Categories
гадаад мэдээ

Сирид энхийг тогтоох хэлэлцээр болж байна

Сирид энх тайван тогтоох яриа
хэлэлцээ албан ёсоор эхэлсэн болохыг НҮБ өчигдөр зарлалаа. НҮБ-ын зуучлал дор
дэлхийн их гүрнүүдийн оролцоотой зохион байгуулагдаж байгаа энэ хэлэлцээний гол
зорилго Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний босогчдыг гал зогсоох
тохиролцоонд хүргэх явдал юм байна. Баасан гарагт эхлэхээр төлөвлөж байсан тус
яриа хэлэлцээ ийнхүү өчигдөр албан ёсоор эхэлсэн. Харин энэ үеэр Сирийн Засгийн
газрын цэргүүд баруун хойд зүгт орших Алеппо хотыг босогчдоос чөлөөлөх
давшилтаа үргэлжлүүлсээр байна.

Өчигдөр ОХУ-ын агаарын цэргийн хүчний
дэмжлэгтэйгээр Асадын цэргүүд Алеппо хотын ойролцоох тосгоныг хяналтандаа
оруулж, сөрөг хүчний босогчдын хангамж тээвэрлэх гол зам руу гал нээж болохуйц
зайд дөхөж очжээ. Сирийн Засгийн газар энхийн яриа хэлэлцээг дэмжихээ
илэрхийлж, тус хэлэлцээнд төлөөллөө илгээсэн ч, босогчдын эсрэг ийнхүү давшилт
явуулж байгааг сөрөг хүчнийхэн шүүмжилж байна. Сирийн сөрөг хүчний бүлгүүд
бөмбөгдөлтөө зогсоож, бүслэлтэд орсон хот тосгодыг чөлөөлөх, олзны цэрэг
солилцох зэрэг Асадын Засгийн газарт тавьсан урьдчилсан нөхцөлийг биелүүлээгүй
тохиолдолд Женевийн хэлэлцээнд оролцохгүй гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн
юм.

Гэхдээ сөрөг хүчний төлөөлөл энэ мэдэгдлээ үл харгалзан өчигдөр энхийн
хэлэлцээ албан ёсоор эхэлсний дараа НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай
төлөөлөгч Стаффан де Мистуратай хоёр цаг уулзсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *