Categories
мэдээ цаг-үе

Ө.Мөнгөнтулга: Дамчаа гуайг чулуугаар нүүлгэж байсан гэдэг, яг тийм зэвүүцэл төрүүлсэн дүр бүтээмээр байна

“Гялбаа”, “Чонын алтан шагай”, “Улаан дөрвөлжин”, “Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Ө.Мөнгөнтулгатай ярилцлаа.

-Дээд сургуульдаа ямар багш нараас номын дуу сонсч байв, кино найруулъя гэж боддог уу?

-Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Ардын жүжигчин П.Цэрэндагва, СТА жүжигчин С.Чинзориг гэсэн гурван мэргэжлийн багшийн удирдлага дор төгсч байлаа. Би хараахан найруулагч мэргэжил эзэмшээгүй. Ардын жүжигчин Б.Мөнхдорж багш болон олон найруулагчтай хамтран хоёрдугаар найруулагчийн үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр утгаараа найруулга хийхийг бага зэрэг оролддог. Гэхдээ өөрийгөө найруулагч гэж хэлэгдэхээр хэмжээний авьяасгүй гэж боддог.

-Сургуулиа төгсөөд нэг хэсэг дуу оруулагчаар ажилласан байх аа?

-Сургуулиа төгсөөд УДЭТ-т нэг жил дагалдан жүжигчнээр ажилласан юм. Тэгээд 2003 онд TV9 телевиз анх байгуулагдахад орчуулгын киноны жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Тэр үед СТА Элбэгсайхан, МУГЖ Цэмпэлмаа, МУГЖ Нэргүйбаатар, Равдан, СТА Наранбаатар, СТА Оюун гээд Монголын шилдэг авьяас чадалтай орчуулгын киноны болоод дуу оруулалтын жүжигчидтэй танилцаж, тэднээс анх суралцаж эхэлж байлаа. Орчуулгын киноны жүжигчин мэргэжилдээ дуртай. Одоо хүртэл энэ ажлаа хийгээд явж байна.

-Анхны дэлгэцийн уран бүтээл юу байв?

-2005 онд TV5 телевизийн таван ангит “Гялбаа” нэртэй сэтгэл зүйн кинонд Анар гэдэг залуугийн дүрийг бүтээж байлаа. Түүний дараа нэг хэсэг дэлгэцийн уран бүтээлд ороогүй ч зарим кинонд туслах дүрд тоглосон. Тэгээд 2011 онд анх удаа “Чонын алтан шагай” телевизийн 35 ангитай киноны гол дүрд тоглосон юм. Түүнээс хойш орчуулгын киноны жүжигчнээс гадна дэлгэцийн урлагт хүч сорих болсон.

-Багадаа мөрдөгч, тагнуулч болно гэж мөрөөддөг байсан гэсэн. “Замбуулин дуусах болоогүй” цуврал кинонд мөрдөгчийн дүр бүтээсэн гэж сонслоо. Тэгэхээр тоглосон дүрээрээ мөрөөдлөө биелүүлжээ дээ?

-TV5 телевизээс хийж байгаа 54 ангит кино л доо. Амар гэж мөрдөн байцаагч залуугийн дүр дээр ажиллаад дуусах шатандаа ороод явж байна. Нэг бодлын мөрөөдлөө биелүүлсэн гэж болох юм. Мөрдөн байцаагч мэргэжлийн онцлог юу вэ гэдгийг огт мэддэггүй байлаа. Жүжигчин хүн нэг дүр авахад зайлшгүй судалгаа хийх ёстой. Энэ дүр дээр ажиллахын тулд цагдаад ажилладаг найзуудаасаа зөвлөгөө авч байж орсон шүү.

-Мөрдөгч болохыг хүсдэг байсан хүн яагаад жүжигчин болохоор шийдчихэв?

-Ээжийн минь хүсэл л дээ. Намайг долдугаар ангид байхад автын ослоор нас барсан юм. Ээжийнхээ хүслийг биелүүлмээр санагдаад шалгалт өгөөд тэнцсэн. Жаахан авьяас байсан юм болов уу гэж боддог. “Гарын таван хуруу” киноны Шагдарт тоглодог Лхасүрэн багшийнх манай хажуугийн байранд амьдардаг байлаа. Доржсамбуу найруулагчийнх бас тэнд. Тэр хоёрыг гудамжинд явахаар хүмүүс их хүндэлнэ. Түүнийг нь харчихаад олны танил байх гоё юм аа гэж бахархан боддог байлаа. Багын тэр мэдрэмж ч энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх.

-Таныг кино урлагийг хөгжих болоогүй гэж ярьсныг уншиж байсан. Яагаад хөгжихгүй байна гэж, харин ч хөгжөөд байх шиг анзаарагддаг?

-Монголын кино урлаг хөгжихгүй байна гэж гарчигласан байна лээ. Уг нь кино урлаг хөгжиж байгаа, гэхдээ удаашралтай байна гэсэн агуулгатай зүйл ярьсан юм. Шийдвэр гаргах хүрээнийхэн кино урлагийн төлөө бага юм хийж байна л даа. Киноны тухай хууль батлагдана гээд хэлэлцүүлэг явуулаад санал шүүмжлэл сонсох шиг боллоо. Тэр хууль хэний талд батлагдахыг мэдэхгүй байна. Төр засгаас кино хий гэж мөнгө өгч, болсон болоогүй кино хийлгэх эсвэл баталсан төсөл дээр хэн нэг нь хээл хахууль төлж хоорондоо өрсөлдөөд байхдаа гол нь биш. Бэлэн мөнгөний асуудал багахан хэмжээнд байгаад ихэнхдээ гадаад харилцааг сайн хөгжүүлмээр санагддаг. Жишээлбэл жилд 30-40 кино гарч байна. Хамгийн сайн болсон таван киног нь сонгоод бусад улс орнуудад Монголын кино өдөрлөг хийж яагаад болохгүй гэж. Сонгосон кинонуудынхаа гол дүрийн жүжигчин, найруулагч, зохиолчийг авч яваад гадныхантай уулзуулж туршлага солилцуулах хэрэгтэй. Үүнийг хийхэд бүхэл бүтэн кино хийх хэмжээний зардал гарахгүй. Зөвхөн хоёр улсын хоорондын соёлын газрынхны шугамаар гарын үзэг зуралцаад хийж болохоор ажил.

Хоёрт, Монголын уран бүтээлчдийг гадны уран бүтээлд туршлага солилцох маягаар оролцуулах шаардлагатай. Яагаад Анхням, Амарсайхан нар л жүжигчнийхээ хувьд Холливуд руу гарах гүүр болох ёстой юм. Хоёрхон хүн биш төр засаг анхаараад хоёр улсын гадаад харилцааны түвшинд ярилцчих асуудал. Тэгвэл ажил хурдан бүтэж, олон залуус гадны уран бүтээлд оролцоно. Улсын зардлаар сурсан авьяастай үгүй нь ч мэдэгдэхгүй хэн нэгэн яаманд,соёлын газарт ажиллаад байгаа нь үнэн. Киноны ажлын үр шимийг мэддэг, амтыг нь мэдэрчихсэн залуусаа гадагш нь явуулж туршлага солилцуулбал кино урлаг хурдан хөгжинө.

-Хувь уран бүтээлчид гадны кинонд оролцоод эхэлчихсэн гэхээр жүжигчдэд гадны кинонд тоглох санал нэлээд ирээд байх шиг. Ер нь Монголын жүжигчид дэлхийн тавцанд гарахад юу саад болоод байна?

-Гадны уран бүтээлчид манай жүжигчдэд кинонд тоглох санал их тавьдаг. Монголын жүжигчдийг авьяастай гэж үнэлдэг. Хамгийн гол саад нь хэлний бэрхшээл. Саяхан Хятадад Түвдийн тухай 60 ангит кино хийх гэж байна, танилцуулгаа явуулаач гэсэн хүсэлт ирсэн. Би танилцуулгаа явуулсан. Хятадаар өдөр тутмын ярианы хэллэг мэдэх үү гэж асууж байна лээ. Мэдэхгүй гэнгүүт уучлаарай бид өөр жүжигчин хайя гэж байгаа юм. Учир нь намайг тоглуулахын тулд орчуулагч, хөтөч гээд хоёр хүн ажиллуулж, илүү зардал гаргахыг хэн ч хүсэхгүй.

-Монголын жүжигчдийн үнэлэмж зах зээлээсээ хамаараад тийм ч сайн биш. Хөгжил нь удаашраад байгаагийн нэг шалтгаан гэвэл та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. Ядаж арван сая хүн амтай байсан бол өнөөдөр урлагийнхан ингэж амьдрахгүй. Өнөөдөр хэн нэг жүжигчин найруулагчтай хамтарч кино хийчихээд тэрийг яаж зах зээлд борлуулах билээ гэж толгойгоо гашилгадаг. Найруулагч хүн зөвхөн киноныхоо найруулгыг л бодоод явах боломж бүрдвэл оюуны бядаа шавхаж, сайн уран бүтээл хийхэд асуудалгүй. Нэг хүн найруулаад эсвэл зургийн дарга хийлээ гэхэд хаа хамаагүй юманд давхар санаа зовж ажиллах хэрэгтэй болдог. Гадны жүжигчид хэзээ ч кинонд ажиллаж байгаа хүмүүсийн хоол унданд санаа зовдоггүй. Тэгэхээр бодлогоо зөв болгочихвол кино урлаг асуудалгүйгээр хөгжих боломжтой.

-Монголд аймшгийн кино тэр бүр хийдэггүй, та “Зоорь”, “Хүүхэлдэй” гээд хоёр аймшгийн киноны гол дүрд тоглосон. Хэр амжилттай болсон гэж боддог вэ?

-“Зоорь”-ийг зохиолч Ц.Ууганбаярын зохиолоос сэдэвлээд “Кино цамхаг” группийн найруулагч Цогт-Эрдэнэ бид хоёр санаачилж хийсэн юм. Аймшгийн кино хийе гэж 2013 оны зун шийдсэн. Хувь студи уран бүтээлчид өөрсдөө мөнгөө гаргаад кино хийж байгаа тохиолдолд тэр бол бараа таваар л гэсэн үг. Киногоо борлуулж байж зардлаа нөхөж, ашиг орлого олох ёстой. Мэдээж монгол киноны зах зээлийн судалгааг хийсэн. “Зоорь” гэдэг өгүүллэгийг олон залуус цахим болон ном хэлбэрээр их уншсан байсан. Кино хийвэл гоё болно, үзнэ гэсэн санал хүсэлт их байсан. Тэр нь мэдээж нөлөөлсөн. Хувиараа мөнгөө гаргаад хийж байгаа учраас бидэнд алдах эрх байхгүй. Кино маань ч амжилттай болсон. Тэр жил Монголд шинээр 38 кино гарсан юм. Аймшгийн кино ч хийгдсэн байсан. СТА жүжигчин С.Болд “Хөлтрөг”, найруулагч, жүжигчин Алтансүх “Үхлийн симфони”, найруулагч Б.Чингүүн “Call” гэх нэртэй кинонууд хийсэн жил л дээ. Манай кино энэ кинонуудаас илүү орлого олж, тэр жил гарсан 38 киноноос ашгаараа гуравдугаарт орсон. Зохиолчийн маань номын захиалга бас өссөн. Ашиг гэхээс илүү “Кино цамхаг” гэдэг студи байгуулсан олзуурхам явдаг болсон шүү.

-Аймшгийн кинонд тоглох бусад кинонд дүр бүтээхээс өөр байдаг уу?

-Ямар ч кинонд тоглосон жүжигчин хүний ерөнхий шугам нэг. Дотоод мэдрэмж нь л өөр. Аймшгийн кинонд яаж айж байгаагаа аль талаас нь илэрхийлбэл үзэгчдийг хөтлөх тал дээр ажиллах ёстой. Бусад төрлөөс ялгаатай нь жүжигчнээс сэтгэл зүйн ачаалал их шаарддаг. Аймшгийн кинон дээр жүжигчин буруу тоглоод буруу айгаад өөрийгөө буруу илэрхийлбэл хүн инээлгэх аюултай талтай. Хамгийн том эрсдэл нь тэр. Худлаа орилохын оронд хоолойгоо хяхтнуулаад ч юм уу тэр киног үзэж байгаа хүмүүст айдас төрүүлэх нь чухал. Худлаа жүжиглээд үзэгч нэг л инээчихвэл цаашаагаа ямар ч аймшгийн юм гарч, айлгаж цочоогоод үзэгчийн сэтгэл зүйг барьж авна гэдэг хэцүү.

-“Хүүхэлдэй” кино өмнөх киноноосоо хэр ялгаатай болсон бэ?

-Хоёр дахь удаагаа яг нэг жилийн дараа буюу 2015 нэгдүгээр сард “Хүүхэлдэй” киногоо нээсэн. Мөн л Ц.Ууганбаярын зохиол. Мэдээж судалгаа хийсэн. Тэр жил аймшгийн кино ерөөсөө хийгдээгүй. “Зоорь”-ийг бодвол хүнд эффект ихтэй зохиолыг зориглож сонгосон. Аймшгийн төрлийн хувьд дорно дахины юм уу барууны гэсэн хоёр төрөлд хувааж үзэж болно. Дорно дахиных гэхээр сэтгэл зүйг барьж хийдэг. Барууных болохоор гадаад байдлаар вампир, захиалгат алуурчин зэргээр хүнийг цочоож айлгадаг. Манайх дорно дахины буюу сүнслэг чанарыг нь барьж хийдэг. Хаалга чихарч онгойх, хөшиг салхинд хийсэх зэргээр хүнийг дотоод сэтгэхүйгээр нь айлгадаг. “Хүүхэлдэй” киног арай баруунлаг маягийг барьж хийсэн. Манай Ууганбаяр өөрөө их чөлөөтэй сэтгэдэг. Тэр кино хэдэн хэсэг аймшигтай үйл явдлыг нэгтгэж хүүхэлдэйн дээр төвлөрүүлсэн. Энэ кино хэмжээ нь ч хамаагүй том болсон. Мөн л үр өгөөжөө өгсөн. “Кино цамхаг” группийнхэн маань том хэмжээтэй кинон дээр ажиллах туршлага хуримтлуулж чадсан.

-Хоёр аймшгийн кинонд тоглосны дараа “Ороолон” гэх аймшгийн киноны найруулагчаар ажилласан байх аа?

-“Ороолон” киног хийхээс өмнө арай өөр төрлийн кинон дээр ажиллах гэж байсан юм. Хувиасаа гаргаад хийхээр төсөвт багтахаар хэмжээний сэдэв биш байсан л даа. Тэгээд ажил болоогүй. Юм хийхгүй удах тусам зэвэрдэг талтай. Хурдхан дараагийн уран бүтээлдээ ороод явахгүй бол нэгд төсөөрнө, хоёрт цугласан баг хамт олны итгэл үнэмшил алга болно. Тиймээс бид “Ороолон” нэртэй уран бүтээл хийлээ. Зураг авалт дуусчихсан. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Ерөнхий найруулагч Цогт-Эрдэнэтэй зохиолоо ярилцаад дуусахад надад тохирох дүр байгаагүй. Үзэгчдэдээ зориулж уран бүтээл хийхээс, өөртөө зориулж зохиол худалдан авч бичүүлнэ гэдэг утгагүй. Тиймээс залуусыг оролцуулсан кино хийе гэж шийдсэн. “Кино цамхаг” студи хийж байгаа учраас би ямар нэг үүрэг гүйцэтгэх ёстой. Цогт-Эрдэнэ маань ерөнхий санаагаа бичээд миний хувьд жүжигчидтэйгээ ажиллаад явбал оновчтой гэж шийдсэн. “Ороолон” кино зургаан гол дүртэй. Зургаан залуу шинэ жилийн баяраа хотын захад очиж тэмдэглэхэд тэр байшин ороолонтой, ад зэтгэртэй байж таарна. Ингээд кино үргэлжилнэ дээ.

-Гадаадын зарим кинонд болсон явдлаас сэдэвлэлээ, сүнс хоргодсон бодит байшинд нь хийлээ гэдэг. Танай групп зураг авалт хийх байшингаа яаж сонгосон бэ?

-Түүхэн киног болсон газар нь очиж зураг авах тал ажиглагддаг. Аймшгийн кинонд заавал ад зэтгэртэй байшинд очих шаардлагагүй. Монголчууд чинь их шашинлаг улс. Монголчуудын арван хүний ес нь шашин шүтдэг байх. Тэгэхээр сүнснээс мэдээж айдаг. Хэрэв киноны жүжигчдийн дундаас зураг авалт явж байхад эсвэл дараа нь ямар нэг золгүй явдал тохиолдвол яах вэ. Эсвэл гэр бүлийнхнээс нь золгүй явдал тохиолдвол хүн хамгийн түрүүнд дүр бүтээсэн аймшгийн кинотойгоо холбож ойлгоно. Тиймээс ад зэтгэртэй байшинд очиж зураг авна гэдэг утгагүй зүйл. Үүнийг кино зураг авалтын багийнхан сайн бодох хэрэгтэй. Бид ад зэтгэртэй газар зураг авалтаа хийгээгүй. Гэхдээ кинонд гарч байгаа зүйл сонирхолтой байх ёстой.

-Та “Улаан дөрвөлжин” кинонд чимэг дүрд тоглосон байдаг. Галзуу хүн болох ямар байсан бэ?

-Энэ кино 2012 онд хийгдсэн. “Хамба” студийн найруулагч СТА Б.Ганболд намайг урьж киноны Ням гэх залуугийн дүрд тоглооч гэсэн санал тавьсан. Би их азтай. Б.Ганболд бас л Монголын урдаа барьдаг найруулагчдын нэг. “Улаан дөрвөлжин” кино сүүлийн үеийн кинонууд дунд цөөхөнд тооцогдох том хэмжээний уран бүтээл болж чадсан. Кинонд жар, далаад жүжигчин оролцож, нийтдээ 150 хүн ажилласан байдаг. “Улаан дөрвөлжин” киноны зохиолч Золзаяа, Ганболд найруулагч хоёр надад зохиолоо өгөөд ямар нэг дүр заалгүйгээр унш гэсэн юм. Дараа нь “Аль нь таалагдаж байна” гэж асуусан. Мэдээж Ц.Төмөрбаатар ахын тоглодог эмнэлгийн даргын Даваа гэх дүр миний насных биш. Бусад дүрийнх нь хувьд хамгийн их хийх юмтай, жүжигчний хувьд ажиллагаатай, авьяас, ухаан шаардах дүр нь Ням гэж номын цагаан солиотой залуугийн дүр байсан. Миний дүрээс сүүлд их хасагдсан юм. Номын цагаан солиотой хүн их юм уншсан байх ёстой гэдэг үүднээсээ гурван хуудас шүлгийг нэг дор унших гээд ажиллагааны хувьд кайфтай байсан. Орчуулгын киноны жүжигчин гэдэг утгаараа, уран уншлага сонирхдог маань их хэрэг болсон. Тэр дүрээ дажгүй болсон гэж боддог. Үзэгчид аймшгийн кино гэж ярьдаг юм билээ. “Улаан дөрвөлжин” цэвэр сэтэл зүйн драм. Өнөөгийн нийгмийн амьдрал дээр байгаа салбар салбарын асуудлыг шүүмжилсэн сэтгэлгээний кино. Долоо хоногийн даваагаас ням гариг болоод монгол тооллын долоон дүртэй. Хүний амьдрал долоон өдөрт эргэж байдаг гэдэг утгаар нь дүрүүддээ нэр өгсөн гэдэг юм. Компьютерийн солиотой, урлагийн хэнээтэй, эд мөнгөний туйлшрал гээд ерөнхийдөө манай нийгэм галзуугийн эмнэлэг шиг байна шүү гэдэг санааг гаргасан кино.

-Танд одоо тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Намайг ихэнхдээ аймшгийн кинонд тоглодог гээд байдаг юм. Надад л тохиолдож байгаа хувь тавилан шүү дээ. Киноны гол дүрд сайхан залуу тоглох нь элбэг. Судалгаагаар ч сайхан залуу, бүсгүйг тоглуулж байж кино амжилттай болж үзэгчдийн тоо ихэсдэг. Ихэнх киноны гол дүр сайхан залууг сонгодог. Тэр дүрүүд миний бодлоор хийх юм багатай шиг санагддаг. Тэрний оронд тэр гол дүрд саад учруулж, хорлож, ямар нэгэн байдлаар дүрийг хатгаж байгаа, ажиллагаатай, жүжигчний авьяасыг шавхсан хүмүүст сонирхолтой хэлбэрээр хүрдэг дүрүүдэд ажиллахсан гэж боддог. Дамчаа гуайг гудамжаар явахад чулуу шиддэг байсан гэж ярьдаг. Дамчаа гуай шиг эсрэг талаараа хүний сэтгэл санаанд тултал хийсэн нэг тийм дүртэй болохсон гэж хүсдэг. Хүмүүсийн зэвүүг хүргэсэн дүртэй болохыг хүсч байна.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Хүүхдэдээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх үү?

-Ам бүл тавуулаа. Эхнэр маань “Сарнайх” гоёлын студид ажилладаг С.Цэвэлмаа гэдэг бүсгүй бий. Саргуун, Тэмүүлэн, Соёмбо гэдэг гурван хүүтэй. Том хүү маань “Тэмүүжин өрлөг” сургуульд энэ жилээс суралцаж байгаа. Нөгөө хоёр маань сургууль, цэцэрлэгтээ явна. Том маань жаахан байхдаа жүжигчин болно гэж ярьдаг байсан. “Чонын алтан шагай”, “Нар гарнаа аз жаргал минь” кинонд бас тоглоод авсан шүү. Гэхдээ одоо тэгж ярихаа больсон байна. Өөрсдөө л сонгох байлгүй. Ажиглаад байхад дунд хүү маань нөгөө хоёроо бодвол урлагийн мэдрэмж сайтай. Дүр төрх нь ч гэсэн жүжигчин байхаар харагддаг. Гадаад байдлаараа ч, сэтгэж байгаа байдлаараа ч сайн жүжигчин болох шинжтэй харагдаад байдаг юм, болох ч байх. Зүгээр нэг жүжигчний диплом авах амархан. Жилд хэдэн жүжигчин төгсөөд хэд нь мэргэжлээрээ ажилладаг билээ. Нэг бодлын амархан юм шиг харагддаг боловч хэцүү мэргэжил. Их тэвчээр, тэсвэр шаардана. Тоондоо муу, оюун ухааны бядгүй хүн орчихдог анги юм шиг хандлага байдаг. Дүрсгүй хүн болгон жүжигчин болохгүй. Ер нь юм, юм шавхдаг мэргэжил шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *