Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коби Брайнт ба монголчууд

Сагсан бөмбөгийн түүх бол “Майкл Жордан” гэдэг ойлголт байсныг үгүйсгэх нэгэн үйл явдал манайхаар бол өнгөрөгч пүрэв гаригт боллоо. “Хар Мамба зодог тайллаа” гэсэн ганц өгүүлбэр дэлхийн спортын түүхэнд трэнд болж байна. Энэ өдөр “Лос Анжелес Лэйкэрс” багийн “түлхүүр” Коби Брайнт сагсөн бөмбөгийн ертөнцөд 20 жил зүтгэсний эцэст зодог тайлсан. Түүний Лэйкэрсийн нэр дээр тоглосон сүүлчийн тоглолт “Юта Жазз”-ын эсрэг байв. Алдарт “Стэплэс цэнтр”-т багтахгүй шахам цугласан үзэгчдийнхээ өмнө 101:96-гийн харьцаатай Коби “Юта”-г буулган авлаа. Коби гэхийн учир нь багийнхаа 101 онооны 60-ыг нь ганцаараа “түүсэн” юм. Голден Стэйт Уорриос улирлын 73 дахь хожлоо байгуулж NBA-ийн шинэ түүхийг бичсэн ч домогт “Хар мамба”-гийн сүрэнд дарагдсан гэдэгтэй хүн бүхэн санал нэг байна. Үнэндээ бол Голден Стэйтийн 73 дахь хожлыг “Or­acle Arena” байсан хүмүүсээс бусад нь анзаараагүй. Анзаараагүй гэхийн учир нь Коби анхаарлын төвд байсан юм.

1996 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Нью-Иорк Никсийн эсрэг тоглолтод чөлөөт шидэлтээс карьерийнхаа анхны оноогоо авч байсан тэрээр жинхэнэ нэр хүндтэй зодог тайллаа. Америкчуудын бахархал байжээ гэдэг нь хэдхэн хоногийн өмнө харагдсан. Алдарт Майкл Жордан зодог тайлах сүүлчийн тоглолтдоо 15 оноо авч байсан бол Коби 60 оноо авлаа гээд шуугьж байх юм. Тэр бүү хэл Америк даяар дөрөвдүгээр сарын 13-ны өдрийг #MambaDay буюу Мамбагийн өдөр болгон тунхаглалаа. Америкчууд өөрсдийн бахархлыг ингэж бий болгож чаджээ. АНУ-ын спортын энэ жишиг манайд хэрэгтэй байна. Хэдэн сая ам.доллар эргэлддэг сагсан бөмбөгийн түүхэнд хэдэн сая ам.доллараар хэмжигдэхээргүй үйл явдал болсон нь 37 настай сагсан бөмбөгч Коби Брайнтыг үдэх байв. Мамбаг зодог тайлах сүүлчийн тоглолтын тасалбар 10 мянган ам.долларт хүрсэн хэдий ч хэдэн сарын өмнө тасалбар нь дууссан талаар шуугьж байсныг санаж байгаа байх. 10 мянган ам.доллар гэдэг бол манай ханшаар 20 сая төгрөг болно. Гэтэл манайхан хамгийн их хүндлэл хүлээдэг хөлстэй хэдэн бөхчүүдээ ноцолдохыг харах гэж 10 мянган төгрөгөөр тасалбар худалдан авч байна гээд бод. Өөрсдийн бахархлыг бий болгоно гэдэг бол монгол Кобиг бий болгоно гэсэн үг. Зодог тайлах сүүлчийн тоглолтын ганц тасалбарыг 10 мянган ам.доллараар борлуулна гэсэн үг.

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд эхлэнгүүт л 50 муж нь “Өрнө”, “Дорно” гэсэн хоёр хэсэгт хуваагдан хоорондоо үзэлцдэг. Улирлын тоглолтууд үргэлжилсээр эцсийн мөчид хоёр баг аваргын төлөө шалгарч үлдэн “Аваргын бөгж”-ний эзэд тодордог. Зүгээр л хоёр баг аварга авах гэж тэмцэлдэж байгаа мэт боловч ард түмэндээ ямар их баяр баясгалан, бахархлыг төрүүлдэг гээч. Дайн холдох тусам тэдэн дундаас л үндэсний баатар төрдөг. Үүний нэг нь Коби Брайнт. NBA гэдэг бол асар их мөнгө эргэлддэг орон зай. Түүнийг дагаад бизнесийн боломжууд үргэлж дагаж байдаг. Тоглолтын дундуур реклам явахад л “бут” авдаг гэлцэх юм билээ. Америкийн дунд сургууль, коллежоосоо эхлээд сагсан бөмбөгийн аваргуудаа шалгаруулдаг. Тэдэн дунд Америкийн ирээдүйн бахархлууд бий болж байна, цаана чинь. NBA-ээс дутараахгүй NCAA буюу их дээд сургууль, коллежийн аварга шалгаруулах тэмцээнээс дараагийн одууд нь төрөөд эхэлчихэж.

NBA өндөрлөж, аварга баг тодорсон өдөр америкчуудын тэн хагас нь унтдаггүй. Аварга болсон багтаа хүндэтгэл үзүүлж хот даяараа баяраа тэмдэглэдэг. Маргааш нь тэр хотынхон тэдэн ширхэг хот дог, гамбургер, пицца иджээ. Тэдэн мянган литр кола ундаа уужээ гээд л тоо баримт гаргаж ирж байгаад л шуугьдаг. Үндсэн утга нь баярлахдаа хүртэл хүнсний салбараа дэмжиж байх жишээтэй. Бидэнд ийм л жишиг дутаад байна. Хаа байгаа Америкт Коби Брайнт зодог тайлж байхад монголчууд нойргүй хонож байх жишээтэй. Бид ингэж хүндэлж чадаж байна шүү дээ. Харин одоо бидэнд Мамба шиг үндэсний бахархал болох хүн хэрэгтэй байгааг хаа хаанаа бодолцох л ёстой. Монголчуудын бахархал, омогшил, сэтгэл хөөрлийг дээд цэгт нь тулгаж чаддаг хүнтэй, багтай болж ганцхан түүний тухай л яримаар байнаа. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг гэсэн бага нэгжээс нь эхлээд Америкийн арга барилаар спортын аль нэг төрлийг гаргаж ирэх цаг хэдийнэ болжээ. Бүр болохгүй бол шинэ спортын төрлийг ч нээсэн болно. Харин энэ тэмцээн нь үндэсний бахархал байх ёстой. Монголын эдийн засгийн форумын үеэр “Монгол мөрөөдөл” гэдэг өөрсдийн бахархлыг бий болгохоор залуучууд бүтэн өдрийн турш хуралдсан. Цаашид ч гарцаа хайна гэж байна лээ. Хайгаад байгаа “Монгол мөрөөдөл” чинь энэ юм биш үү. Хэрэв бид үүнийг бий болгож чадвал үндэсний баатартай, Монголоороо бахархдаг болох нь төдий чинээ нэмэгдэх юм. Харин тэр үндэсний баатар, монгол бахархлаас хайр энэрлийн халуун гэгээ цацарч байх ёстой юм шүү. Энэ л бидэнд дутагдаад байна. Жалга довны хэрүүл, улстөрчдийн хийрхлийг мөн ч олон жил харлаа. Харамсалтай нь нам гэдэг намирсан “туг”-ийг өндөрт өргөснөөс үндэсний баатартай болсонгүй.

Монголын бүх ард түмний спартакиад 1961 оноос хойш арвандөрөв дэх удаагаа болж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард Монголын бүх ард түмний их наадам 20 спортын төрлөөр эхлэн үргэлжилж байгаа ч ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаггүй шүү. Өнөөдрийн байдлаар өвлийн спортуудаас эхлээд жүдо, чөлөөт гэхчилэн олны анхаарлын төвд байдаг төрлүүд аваргуудаа тодруулсан ч ямар шинэ аваргатай болсон бэ гэдгийг мэдэж байгаа хүн үнэндээ алга. Ийм байж болох уу. Уг нь энэ спартакиадаас чинь л баатрууд нь төрж байх учиртай. Хэвлэл мэдээллийн байгууллагууд спортын тэмцээнүүдийг нь шууд дамжуулж, дундуур нь үндэсний компанийнхаа рекламуудыг явуулаад, аль аль талдаа ашигтай байх хэрэгтэй. Бүх ард түмний спартакиадыг олны анхаарлын төвд оруулж бахархлаа тэндээс нээмээр байх юм. Америкчууд сагсан бөмбөгийн үндэсний аваргаа тодруулчихаад шөнө нь нойргүй хонон баярлаж байхад монголчууд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдахад зурагт үзэж нойргүй хонож байсан. Саяхан “Баянгол” зочид буудалд хүчний байгууллагынхан хоёр компанийн бичиг баримтыг шалгахаар очих үед “Женко” Х.Баттулгыг баривчлах нь гэж сүржигнэн өдрийн ажлаа барсан. Үнэндээ Х.Баттулга, Н.Энхбаяр хоёрыг телевизээр үзлээ гээд бидэнд яг юу үлдэж байна вэ. Хийрхэл, атаархал, үзэн ядалт, хагарал бутрал, хар хор, жигшил зэвүүцэл л үлдэж байна. Монголоо монголчууд нь үзэн яддаг адын зүйлд хөтлөгддөг болж. “Миний даргыг барьдаг, хорьдог, шалгадаг чи хэн бэ” гэж ирээд л “Хаа таарсан газар нь нам бууд” хэмээн хийрхэх боллоо.

Хэдэн тэнэг даргынхаа аль бүлэглэл фракц нь ялах вэ гэдгийг харж байхаар үндэсний бахархалтай болцгооё. Үндэсний бахархлаа бид багийн спортоос сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол спортын ганцаарчилсан төрлөөс сонгочихоор жалга довны бахархал болдог. Үндэсний бөхийнхнийг хар. Аймаг, хошуу, жалга довоороо талцдаг. Тэр бөх түрүүллээ гэхэд фэйсбүүкт хөөргөдөж, хэдэн лайк авахаас ер хэтрэхгүй. Гэтэл цаад америкчууд чинь Коби Брайнтаа зодог тайлсан өдрийг хүртэл баярын өдөр болгон тэмдэглэж байна. Төр засгаас нь албан ёсоор баярын өдөр болгоогүй байтал иргэдийнх нь өөрсдийн хүсэл санаачилгаар баярын өдөр болгож байх юм. Бахархлаа бүтээнэ гэдэг нь энэ. Гэтэл манай зарим нэг үндэсний бөхийн тамирчин “Зодог тайлна” хэмээн сүр дуулиантай мэдээлэл тараачихаад маргааш нь “Би зодог тайлахаа болилоо” хэмээн ичих ч үгүй яриад сууж байдаг. Огтхон ч санаа зовсон зүйлгүй ярина гээч. Тиймээс багийн спортыг гаргаж ирэх ёстой гээд байна л даа. Тэр бахархал болсон спортын багаас баатар болох тамирчин төрөн гардаг учиртай. Цаад тамирчин нь ч гэсэн үнэхээр үлгэр дуурайл болж чаддаг. “Бүх талаас нь оролд. Тоглолт бүр дээр өөрсдийгөө дайчил. Чамайг дуусгах өдөр ирмэгц чамд ямар ч харамсах шалтгаан байхгүй болно. Зүрх сэтгэлээсээ тогло. Маргааш гэж байхгүй мэт бэлтгэл хий. Харамсах шалтгаан үлдээхгүйгээр тоглолтыг орхиж гар…” хэмээн Коби Брайнт хэлдэг тухай багийнхан нь ярилцлагадаа өгүүлсэн байна. Энэ үгийг сонсож буй тамирчид дундаас дараагийн Коби төрдөг юм. Монголчууд бид тийм л “Коби”-той болмоор байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *