Өнөөдөр Архивын ерөнхий газрын шинэ байр ашиглалтад орж архивын бүх үйлчилгээг нэг дороос үзүүлж эхэллээ.
Өмнө нь Үндэсний төв архив, кино, гэрэл зураг, дуу авианы баримтуудын төвүүд тус тусдаа байранд үйлчилгээ үзүүлж байсан юм. Үндэсний төв архив өдөрт 50-100 орчим иргэн, жилд дунджаар 30 мянга хүртэлх хүнд архивын лавлагаа олгодог. Ингэхдээ хүн амын тооллого, цалин, ажилласан жилийн тодорхойлолтын лавлагаагаар үйлчилдэг байна. Архивын бичиг баримтыг стандартын дагуу хадгалах шинэ цогцолбор барилга ашиглалтад орохтой холбоотойгоор зарим төрлийн лавлагаа мэдээллийг хоёрдугаар сарын 29 хүртэл олгохгүй хэмээн өнгөрөгч 11 дүгээр сард тус газраас мэдэгдээд байсан бол өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Архивын ерөнхий газар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буян – Ухаа-2” хорооллын баруун талд байрлаж байна.