Categories
мэдээ цаг-үе

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав: Сүсэглэж буй зүйлийнхээ утга учир, мөн чанарыг сайн ойлгохын төлөө хичээх жил

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажавтай ярилцлаа.

-Монголчууд бид хонин жилийг ардаа үдэж гал бичин жилтэй золголоо.Гал бичин жилийн ерөнхий төлөвийг тодорхойлохгүй юу?

-Юуны өмнө танай сониноор дамжуулж ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Сайхан жил гарч байна. Монголчууд амны билэгтэй сайхан ард түмэн учраас цагаан сар ч өргөн дэлгэр, амар тайван сайхан боллоо. Энэ жил аливаа зүйлд сандарч зовох хэрэггүй. Хүн бүхэн дор бүрнээ хичээгээд өөрсдөө зүтгээд явбал сайхан жил байна. Зурхайчдын зурсан зураг зурлагаас харахад жилийн өнгө сайхан харагдаж байна.

-Цаг агаарын мэдээгээр сар шинийн өдрүүдэд цас шуурах төлөвтэй байсан. Зарим нутгаар шуурсныг эс тооцвол шинийн өдрүүд сайхан дулаахан байлаа. Тухайн жилийн өнгийг шинийн нэгний өдрөөр тодорхойлох ч бий. Ер нь үнэний ортой биз?

-Үнэн шүү дээ. Өнөө жил Шинийн нэгний өглөө цэлмэг тэнгэрт нар алтан цацрагаа түгээн мандаж, дулаараад ямар сайхан байсан бэ. Монгол хүн амны билгээр гэдэг. Аливаа зүйлийг ярихдаа дандаа бэлгэшээдэг. Бэлгэшээнэ гэдэг цаанаа уламжлалтай. Утга учиртай. Тэнгэрийн аясаар юмыг шинждэг. Олон мянган жил мал аж ахуй эрхэлж нүүдэллэж ирсэн монгол ард түмний уламжлал шүү дээ. Монголчууд бид шинийн нэгний өдөр тэнгэр хангай сайхан цэлмэж, урин дулаан тохиовол тэр жилдээ бүх зүйл сайн сайхан байна хэмээн үздэг. Хэрвээ шинийн нэгний өдрийг хур тунадастай, салхи шуургатай угтвал зуд турхан болох нь гэж дүгнэдэг. Энэ жил үнэхээр сайхан өнгөтэй эхэлж байна. Дулаахан цэлмэг сайхан өдөр болсон гэдэг чинь сайхан жил болохын дохио.

-Гэвч уур амьсгалын хувьд хуурайшилтай, гандуу байна хэмээн зурхайн ухаанд тодорхойлоод байгаа?

-Хавар, намар, зун, өвөл гээд дөрвөн улиралд цаг уурын янз бүрийн байгалийн давагдашгүй хүчин нөлөөлөхийг хэн ч үгүйсгэхгүй. Зарим газар гандуу байхад өөр нэг газар хур бороо ихтэй байж болно. Сайн байх муу байх гээд аливаа зүйл бүгд хүмүүн биднээс хамаарна шүү дээ. Хүний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж л гал гардаг. Бороо хур орохыг бол бид яалтай билээ. Ямар ч зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бороо ихтэй байна гээд ерөнхий төлөв бууж байгаа бол үерийн ус, бороо шорооноос хамгаалсан далан бэлтгэдэг ч юм уу эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ аль хэдийнэ авсан байх хэрэгтэй. Бид ер нь байгалийн хүчин зүйлийн өмнө сөхөрч шантарч болохгүй. Урьдаас хамгаалах, сэргийлэх зүйлээ бэлтгэчихвэл даваад л гарна. Гал ихтэй, ус бороо ихтэй байна гээд ямар ч сандрах зүйл байхгүй.

-Шинийн найман, шинийн арван тавны өдрүүдийг билэгт сайн өдөр гэдэг. Ер нь ямар утга агуулгатай өдөр вэ. Ялангуяа залуучуудад мэдэхэд илүүдэхгүй болов уу?

-Тэгэхээр арвантав хоногийг цагаан сарын ерөөл гэж хэлдэг шүү дээ. Энэ бол бурхан багшийн арвантаван хувилгаан үзүүлсэн бэлгэ дэмбэрэлтэй тусгай өдөр юм. Энэ өдрүүдэд онцолж буян хийвэл их арвиждаг. Буян хийснээрээ амьдрал ахуй нь сайжирдаг гэсэн уламжлалтай ламын заалттай юм. Үүний дагуу хийж байгаа юм. Тэгэхээр манайхан бол дүйчин өдөр хийвэл их сайн арвиждаг, сайн байдаг гэдэг утгаар бид ном уншуулдаг. Ер нь арвантаван хоногийн ерөөлд багтаж заслаа хийлгэх гэж зүтгэдэг нь ийм учиртай юм шүү дээ. Энэ бол онцгой сайн өдөр. Жилдээ ганц тохиодог учраас үүнд багтаж заслаа хийлгэх хэрэгтэй. Ялангуяа залуучуудад хандаж хэлмээр байна. Сар шинийн баяр бол амьтан ах, дүүсээрээ цуглардаг, хамаатан садан, ураг төрөл хүмүүс бие биетэйгээ танилцдаг ганц өдөр. Тиймээс залуучууд аав, ээж, ахмад буурлуудаа хүндэтгэн энэ сайхан өдрийг уламжлал болгон тэмдэглэх учиртай. Улмаар хурал номын өргөөнд авч явж засал ном хийлгэвэл бүр сайн. Өнөөдөр залуу байна. Мөдхөн хөгшин болно шүү дээ. Залуудаа сурч мэдэж авсан юм бүхэн хөгшин болоход их хэрэг болно. Одоо мэдэж авахгүй бол хөгшчүүд нь унаад өгөхөөр хэлэх хүнгүй, асуух хүнгүй болно. Энэ уламжлал гэдэг нь үеэс үед дамжигддаг сайхан зүйл учраас төвөгшөөлгүй хийж сураасай гэж хэлмээр байна.

-Танай хийд дээр засал ном хийлгэе гэсэн хүмүүс их байна уу?

-Их байна. Ер нь жилээс жилд их болж байна. Ялангуяа залуучууд их ирж байгаа нь бахархууштай сайхан байна. Энэ нь уламжлалт зан заншлаа мэдэж авч байна гэсэн үг. Ирээдүйд сайхан цаг ирж байгаагийн шинж.

-Энэ жил ямар жилтнүүдэд ивээлтэй, альд нь анхаарууштай байвал зохих бол?

-Тэр бол хувь хүмүүсийн засал. Нийт ерөнхий юман дээрээ бэлгэ дэмбэрэлтэй сайхан байх хэрэгтэй. Тэгээд өөрөө өөрийнхөө зурлагыг хараад ямар жилтэй хүн ямар байх нь вэ гэдэгтээ тааруулаад засал номоо хийлгэвэл бүгд сайхан болно. Тэрнээс ялгаад л тэр жилтэй, энэ жилтэй хүн муу, энэ жилтэй бол асуудалгүй сайн гэж хэлж болохгүй шүү дээ. Хүн бүрт өөр өөрийн гэсэн заяа төөрөг гэж байна. Түүнийхээ дагуу номоо уншаад сайхан явбал болно.

-Энэ жил улс төрийн хүрээнд нэлээд үйл явдал тохионо. Зарим хүмүүс зориуд гандан, хийд зорьж байгаа бол нөгөө хэсэг нь хүйтэн жилд төр самуурна гэж ч ярьж байна…

-Тэр яахав дээ. Улс төрийн ажлыг би мэдэхгүй шүү дээ. Сонгууль болдгоороо болно. Монгол түмэн уужуу сайхан сэтгэлтэй ард түмэн учраас өөрөө өөрийнхөө тааллаар дэмждэг хүнээ л дэмжинэ биз. Цагийн аясыг дагаж хямраад байж болохгүй шүү дээ.

-Зөвхөн энэ жилд гэлтгүй ер нь амар амгалан амьдрахын тулд хүмүүн бид яавал зохилтой вэ?

-Гол нь бид бүхэн дор бүрнээ хичээж зүтгэвэл бүх зүйлийг сайхан давж гарч чадна. Шинэ ондоо бүгдээрээ бизнесийн хүн нь бизнесээ, малчин хүн малаа арчлах гээд дор бүрнээ хичээж зүтгээрэй. Хамгийн гол нь монгол түмэн оюун сэтгэлээрээ сайхан байх хэрэгтэй. Элдэв зүйлд хямарч бие биеэ доош дээш нь ярих хэрэггүй. Тайван сайхан л байх хэрэгтэй. Монголчууд сүсэгтэй уламжлалтай сайхан ард түмэн юм. Тэгэхээр сүсэглэхийн зэрэгцээгээр сүсэглэж буй зүйлийнхээ утга учир, мөн чанарыг сайн ойлгохын төлөө хичээх жил. Номын утга учрыг ойлгохын төлөө жаахан анхаараач ээ гэж захих байна. Учир нь манайхан ямарваа юманд хэт туйлширдаг болж. Нэг сонссон, ганц үзсэн зүйлдээ бат итгээд түүнийхээ мөн чанарыг нарийн тунгаалгүй хандах сул талтай. Тиймээс олон дахин сонсоод, сайн бодож бясалгаад утга учрыг нь олоод дараагаар нь амьдрал ахуйдаа бясалгаж хэрэгжүүлбэл бүх юм сайхан болно гэж ерөөе. Та бүхэндээ шинэ ондоо улам их амжилттай, эрүүл саруул, амар амгалан, идээ будаа элбэг дэлбэг байхын ерөөл тавъя.

Э.АРИУНЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *