Categories
мэдээ цаг-үе

Энэ хавар сорочкон даашинз тренд болж байна

Танд сорочкан даашинзан дээр ноосон цамц өмсөхийг зөвлөж байна. Учир нь сорочкон даашинзыг олон янзаар хослуулж болдог. Ажил хэрэгч, өмсөхөд хялбархан учраас бүтэн жилийн турш тренд болж байна. Сорочкан захтай богино цамцан дээр ноосон цамц өмсдөг байсан бол одоо энэ моод урт даашинзан дээр өмсөж, хормойг нь ил гаргадаг болж өөрчлөгджээ. Томдсон эсвэл уртадсан юм шиг сорочкан даашинзнуудаас даавуун материалтай цагаан өнгөтэй нь загварлаг бүсгүйчүүдийн дунд хамгийн эрэлттэй байна. Энэ трендийн нэршил нь “даашинз” боловч цамц шигээ шулуухан хормойтой, бэлхүүс гаргаагүй байх нь чухал аж. Сорочкан даашинзаа заавал цагаан өнгийн биш, шулуун зураастай, формны цэнхэр өнгөтэй гээд төрөл бүрийн өнгөөр хослуулж болно. Та уг трендэд зориулан авсан цагаан сорочкан даашинзаа хавар дуустал ноосон цамцтай хослуулж байгаад зуны дулаахан өдрүүдэд дангаар нь өмссөн ч болох юм. Дангаар нь өмссөн сорочкан даашинзныхаа доор ямар ч сандааль, өндөр өсгийт, гутал, урт түрийт өмсөж болно.

Мөн та энэ хаврын гоёлдоо гар аргын чимэглэл орсон хурц тод өнгөтэй хувцас сонгоход буруудахгүй гэнэ. Туузан зураас, талын улаан цэцэгс, цагаан цэцэгсийг голчилсон гурван төрлийн өнгө энэ хаврын тренд юм байна.

Сүүлийн үеийн загварын чиг хандлага хормой шиг нүсэр ханцуйгаар гангарч, өөрийнхөө эрх чөлөөт стилийг илэрхийлдэг болжээ. Өдөр тутмын хувцаслалтад хар, улаан зэрэг бусад өнгөнөөс илүү цагаан өнгийн, дэрвэгэр ханцуйтай цамцнууд өргөн сонгогджээ. Ийм цамцыг шулуун, скинни, брюкэн, жийнсэн, даавуун гээд бүх л өмдөн дээр хослуулж өмсөж болдгоороо давуу талтай. Хонхон ханцуйнууд бүгд ижилхэн юм шиг харагдавч, хэлбэр, хэмжээ, гарын аль хэсгээс эхэлсэн зэргээрээ олон төрөл байдаг. Гэхдээ аль ч төрөл нь хувцаслалтын гол цөм болж, эмэгтэйлэг бөгөөд хиппи уур амьсгалыг оруулах болно. Хонхон ханцуйтай цамцны хамгийн их алдаршиж байгаа загвар нь тохойноос эхэлсэн, бөмбөгөр биш шулуувтар урт трапецан ханцуйтай, цээжин хэсгээрээ ч трапецан хэлбэртэй цамц орж байна. Энэ трендийг өмсөхдөө хоёр трапецийг хослуулсан ч өөртөө итгэлтэй алхаж болох нь ээ. Харин трапецан ханцуйтай даашинз өмсөхөөр шийдсэн бол доор нь туфлинээс илүү богино түрийтэй намхан гутал зохицох юм. Трендийн мөн чанар 70-аад оны уур амьсгалыг оруулснаар дэгжин харагдах гэнэ.

Энэ хавар трапецан жийнс эргэн моодонд орлоо. Шуумаг нь газар шүргэсэн урт хэрнээ суудал нь богинохон байвал илүү загварлаг харагдана. Трапецан өмдний шуумаг газар чирэгдэж сэмэрч урагдах нь трендийн нэг хэсэг нь болдог. Мөн 2000 онд Солонгос, Тайвань, Монгол, Америк, Английн гээд тухайн үеийн бүх л эмэгтэй хамтлаг дуучид кепкан малгай, жийнсэн юбкыг хослуулдаг байсан. Энэ трэнд энэ хавар мөн л бүсгүйчүүдийн анхаарлыг татах юм байна.

Эрчүүдийн хувьд арваад жилийн өмнө моод болж байсан пиджакны дотуур малгайтай цамц өмсөх тренд энэ хавар эргэн иржээ. Та пиджакны дотуур малгайтай цамц өмсөөд хоёулангийнх нь ханцуйг давхраар нь хойшлуулахаа бүү мартаарай. Мөн нэг мөрөө дамнуулан хажуудаа гаргаж үүрдэг цүнх эргэн моодонд оржээ.

Бэлтгэсэн С.АРИУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *