Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбурхны вакцинд 18-30 насныхан заавал хамрагдана

Улаанбурхны халдвар өнгөрсөн оны хавраас эхлэн дэгдэж, он гарсаар 59 хүүхэд эндсэн таагүй баримт бий. Одоо ч ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт улаанбурхны өвчлөл нь хүндэрсэн гурван хүүхэд амьсгалын аппарат зүүн хэвтэн эмчлүүлж байна. Дархлаа сайжруулах вакцинд хамрагдах нас нь болоогүй, нас нь болсон ч вакцинаа хийлгэж амжаагүй болоод бага насандаа вакцин хийлгэсэн ч дархлаа нь суларсан хүүхэд, залуус улаанбурхны халдвараар ийнхүү өвчилж, өвчин нь хүндрэх тохиолдол ХӨСҮТ-д их бүртгэгдэх болжээ. Иймээс улсын төсвөөс 943 сая 500 мянган төгрөг гарган 1986-1998 онуудад төрсөн 18-30 насны 600 мянга гаруй залуусд дархлаа сайжруулах вакцин үнэ төлбөргүй хийхээр болсон юм. Маргааш орон даяар улаанбурхны халдварыг намжаах, дарах зорилготой вакцинжуулалт нэгэн зэрэг эхэлж, энэ сарын 25-ны өдөр хүртэл буюу 14 хоног үргэлжилнэ. Ингээд вакцин заавал хийлгэх шаардлагатай 18-30 насныхан харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, албан байгууллагууд эсвэл их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакцинаа хийлгэнэ.

Дархлаажуулахын өмнө хүн бүрийг овог нэр, регистрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийднэ. Харин вакцин тариулсан иргэдийн зүүн гарын чигчий хуруунд тэмдэглэгээ хийж, 30 минут эмчийн хяналтанд байлгана. . Мөн 18-30 насны эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьсанаас хойших нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулах юм байна. Гэхдээ жирэмсэн, ямар нэгэн өвчин тусч эмчилгээ хийлгэж буй, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн болон өндөгний харшилтай хүнд нэмэлт дархлаажуулалтын вакциныг хийхгүй.

Эрүүл мэнд, спортын яамны мэдээллээр 2015 оны хавраас хойш улаанбурхнаар өвдсөн нийт иргэдээс 105 хүн энджээ. Эндсэн хүмүүсийн 90 хувь нь 0-8 сартай нялхас байсан байна. Харин он гарсаар 23 мянга 888 хүн улаанбурхнаар өвдөж, эмчлүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *