Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хүүхдүүдийн хүмүүжилд онцгой анхаарах хэрэгтэй гэв

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Су.Батболд: Боловсролын чанараа сайжруулахын тулд “Цөм” хөтөлбөр, “Авъяас” хөтөлбөр, Кембрижийн сургалт, 12 жилийн тогтолцоо гээд олон зүйл нэвтрүүлж байна. Гэтэл зөв бичдэг хүүхэд ховордлоо. Хүнд зөвхөн мэдлэг чихээд байх биш хүн болгож төлөвшүүлэх нь чухал байна. Нийгмийн ажилтан гэдэг хүн юу хариуцаад байна вэ. Монгол хүний хүмүүжлийн асуудал хуулийн төсөлд туссан уу. Хөрөнгөтэй мөнгөтэй орны иргэд дэлхийд байхгүй үнэтэй сургуулийг зөвхөн Монголд байгуулж байна. Жилийн сургалтын төлбөр нь 20 мянган ам.долларын үнэтэй дунд сургууль бий болсон. Монголын хуульд захирагддаггүй, мөнгийг нь авсны хэрээр мэдлэг өгч чадаж байгаа юм уу, олон улсын сертифкат өгч байна уу. Ийм сургуулийг хэн хянадаг юм бэ гэсэн асуултыг Л.Гантөмөр сайдад тавив.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулахдаа: -Хүүхдүүд өөрсдөө ангидаа мөрдөх дүрэм зохиодог, түүнийгээ дагадаг болсон байна. Хичээлийг зөвхөн багш заадаг байсныг хүүхэд өөрөө хийж сурах. Энэ рүү чиглүүлэх. Яаж өөрөөр нь хариуг олуулах уу, яаж өөрөөр нь эрэлхийлүүлэх вэ гэдгийг сурагчдаар өөрөөр нь санаачлуулдаг болсон. Монгол хүний онцлог, дэлхийд үүгээрээ цаашдаа ялгарах болов уу. Цаашид сургуулиудыг ангилна. Ашгийн сургууль гэж юу юм бэ, ашгийн бус сургууль гэж юу юм бэ гэдгийг зааж өгнө. Өндөр төлбөртэй сургуульд шаардлагаа өндөр тавиад явах шаардлага байгаа гэв.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогоо баталсан. Цаашид яах вэ гэдгээ суулгаж өгсөн. Суулгасан асуудал энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр туссан уу. Тухайлбал, малчны 6 настай хүүхэд сургуульд орж байгааг уян хатан байдлаар шийдэх. Хүүхэд харах үйлчилгээ боловсролын салбарт ухралт авчирсан. Цаашид хүүхэд харах үйлчилгээгээ яах вэ. Хүн бэлддэг салбараа ашгийн төлөө байхыг нь хуульчилж өгөх нь зөв үү. Компанийн хуулиар явна гэхээр салбараа эвдчих юм биш байгаа?
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Сайн хүн, амьдрах чадвартай хүн бэлдэх нь боловсролын салбарын зорилго. 12 жилийн хугацаанд ямар хүн бэлдсэн түүнийгээ шалгаж байгаа. Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдлаа гээд цэцэрлэгийн багш нар гомдоллоод байгаа юм байхгүй. УИХ уг хуулийг батлахдаа өнөөдөр байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэхийн төлөөх хууль. Цэцэрлэг барьж чадахгүй, багшийг бэлтгэж чадахгүй байна.
Ерөнхийдөө гишүүдийн зүгээс монгол хүүхдийн хүмүүжлийн асуудалд онцгой анхаарал хандуулах, боловсролын салбарын менежментийг сайжруулах, боловсролын цөм хөтөлбөр ямар стандартаар хэрэгжиж байгааг хөндөж их, дээд сургуулиудын оюутны төлбөр илт зөрүүтэй байгаа болон зарим хувийн ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр их, дээд сургуулийн төлбөрөөс хэд дахин их байгаа нь сургалтын чанартай уялдаж чадаж байгаа эсэхийг тодотгов.
Хуулийн төслөөр санал хураасангүй, чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ. Маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *