Categories
мэдээ нийгэм

Тариаланчдын зээлийг “Монгол тариалан” корпорациар дамжуулан олгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг
баталсан. Хөтөлбөр хэрэгжсэнээр тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж
намрын ургац, газар эзэмших эрхээ барьцаалан зээл авах боломж бүрдэж
байгаа юм. Энэ хүрээнд тариалан эрхлэгчдэд 50 хүртэл тэрбум төгрөгийн
зээлийг арилжааны банкнаас гадна “Монгол тариалан” төрийн өмчит улсын
үйлдвэрийн газраар дамжуулан олгохоор болжээ. Өнгөрсөн онд газар
тариалангийн салбар ургацынхаа 80 гаруй хувийг алдаж, 400 орчим тэрбум
төгрөгийн хохирол амссан. Тиймээс энэ жил тариалан эрхлэгчдэд дэмжлэг
үзүүлэх зорилгоор засгийн газраас 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл
олгохоор болсон юм. Арилжааны банкуудаар тариаланчдад олгож буй зээлийн
нөхцөл өндөр нь салбарынханд хүндрэл болжээ. Энэ асуудлыг харгалзан
үзэж ийнхүү арилжааны банкнаас гадуур тариаланчдад 50 тэрбум төгрөгийг
зээлэхээр болсноо ХХААЯ мэдэгдлээ.

Хаврын тариалалтын бэлтгэл байдал бүрэн
хангагдсан. Ирэх долоо хоногоос тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл
олгоод эхэлчихвэл хаврын ажил жигдрэх шатандаа орно гэж салбарын
яамнаас мэдээллээ. Мөн энэ үеэр мал төллөлтийн нөхцөл байдлын тухай
танилцууллаа.

Харин улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар
900 мянга гаруй мал хорогджээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 27 мянган
мал хорогдсон байна. Сүхбаатар, Увс, Архангай, Завхан аймгууд хамгийн их
малын хорогдолтой байна. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй, салхи
шуургай ихтэй байх учраас малчид, ард иргэдийг хаврын хавсрагаас
сэрэмжтэй байхыг салбарын яамнаас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *