Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өгнө, өгөхгүй гэж маргалдахад хүртэл дагадаг соёл дэлгэрч байна

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр АНУ-ын Калифорни мужийн Сан-Бернардинод алан хядах ажиллагааны үеэр 14 хүн амиа алдаж, 21 хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн үед гэм зэмгүй хүмүүсийн аминд хүрсэн террористуудын үйлдлийг АНУ-ын Засгийн газар буруушааж, галт зэвсгийн хэрэглээний талаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, террорист ажиллагаанд сэжиглэгдэж буй иргэдэд галт зэвсэг худалдахгүй байхыг тусгаж өгөхийг Конгрессийн гишүүдээс хүсч байсан.

Тус улс үндэсний аюулгүй байдалдаа ихээхэн анхаарал хандуулж, бүхий л салбартаа хамгаалалтаа сайжруулаад байгаа. “Аш-Шабаб”, “Лалын улс” зэрэг бүлэглэл өөрсдийн сургаж, бэлтгэсэн хүмүүсээ аль нэг улсад илгээдэг уламжлалт арга барилаа өөрчилж, бусад улс орны иргэдийг халдлагад оролцохыг уриалах болсон. Америкийн сомали гаралтай иргэд шашны туйлширсан үзэлтнүүдтэй нэгдэхээр хилийн чанадыг зорих болсон нь түгшүүр төрүүлж байгаа юм.

Тус улсын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг хатуу зогсохоо илэрхийлж “АНУ алан хядагчидтай дэлхийн булан бүрт тэмцэх болно” гэсэн билээ.

Сан Бернардино хотод болсон террорист халдлагын дараа гэмт хэрэгтний ip­hone маркийн гар утас хэргийн газраас олдсоноор нь олон нийт “Уг гар утсан дахь мэдээллээр дамжуулж террористуудын сүлжээг илрүүлж, зангилааг нь тайлах боломжтой” гэж үзэж, үүнд “Аpple” компанийг тусална хэмээцгээж байсан юм. Ийм мэдээ олон нийтийн сүлжээгээр эрчээ авах үеэс л тус компани үүнд туслах боломжгүй гэдгээ илэрхийлсээр байсан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд авсан.

Дэлхийн сая сая хэрэглэгчийнхээ хувийн нууц, эрх ашгийг чандлан хадгалдаг “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук “Цагдаагийн ажилтнууд болон Холбооны мөрдөх товчооноос удаа дараа ирүүлсэн хүсэлтийг хүлээж авах боломжгүй. Биднийг “арын хаалгадаж” байгаад мэдээлэл авах гэж улайрч байгаа нь аль аль талдаа эрсдэлтэй. Тиймээс уг хүсэлтийг биелүүлэхгүй. Бид хэзээ ч гар утасны мэдээллийг задалж өөр бусдад өгч байгаагүй. Хүчний байгууллагууд бидэнд хандаж тухайн гар утасны мэдээллийг авах сонирхолтой байгаа нь эргээд “Apple”-ийн олон сая хэрэглэгчийн аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг болно” гэж нээлттэй захидлаар олон нийтэд мэдэгдсэн юм.

Сан-Бернардинод болсон аймшигт халдлагыг Сиед Фаруук, Ташфен Малик гэх “Исламын улс” бүлэглэлийг дэмждэг хос үйлдсэн. Тэд 14 хүн рүү гал нээж эцэст нь цагдаа нарт буудуулж амиа алдсан юм. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо тэдний хамсаатнуудыг илрүүлэхийн тулд утаснаас нь мэдээлэл авах зөвшөөрлийг Калифорни мужийн шүүхээс аваад байсан юм. Шүүхээс гэмт хэрэгтний утасны кодыг тайлж өгөхийг “Apple” компаниас шаардсан ч тус компани үүнийг эрс эсэргүүцсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсээр буй. Хүний эрхийг хамгаалах байгууллагуудаас Засгийн газрын энэ түрэмгийлсэн үйлдлийг ухаалаг бус, хууль бус явдал гэдгийг ч онцолж “Хүний эрхийг зөрчиж байна” гэжээ.

Энэ бүхнийг тоймлоод харвал улс орныхоо аюулгүй байдлын төлөө алан хядагчдын талаарх мэдээллийг гэмт этгээдийн гар утсаар дамжуулж олохыг хүсч байгаа нь АНУ-ын Засгийн газрын зөв. Нөгөө талд нь байгаа “Apple” компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг хэнд ч өгөхгүй, хэрэглэгчийнхээ эрх ашгийг чандлах нь бидний ёс зүй хэмээн гүрийж байгаа нь ч бас зөв л дөө. Энэ хоёрын аль нэг талд нь орж нөгөөг нь буруушаахыг хүссэнгүй. “Apple” компанийн хувьд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд маш том зүйлийн эсрэг зогсч, хувь хүний мэдээллийг хадгалах гэдэг бизнесийн гол зарчмаасаа ухрахгүй байна. Хэрэвзээ манайд иймэрхүү зүйл тохиолдвол захын нэг цагдаа “Мобиком” дээр очоод хүний гар утасны дугаараар дамжуулаад мэдээллийг нь олж авах гэж хичээх болно. Эсвэл хэн нэг том даргынхаа гарын үсэгтэй бичиг харуулж, үүрэн телефоны ажилтнуудыг сандаргана.

Хэдэн жилийн өмнө хүн амины ноцтой нэгэн хэрэг гарахад цагдаагийнхан “Мобиком”-оос “Утасны эзний бичсэн мессэж, ярьсан дуудлага зэргийг шалгах шаардлагатай, хэрэгтэй мэдээллийг өг” гэхэд хөдөө орон нутгийнх нь салбарын ажилтнууд тэрийг нь биелүүлэхээс татгалзаж байсан удаатай. Ингэснийх нь төлөө тус үүрэн телефоны операторыг хэн хүнгүй л хэл амаар доромжилж байсан даг. Гэтэл “Мобиком”-ын зөв байжээ гэдгийг “Apple”-ийн жишээ харуулж байна. “Apple” компани хэрэглэгчийнхээ мэдээллийг задруулахгүй гэж гүрийж байгаа нь дэлхий нийтийн бүхий л бизнесийн байгууллагуудын хувьд том үлгэр дуурайл болов. АНУ-ын Засгийн газар болон “Apple” компанийн хооронд болоод байгаа энэ үйл явдлыг сайн анзаарвал нэгэн шинэ соёл үүсч гарч ирж байна уу даа гэхээр байна. Хэрвээ ямар нэг байгууллагаас шаардлагатай мэдээлэл авахыг хүсвэл цагдаа сэргийлэх болж сүр үзүүлэхгүй, шүүхийн тогтоол гаргуулж, албан ёсоор ханддаг юм байна. Нөгөө бизнесийн байгууллага нь хэрэглэгчийнхээ итгэлийг алдахгүй, бизнесийн нэр хүндээ аварч үлдэхийн тулд нэлээд хүчтэй эсэргүүцэн тэмцэж, байр сууриа соёлтойгоор бат хамгаалдаг юм байна гэдгийг олон улсад харууллаа.

Улс эх орных нь хувь заяа, ард иргэдийнх нь аюулгүй байдалтай холбоотой том асуудал тулгарчихаад байхад түүнээс хамгаалж, таслан зогсоохын тулд хувь компаниас хэрэгтэй мэдээлэл авах гэж хичээж байгаа нь АНУ-ын Засгийн газрын хийх ёстой ажил ч түүнийг нь зөвшөөрч гэмт хэрэгтний утасны жагсаалт, мессэж сэлтийн үүх түүхийг дарайтал гаргаад өгнө гэдэг “Apple”-д хэцүү, өгөхгүй гэхээр улс эх орноосоо урваад ч байгаа юм шиг бүр ч хэцүү. Ингэхээр аль нэгийнх нь зөв гэж үнэндээ хэлж мэдэхгүй нь. Хэн нэгнийх нь зөв, буруу гэхээс илүүтэй энэ процессийг нарийн анзаарч шинэ соёлоос суралцах хэрэгтэй болж байна.

Энэ соёлыг хуулж, улс төр, бизнес, эдийн засаг гээд нийгмийн бүхий л харилцаандаа хэвшүүлж, чи, би-дээ тулахгүй өгнө, өгөхгүй гэж маргалдахдаа хүртэл соёлтой байя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өгнө, өгөхгүй гэж маргалдахад хүртэл дагадаг соёл дэлгэрч байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас онцлох материалуудыг тоймлон хүргэж байна. Өчигдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний хэм алдагдлыг эмчлэх лаборатори нээгдлээ. Ингэсгээр монголчууд зүрхний хүнд хагалгааг гадаад улс руу явж хийлгэх шаардлагагүй болж байна. Гуравдугаар эмнэлгийн шинэ лабораторийн талаар сурвалжлан өнөөдрийн дугаарын нэг, долдугаар нүүрт нийтэллээ.

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталж, улмаар хаалтаа хийсэн юм. Баталсан асуудлаас онцолбол Цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөв. Чуулганы хуралдааны дэлгэрэнгүй сурвалжлага нэг, хоёрдугаар нүүрт хэвлэгдлээ.

Бямба гариг бүрт хүргэдэг “Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн дугаат нийслэлийн 67 дугаар сургуулийн 1998 оны төгсөгчид уригдан оролцлоо. Тэд сургуулийнхаа “од” байсан гэх. 10 б ангийнхны дурсамжтай, сонирхолтой түүхийг нэг, зургадугаар нүүрээс уншаарай.

Улстөрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт чуулганы хуралдааны сурвалжлагаас гадна УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ярилцлага гарсан юм. Тэрбээр сэтгүүлчидтэй уулзаж, юун тухай ярьсныг сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт “Өгнө, өгөхгүй гэж маргалдахад хүртэл дагадаг соёл дэлгэрч байна” нийтлэл хэвлэгдэж гарав.

харин уламжлалт “Хэлэх эрхийн индэр” буланд бидний сайн мэдэх Dzman буюу Дашзэвэг, иргэн Т.Рэнцэн, доктор Т.Улаанбаатар, иргэн Л.Энхтүвшин нар оролцож өөр өөрсдийнхөө үзэл боллыг илэрхийллээ. Дөрөвдүгээр нүүрээс сонирхоорой.

Саяхан ОХУ-д улсад болсон хоккейн ДАШТ-д манай тамирчид оролцож түүхэн амжилт гаргаад ирсэн. Хаалгач Б.Мөнхболд шилдэг хаагчаар шалгарсан нь онцлох хэрэг болсон юм. Мөн тэд хоккейн тэмцээний үеэр Украйны хоккейчидтой зодолдож багагүй шуугиан тариад байгаа. Энэ талаар багийн дасгалжуулагч болон хаалгач Б.Мөнхболд нартай ярилцав. Долдугаарт нүүрт ярилцлагыг хэвлэлээ.

Тун удахгүй 4G технологи нэвтрэх гэж байна. Одоогийнхоос долоо дахин их хурдаар өгөгдөл дамжуулах боломжтой энэ технологийн талаар Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэнгийн өгсөн ярилцлагыг наймдугаар нүүрт хэвлэв.

Түүнчлэн Бодисын дөрөв дэх төлөв буюу Устөрөгчийн пламзыг гаргаж авсан тухай сонирхолтой мэдээллийг “Амрах агшин” булангаас уншаарай. Эдгээр болон “Өдрийн зочин”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд”, “Өд бэх” зэрэг тогтмол булангууд өнөөдрийн дугаарт гарсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *