АНУ-ын Сансар судлалын агентлагаас онгоц үйлдвэрлэгч Локхид Мартин компанитай хамтран ажиллах гэрээг байгуулснаа мэдээллээ. Хамтын ажиллагааны гол зорилго нь 20 сая ам.долларын өртөг бүхий дуунаас хурдан зорчигч тээврийн онгоцны загварыг урьдчилсан байдлаар бүтээх гэнэ. Тус онгоцыг QueSST буюу Quiet Supersonic Technology хэмээх орчин үеийн технологийг ашиглан бүтээхээр болсон байна. Мөн энэхүү төсөл нь НАСА-ийн иргэний агаарын тээврийн салбарт цоо шинэ онгоцуудыг бүтээх зорилго бүхий New Aviation Horizons хэмээх санаачлагад багтах “X-planes” цувралын анхны загвар болох юм байна.
НАСА-ийн зүгээс дуунаас хурдан онгоц бүтээх төслийг ойрын хэдэн жилийн дотор дуусгаж, 2020 оноос эхлэн анхны нислэгүүдээ үйлдэж эхлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэдгээ энэ үеэр онцолжээ.