтфүүдс” компанийн үйлдвэрлэсэн эклерийг идсэн 155 хүн хордлогод орж 97 хүн ХӨСҮОТ-д хэвтэн эмчлүүлсэн. Одоогоор бүх өвчтөний биеийн байдал сайжирч эмнэлгээс гараад байгаа ба хордлогыг сальмонеллёз бактериар үүсгэгдэж, хүний үйл ажиллагаанаас үүдэн хүнсэнд өөрчлөлт орж хоолны хордлого үүсгэсэн нь тогтоогджээ. Уг үйлдвэр нь бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сарыг бус худалдаанд гаргасан өдрийнхөө он сарыг тавьдаг байсан нь шалгалтаар тогтоогдож 1000 гаруй бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулжээ.

Мөн өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуульд хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Тус сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 18 бүлгийн 611 сурагч хамрагддаг бөгөөд цайны газаргүй тул “Айплмүүн”, “Хаан сүү” компанитай гэрээ байгуулан “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Хөтөлбөрийн батлагдсан цэсний дагуу тухайн өдөр “Алиман cap” хүнсний үйлдвэрт үйлдвэрлэсэн, 70 гр-аар савлагдсан жимстэй боов, “Хаан сүү” үйлдвэрт үйлдвэрлэсэн 100 гр савлагаатай нэрс жимсээр хийсэн “Жимсний жүүс”-ийг түгээсэн байна. Улмаар бага ангийн зургаан бүлгийн 202 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсанаас гуравдугаар ангийн 23 сурагчид хордлогын шинж илэрсэн. Эдгээр хүүхдүүд өрхийн эмчийн хяналтанд эмчлүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн болсон” гэлээ.

Үдийн цай хөтөлбөрт хамрагдсан бүлгүүдээс ганцхан бүлэгт хордлого илэрсэн тул бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагыг буруутгах боломжгүй бөгөөд нян судлалын шинжилгээний урьдчилсан дүнгээр, нэг хүүхдээс “Shigella spp” үүсгэгч илрээд байгаа юм. Нарийн шинжилгээг мэргэжлийн хяналтын төв лабораторид хийж байгаа ба эцсийн дүн хараахан гараагүй байгаа юм. Харин 61-р сургуулийн тухайд дээрх компаниудтай хийсэн гэрээг цуцалж, “Мон сүү”, “Талх чихэр” компаниудтай гэрээ хийн үдийн цай хөтөлбөрөө үргэлжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *