Categories
мэдээ нийгэм

Нью-Йорк хотод Монгол сургууль нээлтээ хийлээ

Нью-Йоркийн Монгол сургуулийн нээлт энэ сарын 6-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын байранд болжээ. Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад төрөлх хэл соёлоо уламжлан үлдээх нь Монгол төрийн чухал бодлого гээд Нью-Йорк хотод Монгол сургууль байгуулах санаачилгыг гарган байраар хангаж байгаа талаар танилцуулав. Тэрбээр цааш нь энэ санаачилгад эцэг, эхчүүдийн дэмжлэг чухал болохыг тэмдэглэж, цаашид хамтын хүчээр сургуулиа хөл дээр нь босгож, хамтран ажиллахыг уриалсан юм.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд Нью-Йорк хот төдийгүй зэргэлдээ Нью-Жерси мужид амьдардаг монголчууд хүүхдүүдийн хамтаар оролцож, сургалтад хүүхдүүдээ хамруулахаар бүртгүүлсэн байна. Тус сургуульд нийт 20 орчим монгол хүүхэд бүртгүүлээд байгаа бөгөөд нас, Монгол хэлний мэдлэгээр гурван бүлэгт хуваан хичээллэхээр төлөвлөж байгаа аж. Долоо хоног бүрийн бямба гарагт хичээллэх тус сургуульд Монгол хэл заахаас гадна монгол зан заншил, уламжлалын хичээл орох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *