Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонгуулийн тойргийн мандатын тоо, сонгуулийн санал өгөх өдөр зэргийг баталсан билээ. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэлдээ дараахь зүйлсийг онцоллоо.
Санал авах өдрийг зургадугаар сарын 29-ний өдрөөр, тойргийн дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох асуудлыг энэ сарын 31-ний дотор шийдэхийг СЕХ-ноос хүсч саналаа хүргүүлсэн. Сонгуулийн тухай хууль бол УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, аймаг, сум дүүргийн ИТХ-ын хууль гэсэн дөрвөн хуулийг нэгтгэсэн хууль байгаа.
Сонгуулийн сурталчилгаа тов тогтоосон өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэх тул зургадугаар сарын 11-нээс нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлнэ.
Зургадугаар сарын 17, 18, 19-нд 07-22 цаг хүртэл гадаадад оршин суугаа иргэдийн, зургадугаар сарын 28-ны 09-22 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өндөр настай, хүнд өвчтэй хүмүүсийн, 29-нд үлдсэн хүмүүсийн саналыг 07-22 цаг хүртэл тус тус авахаар болоод байна.
Улсын их хурал, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 29-ний лхагва гаригт байхаар тогтсон тул сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацааг ийнхүү тогтооно. Өмнө нь нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаас хойш сонгуулийн сурталчилгааг эхлүүлдэг байсныг шинэ хуулиар энэ хугацааг багасгасан.
Нэр дэвшигчдийг тойргийн хороо бүртгэдэг байсныг больж СЕХ бүртгэн нийт нэр дэвшигчдэд нэгэн зэрэг үнэмлэхийг гардуулах зургадугаар сарын 7-нд гардуулна.
Мөн нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сард тогтоохоор болсон. Өмнө нь энэ хэмжээг СЕХ тогтоодог байсан бол Үндэсний аудитын газар тогтоохоор шинэ хуулинд заасан байгаа.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН