Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн дунд ангийн сурагчдын амралтыг уртасгаагүй гэв

Орон нутгийн дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулж, бага ангийнхтай адил хоёрдугаар сарын 15-нд хичээлийг нь эхлүүлэхээр боллоо гэх мэдээлэл зарим сайтуудаар гарах болсон. Уг нь дунд ангийнхны хичээл хоёрдугаар сарын 1-нд эхлэхээр байсан бөгөөд цас зудтай, машин мотоцикль явахад хүндрэлтэй ийм үед хоёр долоо хоногоор хичээлийг хойшлуулж, цагаан сарын дараа эхлүүлэх хүсэлтийг малчид орно нутгийн удирдлагууддаа учирласан аж. Энэ дагуу дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах шийдвэрийг БСШУ-ны яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зарим аймгуудын Засаг дарга нар гаргалаа гэх мэдээллийг эх сурвалж үгүйсгэлээ.

Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулж хуваарилах малчин ардын хүсэлтийн дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр энэ сарын 5-нд гаргасан. Ингэснээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 19-өөс хоёрдугаар сарын 08 хүртэл гурван долоо хоног амарна. Дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25 хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 18 хүртэл нэг долоо хоног амрахаар болжээ. Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид гуравдугаар сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 18 хүртэл гурван долоо хоног, дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 15-аас 28 хүртэл хоёр долоо хоног амрах байдлаар амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан. Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хуучин хуваарийн дагуу амрах юм байна. Харин үүн дээр нэмж хуваарьт өөрчлөлт оруулаагүй байна.
Тиймээс орон нутгийн дунд ангийн сурагчдын хичээл хуваарь ёсоор уржигдар эхэлсэн бөгөөд БСШУ-ны сайдын зөвшөөрлөө энэ хугацааг сунгасан гэдэг бол ташаа мэдээлэл аж. Хэрэв зарим аймгийн Засаг дарга нар дунд ангийн сурагчдын хичээл орох хугацааг хойшлуулсан бол энэ нь хууль бус шийдвэр юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *