Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн талаарх тогтоолын төслүүдээс АН-ын бүлэг завсарлага авав

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага авсан. Тус намын бүлгийн хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх дээр тав хоногийн завсарлага авсан юм.

Тэгвэл АН-ын бүлэг Сонгуулийн талаарх тогтоолын төслүүдээр завсарлага авав. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбогдсон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.” гэж, 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна.” гэж, 16.6 дахь хэсэгт “Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдөр /цаашид “гадаадад санал авах өдөр” гэх/-ийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болно.” гэж тус тус заасан тул Улсын Их Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох; Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно.” гэж заасан тул Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох саналыг Улсын Их Хуралд ирүүлжээ. Түүнчлэн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад “Улсын Их Хурал нь сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах эрхтэй” гэж заасан тул Улсын Их Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай саналаа ирүүлсэн байна.

Ингээд байнгын хорооны дарга А.Бакей эхлээд “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар танилцуулсан юм. Харин энэ үед Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбоотой бүх тогтоолын төслөөс Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг байнгын хорооны дарга хүлээн авч буйгаа мэдэгдсэн тул байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд ирэх долоо хоног хүртэл хойшлогдлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *