Categories
мэдээ нийгэм

Чанаргүй зээл 17.3 хувиар өсчээ

Үндэсний Статистикийн газраас Монгол Улсын энэ оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн байдлыг өнөөдөр танилцууллаа.

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСЧЭЭ

Хэрэглээний үнийн улсын индекс гуравдугаар сард өмнөх сарынхаас 0.5 хувь, өмнөх оны эцсийнхээс болон өмнөх оны мөн үеийнхээс 1.7 хувиар өсчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 23.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.8 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 17.3 ХУВИАР ӨСЧЭЭ

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 11.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 199.3 тэрбум төгрөг буюу 1.7 хувь өсч, өмнөх оны мөн үеийнхээс 443.9 тэрбум төгрөг буюу 3.6 хувиар буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 967.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 23.2 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үеийнхээс 408.0 тэрбум төгрөг буюу 72.9 хувиар өссөн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл гуравдугаар сарын эцэст 965.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 54.4 тэрбум төгрөг буюу 6.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 262.5 тэрбум төгрөг буюу 17.3 хувиар өссөн байна.

АЖИЛГҮЙ 35.4 ИРГЭН БАЙНА

Бүртгэлтэй ажилгүй иргэд гуравдугаар сарын эцэст 35.4 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 мянган хүн буюу 6.3 хувиар, өмнөх сарынхаас 0.3 мянган хүн буюу 1.0 хувиар өссөн байна.

Улсын хэмжээнд оны эхний улиралд 7200 гэмт хээг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 676 хэрэг буюу 8.6 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо буурахад хүний амь, бие эрүүл мэндийн эсрэг /212/, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг /158/, аж ахуйн эсрэг /112/, өмчлөх эрхийн эсрэг /88/ хэрэг зэрэг буурсан нь голлон нөлөөлсөн байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг гуравдугаар сард 2577 болж, өмнөх сарынхаас 262 буюу 11.3 хувиар өсчээ. Аюулт үзэгдэл осол оны эхний улиралд 1072 удаа гарч, 11 хүн амь насаа алджээ.

ТӨРӨЛТ БУУРЧЭЭ

Улсын хэмжээнд оны эхний улиралд 19043 эх амаржиж, 19141 хүүхэд төржээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 598 буюу 3.0 хувиар, төрсөн хүүхдийн тоо 294 буюу 4.2 хувиар буурсан байна. Нялхсын эндэгдэл оны эхний улиралд 427 болж, өмнөх оны мөн үеийнхээс 106 хүүхэд буюу 33.0 хувиар, 5 хүртэлх насандаа 491 хүүхэд эндэж, 120 хүүхэд буюу 32.3 хувиар өсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *