Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн … дугаар ангийн байлдагчид хилийн манааны үүрэг гүйцэтгэж байхдаа оргон зугтсаныг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж саатуулав. Нэгдүгээр сарын 6-ны лхагва гаригийн 11:50 минутад “Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагчид манаанаас бууж ирээгүй байна. Оргосон байж болзошгүй. Тэд тус бүртээ 25 ширхэг сумтай АКМ байлдааны галт зэвсэгтэй яваа” гэсэн мэдээлэл Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт ирсэн байна.
Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч, тус аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Хушаат болон Булган аймгийн Сайхан сум атрын сангийн аж ахуйн чиглэлд эрэн суравжлах ажлыг зохион байгуулж, самналт хийжээ. Эрлийн ажиллагааны явцад Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр “Гэгээлэг” гэх газар сэжигтэй этгээдүүдийн явж байгааг мэдэж, цагдаагийн алба хаагчид зогсоох гэсэн боловч зугтсан байна. Тэндээс 25 км орчим явсны эцэст Шаамар сумын нутаг дэвсгэр “Бүрэн толгой” гэх газар тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслээр уг автомашиныг зогсоон, сэжигтэй этгээдүүдийг баривчлах ажиллагааг зохион байгуулжээ. Цэргүүд оргож явах замдаа галт зэвсэг хэрэглэн Б, З нарыг айлган сүрдүүлж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэн авч зугтсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдоод байгаа аж.
Одоогийн байдлаар оргосон байлдагч Г Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын саатуулах байранд саатуулагдаж байна. Харин байлдагч Б гэмтэл авсны улмаас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хэвтэн, цагдаагийн хамгаалалтад эмчлүүлж байгаа гэнэ. Эмнэлгийн байгууллагын зүгээс “Байлдагч Б-ын гэмтэл нь түүний амь насанд аюул учруулахуйц биш. Цочролд орсон. Шаардлагатай эмчилгээг хийж байна” гэсэн мэдээлэл өгчээ.
Оргосон цэргүүдийн тээврийн хэрэгслийг албадан зогсоосны дараа шууд баривчилбал хүний амь насанд аюул тулгарах учир цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу тэдэнтэй нэг цаг 30 минутын турш хэлэлцээр хийж, ярилцлага зохион байгуулжээ. Энэ үеэр тэд хэлэлцээрийн багийн цагдаа нараас тээврийн хэрэгсэл шаардаж байсан гэнэ.
Хилийн манаан дээрээс оргосон байлдагч Г, Б нараас анхны мэдүүлэг, тайлбарыг авахад оргох болсон шалтгаанаа “Ангийн дарга, ахлагч нартай холбоогүй. Цэргийн ангийн дарамт шахалт байхгүй. Өөр сэтгэл санааны байдлаас болж ийм үйлдэл хийсэн” гэснийг албаны эх сурвалж мэдээлэв.