Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөөрөг Монголд цөөнгүй бий

Орчин үеийн хөөрөг, үнэт эдлэлийн өнгийг тодорхойлж буй шилдэг дархчууд эртний эдлэл цуглуулагч нартай хамтран жил бүрийн цагаан сарын босгон дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. “Мичин жилийн гоёл” нэртэй өнөө жилийн үзэсгэлэнд Увс аймгийн харьяат, Монгол Улсын заан Ө.Тулгаагийн эдэлж хэрэглэж байсан манан хөөрөгнөөс эхлээд Монголын сор болсон уран дархчуудын бүтээлийг сонирхож болох ажээ. Туул рестораны хойд талд “Арт хаус” төвийн үзэсгэлэнгийн талбайд гарсан энэхүү худалдаанд хөөрөгнөөс гадна мөнгөн аяга, хэт хутга, эрэгтэй эмэгтэй хүний бүс, гутал, эмээл, шатар, алт мөнгөн аяга, идээний таваг гэхчилэн монголчуудын уламжлалт хэрэглээтэй холбоотой эд зүйлс тавигджээ.

Цагаан сар дөхөөд ирэхээр нийслэлийн хэмжээнд маш олон газар хөөрөг, мөнгөн аяганы үзэсгэлэн худалдаа гардаг. Тэднээс ялгарах онцлог нь өндөр зэрэглэлийн бүтээлүүд. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй байгууллага, цуглуулагч нарт тодорхой хэмжээний шалгуур тавьдаг юм байна. Тиймээс хагас үнэт чулуугаар хийсэн Монголын төдийгүй дэлхийн жишигт нийцэх хөөрөг тэргүүтэй үнэт эдлэлүүдийг худалдаалж байгаа ажээ. Тус үзэсгэлэнгээс Монголын шилдэг хөөрөгний жагсаалтад багтаж байсан халтар манан, чүнчигноров, гартааман хөөргийг сонирхож болох юм билээ. Мөн зуу, хоёр зуун жилийн өмнө урлаж байсан эртний хөөрөгнүүд ч бий. Зохион байгуулагч нь Говь-Алтай аймгаас ирсэн чүнчигноров хөөргийг өнөө жилийн үзэсгэлэнг чимэх маш сайн хөөрөг хэмээн онцолж байсан. Уг хөөрөг нь улаан, шар, бор гурван өнгийг агуулсан байгалийн тун ховор, нарийн тогтоцтой ажээ. Олон тохиогоод байхгүй уг хөөрөг тус үзэсгэлэн худалдаанд 80 сая төгрөгөөр зарагдаж байгаа. Мөн дархчууд дунд дээд зэрэглэлийн бүтээл урладгаараа алдартай Одгийвын урласан эрэгтэй, эмэгтэй хүний хос бүс олныг бишрүүлж байв. Үзэсгэлэнг сонирхож яваа олон нийт гайхалтай нарийн хийцийг нь шагшин магтаж байсан бол мэргэжлийн хүмүүс “Орчин үеийн монгол дархны оргилд хүрэх бүтээл” гэж онцолсон. Уг бүсийг хийхдээ алт, мөнгийг маш нарийн утас шиг болгон давтаад гурваас дөрөв давхарлан хээ дүрслэл гаргажээ. Чимэглэлийн нарийн хийц дархан хүний авьяасыг шавхсан бүтээл болсны зэрэгцээ хатгамалтайгаа чулууны өнгийг нарийн хослуулсан байна. Дэлхийд алдартай брэндүүд хүртэл ийм бүтээгдэхүүн гар аргаар үйлдвэрлэсэн түүхгүй гэсэн. Зуун хувь гар аргаар үйлдвэрлэсэн ийм бүсийг зөвхөн Монголоос л харж болохоор ажээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдааны бас нэгэн онцлог нь идээний таваг. Өмнөх жилүүдэд идээний таваг тийм ч сонголттой байгаагүй бол энэ жилээс хөөмлийн, цутгуурын, утсан сүлжмэлийн аргаар олон төрлийн сонголттойгоор урласан байна. Мөн монгол ахуй амьдралыг харуулсан шатар үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүн бүрийн анхаарлын төвд орж байлаа. Уг шатрыг монгол зургаар урласан бөгөөд сүйх тэрэгтэй, эмээл хазаар бүхий морьтой, жинд яваа тэмээтэйгээр шатрын хөлгийг бүтээжээ. Сүүлийн үед үзэсгэлэн худалдааны хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүн алт, мөнгөн аяганууд болсон гэнэ. 33 см-ийн диаметртэй, үндсэн тагштай, сэврээ хийцтэй, бичин жилийн дүрслэлтэй 80 лангийн мөнгөн аяга 18 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Харин есөн эрдэнийн чулуутай, арван хоёр жилтэй, есөн эрдэнийн чулуун шигтгээтэй, 80 лангийн мөнгөөр хийсэн алтан шармал аягыг хосоор нь 100 сая төгрөгөөр худалдаж байв. Хөөрөгний тухайд халтар манан, хаш, чүнчигноров, шүрэн, пийсүү, гартааман зэрэг уламжлалт чулуугаар хийжээ. Хөөрөг гэдэг бол хэдэн үе дамжин хэрэглэх үнэт эдлэл. Үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх уламжлалт хэрэглээ учраас чанартай байхыг чухалчилдаг юм байна. Мөн он жил улирах тусам үнэ нь тогтмол өсөж байхыг анхаарах ёстой гэнэ. “Мичин жилийн гоёл” үзэсгэлэнгээс хөөрөг тэргүүтэй үнэт эдлэл худалдаж авахаар зорьж ирсэн хүмүүст олон жилийн туршлагатай цуглуулагч нар зөвлөгөө өгч байлаа.

Увс аймгийн харьяат Ө.Тулгаа зааны эдэлж хэрэглэж явсан манан хөөрөг

Орчин үед хөөрөг худалдан авч буй хүмүүс үүх түүхээс илүүтэй нарийн хийц, чулууны тогтцыг чухалчлах болжээ. Монголын түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хөөрөгний тухай түүх, сударт бичигдэж үлдсэн нь тун ховор. Аман яриа маягаар яригдаж байсан болохоор өнөөдөр тэр хааны эдэлж байсан хөөрөг гэдгийг нотлох боломж бага. Нэгэнт л хөөргөө барьж байгаад зургаа авахуулан хойч үедээ үлдээгээгүй бол нотлоход тун хэцүү гэсэн. Тиймээс зах зээл дээр өнөөдөр хийсэн хөөргөө маргааш нь энэ ноёны, тэр хатны хөөрөг гээд явж байх тохиолдол гарч байсан. Тиймээс хөөрөг худалдан авч байгаа хүмүүс нэн түрүүнд чулууны материалаа харна. Дээрээс нь чулууны өнгийг чухалчилдаг. Хаш бол цав цагаан, мана олон өнгө орсон тод өнгөтэй байх хэрэгтэй. Үүн дээр хийц нэмэгдэнэ. Монголд дээд зэргийн хашаар хийсэн хөөрөг маш цөөхөн байдаг гэсэн. Харин дээд зэргийн шүрээр хийсэн хөөрөг томоохон цуглуулагч нарт бий. Дээд зэргийн шүр нэг грамм нь мянган ам.доллараар үнэлэгддэг болохоор бусад хөөрөгтэй харьцуулахад цөөн хувиар үйлдвэрлэдэг гэнэ. Ер нь шүрэн хөөрөгний тухайд үнэ цэн нь он цагаар хэмжигддэг ажээ. Дундаж шүрээр хийсэн мөртлөө 200-300 жилийн өмнө гоё загвартай хийсэн бол өндөр үнэ хүрэх боломжтой. Хуучны хөөрөг үнэтэй байдгийн гол учир нь насжилттай холбоотой. Ямар ч уран дархан дээхнэ үеийн хөөрөгтэй ижил хийцтэйг бүтээж чадах ч он удаан жилийн насжилтыг шингээж чадахгүй учраас үнэ цэн нь улам өсөж байдаг гэсэн.

Ерөнхийдөө өнөөгийн хөөрөгний зах зээлд үүх түүхтэй гэгддэг хөөрөгнүүдийн ихэнх нь эзнээ олсон гэнэ. Зах зээл дээр сайн хөөрөг гарч ирэх нь маш ховор болсон бөгөөд хамгийн сүүлд Ө.Тулгаа зааны эдэлж хэрэглэж байсан манан хөөрөг олны сонирхлыг татах болжээ. Уг хөөрөг зураг дүрслэл, чулууны өнгө тун сайн бөгөөд 80 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм байна. Сонирхуулахад манан хөөрөгнөөс хамгийн сайн нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүд байдаг гэнэ. Найман морины сийлбэртэй уг манан хөөрөг 1970-аад оны үед Монголоос Бээжин рүү зарагдаж байжээ. Үнэхээр уран гоё хийцтэй энэхүү хөөрөг Хятадын үнэт эдлэл цуглуулагчид байсныг 2000 оны үед эх нутагтаа буцаан авчрахад Б.Наранхүү 400 гаруй мянган ам.доллараар худалдан авч байсан гэнэ. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцанд халтар манан хөөрөг байдаг. Тэр хөөрөгний чулууны бүтэц тун ховорт тооцогддог гэнэ. Мөн н.Батзориг гэж залууд байдаг халтар манан хөөрөг Монголд байгаа манан хөөргүүд дунд дээгүүрт бичигддэг гэсэн.

ГовьАлтай аймгаас ирсэн байгалийн ховор тогтоцтой чүнчигноров хөөрөг

Шүрэн хөөрөгний тухайд УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улаан шүрэн хөөрөг толгой цохино. Бээжингийн Энх-Амгалан хааны хөөрөгний үйлдвэрт үйлдвэрлэж XVII зууны үед Монголд орж ирсэн энэхүү хөөрөг маш гайхамшигтай сийлбэртэй. Хөөрөгний сийлбэр мош олон зүйлийн илэрхийлэл болдог ажээ. Шүлэг, яруу найраг, хэн нэгэнд зориулсан сэтгэлийн илэрхийлэл тэргүүтэй маш олон утгыг өөртөө шингээсэн байдаг гэнэ. Д.Бат-Эрдэнийн улаан шүрэн хөөрөгний тухайд нэг талдаа морины сийлбэртэй ажээ. Мөн “Макс”-ын Д.Ганбаатарт нэг сайн шүрэн хөөрөг байдаг гэсэн. Төв аймгийн харьяат Хөдөлмөрийн баатар Зэвэг гэж хүний эдэлж явсан уг хөөргийг хэрэв дэлхийн зах зээлд гарган үнэ хаялцуулбал хэдэн тэрбум төгрөг хүрнэ гэсэн. Түүний ах Д.Цэрэнжигмэдийн улаан шүрэн хөөрөг ч бас сайн чулуутай, сайхан хийцтэй. Түүнчлэн Завхан аймгийн Нөмрөг суманд тун сайн шүрэн хөөрөг байдаг. Дээхнэ үеийн хошуу ноёны эдэлж хэрэглэж байсан хөөрөг олон жил үе дамжин хадгалагдаж явсаар өдгөө үр хүүхдэд нь байдаг ажээ.

80 лан мөнгө орсон алтан шармал хос аяга 100 сая төгрөгийн үнэтэй

Хаш хөөрөг Монголд хамгийн элбэг байдаг. ММСУХ-г үүсгэн байгуулсан Г.Пунцагбалжир агсны хаш хөөргийг онцлох ёстой. Уг хөөрөг өдгөө Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнхөд өвлөгдөн очжээ. Мөн Өвөрхангай аймгийн харьяат н.Тогообанди гэж дөч орчим жил эртний эдлэл цуглуулж буй хүнд нэгэн хаш хөөрөг байдаг. Уг хөөрөг хаш хөөрөгний жагсаалтад дээгүүрт бичигддэг юм байна. Мөн “Цайрт минерал” ХХК-ийн захиралд нэг сайхан хаш хөөрөг байдаг гэнэ. Цаг хугацааны хувьд залууд тооцогдох буюу 1990-ээд оны үед хийгдсэн тус хөөрөг дээрээ есөн луутай. Тухайн үед долоо, найман ширхгийг хийж байсан ч дэлхийн зах зээлд гарч зарагдаад дууссан. Тэдгээрээс хамгийн сайн хийцтэй ганцхан нь Монголд үлджээ. Гартаамнаас хамгийн сайн хөөрөг нь Төмөр замд ажилладаг н.Ганбат гэх залууд бий. Энэ залуу олон жил хөөрөг цуглуулж байгаа бөгөөд дээд зэрэглэлийн хоёр, гурван гартааман хөөрөгтэй ажээ. Мөн түүнд нэгэн манан хөөрөг байдаг юм байна. Луун сийлбэртэй, сийлбэр дээрх луу нь хүний гарын хөдөлгөөний аясаар нүдээ аньж, нээдэг ажээ. Лууны нүдийг байгалийн чулууны дахин давтагдашгүй тогтоцоор тааруулан хийхийн зэрэгцээ лууны савраас улаан цус асгарч байгаа дүрслэлтэй юм байна. Энэхүү хөөрөг Монголын гэлтгүй дэлхийн хэмжээнд яригдахаар төгс бүтээл гэж мэргэжлийнхэн дүгнэдэг. Утга бэлгэдэл, зураг дүрслэл тун гайхалтай бөгөөд Монголын үе, үеийн түүхэнд байсан хөөрөгнөөс хамгийн гоё нь гэж хэлж болох ажээ. Хэрэв дэлхийн зах зээл дээр Монголын хамгийн сайхан гурван хөөргийг авч оч гэвэл түүний энэхүү манан хөөргийг хамгийн түрүүнд авч явна гэж “Мичин жилийн гоёл” үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагч А.Алтангэрэл бахархан танилцуулсан юм. Хэдий хоёр хурууны өргөнтэй жижиг гарын хөөрөг ч дэлхийн тавцанд гаргавал гарцаагүй шуугиан тарьж, олон улсын хөөрөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татах юм байна. Монголын уран дархчуудын үеийн үед урлаж ирсэн ховор нандин хийц бүхий хөөрөгнүүд дэлхийн зах зээлд гарч буй тухайд А.Алтангэрэл “Ер нь дэлхийн зах зээлд танигдсан Монголын бүтээлийг хараад харамсдаггүй. Бид юуг ч алдаагүй. Дэлхийн зах зээлд Монголын бүтээл зарагдаж байна гэдэг бол маш сайн. Бид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр зарж байж л өөрсдийгөө үнэлүүлдэг болно. Өнөөдөр Монголын үнэт зүйлсийг гадагш гаргахгүй гээд харамлаад суугаад байвал өөрсдийгөө үнэгүйдүүлнэ гэсэн үг. Тэртэй тэргүй дэлхий нэг болчихсон. Хүн төрөлхтний оюуны баялаг гэж ярина уу гэхээс Монголынх гэж тусгаарлаад байх хэрэггүй болсон. Бидэнд мөнгө нь байвал дэлхий дээрх хамгийн гоё хөөргийг худалдаж аваад эх орондоо авчирч болно. Тэр бүхэн нээлттэй болчихсон. Монголоос гарсан үнэт бүтээлийг эргүүлээд худалдаж авах нээлттэй. Бидний бүтээл гадаадад байна гэдэг маань эх орноо л сурталчилж буй хэрэг. Худалдаж авсан хүн нь бүтээлийнхээ үүх түүхийг маш нарийн бичээд хадгалж байдаг. 1990-ээд оны үед Монголын маш сайхан хөөрөгнүүд гадны зах зээл рүү гарсан. Лувсандашийн хар гэж хоёр сайхан хаш хөөрөг байсан. Гайхалтай тэр бүтээл тухайн үед дэлхийн зах зээлд гараад явчихсан. 1990 оны үед бид юун хөөрөг худалдаж авахтай байлаа шүү дээ. Өөрсдийнхөө уламжлалт хэрэглээг хэрэглэх бүү хэл харж чаддаггүй нийгэмд амьдарч байсан. Ардчиллын буянаар өөрсдийнхөө уламжлалт бүтээлийг хэрэглээд, зараад, дэлхийн зах зээлд таниулаад явж байна” гэж байлаа. Мөн тэрээр “Аль болох олон хүн манай үзэсгэлэнг сонирхоосой. Заавал худалдаж авах нь чухал биш. Монголын сор болсон уран дархчуудын урласан хөөрөг, үнэт эдлэлтэй танилцаад гарах нь л чухал. Үзэсгэлэнд борлуулж байгаа бүтээлээс гадна үзмэр маягаар тавьсан эртний эдлэлүүд байгаа” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *