Categories
мэдээ цаг-үе

А.Мэргэн: Хүрэл медалийн оосроос атгаад алдлаа

ОХУ-ын Ульяновск хотод энэ сарын 10-14-нд болж өнгөрсөн бөмбөгтэй хоккейн ДАШТ-д Монголын шигшээ багийнхан түүхэн амжилт үзүүллээ. Монголын шигшээ баг Украин, Хятад, Япон, Сомали, Чех улсуудтай нэг хэсэгт хуваарилагдаж Японы шигшээ багт хожигдсон ч, Хятад, Сомали, Чехийн шигшээ багийг буулган авсан байна. Хүрэл медалийн төлөөх тоглолтод хэсэгтээ өмнө нь хожиж байсан Украины багтай таарч 6:5-ын харьцаагаар хожигдож дөрөвдүгээрт шалгарчээ. Шигшээ багийн тамир-чид эх орондоо ирээд хэвлэлийн бага хурал хийх үеэр Монголын хоккейн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн, тус ДАШТ-ий “Шилдэг хаалгач”-ийн шагнал хүртсэн Б.Мөнхболд нартай ярилцлаа.

-Сайн явж ирэв үү. Юуны өмнө ДаШТ-д амжилттай оролцоод ирсэн танай багийнханд баяр хүргэе. Энэ удаагийн ДаШТ-ий онцлог нь юу байв. Тэмцээний сэтгэгдлээс хуваалцана уу?

-Тэмцээн их сайхан болж өнгөрлөө. Хүрэл медалийн оосроос атгаад алдсанд хүүхдүүдийнхээ өмнөөс харамсч байна. Энэ удаагийн ДАШТ-д 10 орны 10 баг оролцсон. Бидний хамгийн эхний учраа Японы баг байлаа. Өглөө 7 цаг 30 минутад вагоноос буугаад л шууд тоглолтоо эхлэхэд хүрсэн. Өглөөний тоглолт хэцүү юм билээ. Гэхдээ биднийг гуравхан сар бэлтгэл хийсэн гэхэд бусад орны дасгалжуулагчид гайхаж байсан шүү.

-Бөмбөгтэй хоккей Монголд хэзээнээс хөгжиж эхэлсэн бол?

-Бөмбөгтэй хоккейн олон улсын тэмцээнүүдэд монголчууд 2003 оноос оролцож эхэлсэн. Сүүлийн хоёр жил бид нэлээн амжилттай ажиллаж, хоккей сонирхдог хүүхдүүдийн тоог 500 гаруй болголоо. Өнгөрсөн жил нийт дөрвөн мөсөн талбай барьсан. Энэ жил нэмж дөрвийг барьчихаад байж байна.

-Манай улс цас, мөсний орон. Гэхдээ өвлийн спорт сайн хөгжөөгүй. Манай баг тамирчид бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ?

-Хотод байгаа мөсөн талбайнууд дээрээ л гарч байгаа. Энэ нь бөмбөгтэй хоккей тоглоход хамаагүй бага хэмжээтэй л дээ. Мөс хөлдөх тусмаа хатуу болдог. Хатуу мөсөн дээр гулгахад тамирчдын хувьд зарим дасгал тохирдоггүй. Зогсохоос эхлээд хүн тойрч гүйх зэрэг дасгалууд нь хэцүү болчихдог юм. Харин заалны мөс нь тавхан градус байдаг болохоор маш зөөлөн, дасгал хийхэд тохиромжтой байдаг. Тийм заал Монголд байхгүй нь харамсалтай. Зундаа бол ямар ч бэлтгэл хийх боломжгүй. Бэлтгэл хийх мөс нь байхгүй. өвөлдөө шаланкаар ус асгасан болоод гурав, дөрвөн сар л бэлтгэлд гардаг. Ийм бэлтгэлтэй мөртлөө ингэж сайн тоглосонд тамирчдаараа маш их бахархаж байна.

-Энэ жилийн ДАШТ-д Мон-голын баг хүрэл медалийн төлөөх тоглолтдоо Украины багтай зодоон хийсэн тухай цахим ертөнцөөр шуугиж, олны анхаарлыг их татаж байна. Яг юу болсон юм бэ?

-Талбайн хажуугаас тоглолтыг үзэх, 50-60 метрийн өндрөөс авсан бичлэгийг үзэхэд өөр байдаг юм байна лээ. Талбайн хажуугаас юу болсон нь сайн харагдаагүй. Тэмцээний бичлэгийг харахад Украины тамирчныг гоол хийхээр цохиход нь манай хаалгач Б.Мөнхболд хаасан. Украины тоглогч тэр бөмбөгийг ахиж цохих гээд Б.Мөнхболдыг мөргөж байгаа харагдсан. Тэрнээс болоод манай хамгаалагч хаалгачаа өмөөрөөд зодоон болсон юм уу л гэж бодож байна. Мэдээж хүрэл медаль зүүх боломжоо алдсан болохоор хор шар хөдөлсөн байх л даа. Хүүхдүүд маань өөрсдөө жаахан шар хөдөлчихлөө гэж хэлсэн л дээ. Ер нь хаалгачид ямар ч тохиолдолд хүрэх эрх байдаггүй.

-Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ тамирчдаас гадаадын багт орж тоглох боломж байгаа юу?

-Энэ ДАШТ-ээр Б.Мөнхболд шилдэг хаалгачаар шалгарсан. Оросын клубуудээс Ж.Баярсайхан, Б.Мөнхболд нарыг багтаа тоглуулах санал ирсэн. Бид тамирчдаа хөгжих боломж гарч л байвал дэмжинэ гэж бодож байгаа.

Б.МөнхБолд: ЗОДОЛДЛОО ГЭЭД НАДАД УЛААН КАРТ ӨГСӨН ГЭСЭН

-Юуны өмнө “Шилдэг хаалгач”-аар шалгарсанд тань баяр хүргэе. Тэмцээн ямар болж өнгөрөв?

-ДАШТ бидний хувьд ур чадвар шаардсан, чухал тэмцээн байлаа. Энэ удаад медаль авах бүрэн боломжтой байсан ч жаахан аз дутлаа. Бусад багийг бодвол бэлтгэл дутуу байсныг хэлэх хэрэгтэй.

-Та хоккейгоор хэдэн жил хичээллэж байна. Өөрийгөө товч танилцуулаач?

-2002 оноос хойш хичээллэж байна. Шайбтай хоккейн “Хасын хүлгүүд” багийн хаалгач. Улаанбаатар хотод 1988 онд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

-Хоккей тоглохын хажуугаар өөр ажил эрхэлдэг үү?

-Манай тамирчид бүгд л хоккей тоглохын хажуугаар ажил эрхэлдэг, сурдаг ч хүн бий.

-Шигшээ багийн дасгалжуулагч тань таныг энэ тэмцээнээр маш сайн тоглосон. Бөмбөг хаахын тулд мөсөн дээр байгаагаа тоолгүй өндөр үсэрч хаадаг, биеэ хайрладаггүй тоглодог хүн дээ гэж байсан?

-Би хөлбөмбөг бас тоглодог л доо. Хөлбөмбөгийн “Хоромхон” клубт хаалгач хийдэг. Биеэ хайрлахгүй тоглодог гэдэг бол хүмүүсийн л яриа. Гэмтэл бэртэл авчих вий гэсэндээ л тэгж ярьдаг байх. Хүн хэдий өндөрт үсэрсэн ч яаж буух вэ гэдэг нь бэлтгэлийн үр дүн байдаг. Эвээр буух арга гэж бий. Тэр аргыг сайн мэддэг байхад эвтэйхэн буучихна.

-Хүрэл медалийн төлөөх тоглолт дээр Украины багтай зодоон болсон. Украины тамирчин хаалгачийг мөргөсөн учраас хамгаалагч нь өмөөрч зодоон болсон гэж ярьж байна. Олон нийтийн сүлжээгээр дэмжих хандлага ч ажиглагдаж байна. Энэ талаар?

-Бөмбөгтэй хоккейд хурц контакт буюу мөргөх, шүргэх зүйл байдаггүй. Хоёр хүн өөд өөдөөсөө цээжээрээ мөргөлдөх тохиолдол л байдаг. Тэр тоглолт маш хүнд болсон. Үндсэн цагтаа тэнцээд, нэмэлт цаг сунгасан. Аль аль багийн тамирчид сэтгэл хөдлөл ихтэй, “шатчихсан” байсан болохоор мөргөх, шүргэх тохиолдол байсан.

-Таныг мөргөсөн нь үнэн юм уу?

-Гоол хийх үедээ мөргөх нь мөргөсөн л дөө. Гэхдээ түүнээс улбаатай зодоон болсон гэж бодохгүй байна.

-Хаалгачид хүрэх хориотой байдаг болохоор хамгаалагч таныг өмөөрсөн гэж дасгалжуулагч хэлж байсан.

-Багийн спортод хаалгачид хүрэх хориотой байдаг. Хаалгачид аль болох хүргэхгүй, гэмтээхгүй гэж хамгаалагч нар нь хамгаалж тоглодог. Түүний үндсэн дээр үл ойлголцол үүссэн болов уу.

-Хамгаалагч Б.Батгэрэл та хоёрт шийтгэл ирнэ гэж байсан. Шийтгэлийн тухай танд ямар нэг мэдэгдэл ирсэн үү?

-Шийтгэлийн тухай яриа гарсан. Надад улаан карт өгсөн гэсэн. Ирэх жилийн ДАШТ-д эхний тоглолтод орох эрхийг хассан гэсэн яриа байна. Баттай үгүйг нь сайн мэдэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *