Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Ипотекийн зээлийн хүүг 5 хувь хүртэл бууруулах нөхцөл бүрдээд байна

Оны өмнөхөн Үндсэн хуулийн цэцээс гаргасан Үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой шийдвэрийн дараа банкууд найман хувийн зээлээ зогсоож байгаагаа мэдээлсэн. УИХ-аас нэн даруй энэ асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөл санаачилж энэ долоо хоногт багтан өргөн барихаар болсон байна. Түүнчлэн зогсоод буй найман хувийн зээлийг цагаан сарын өмнө үргэлжлүүлэх зорилт тавьснаа хэлсэн юм. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд болон “МИК”-ийн захирал Д.Гантөгс, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж танилцуулсан юм.

“МИК”-ийн захирал Д.ГантөгсУлаанбаатар хотод 352 мянга 812 өрх амьдардаг. Үүний 148 мянга гаруй нь орон сууцанд, 204 мянга гаруй нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байдаг бөгөөд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх байгаагаас зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх бий юм. Өөрөөр хэлвэл 8 хувийн зээлд хамрагдах боломжтой 64 мянган өрх байна гэсэн үг. Зээлдэгчийн тоо 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл тав дахин өссөн үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар найман хувийн зээлтэй иргэдийн 35 мянга гаруй нь Улаанбаатар хотол амьдарч байгаа бол 11 мянга гаруй нь хөдөө орон нутгийн иргэд байна. Иргэдийн зээлийн төлөлтийн байдлаас үзвэл иргэд “Өргүй бол баян” зарчмаар зээлийн сарын төлбөрөө нэмж төлж байна. Ойролцоогоор 47 мянган зээлдэгчийн сарын дундаж төлөлтийн хэмжээ 471 мянга орчим төгрөг байгаа” гэв.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд ийн мэдээлсэн юм. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр бол “Барьцаалбар” гэдэг хуулийн хэллэгийг ойлгоогүйтэй холбоотой. Энэ үгийг эргээд санах хэрэгтэй. 2009 оны хууль гарахаас өмнө энэ үг Монгол хэлэнд байгаагүй. Энэ үгийг Чимэд гуай оруулж ирж байсан юм. Барьцаалбар гэдэг бол байрны ордер гэсэн үг биш л дээ. Яагаад биш гэхээр өмч нь болоогүй учраас. Манайд моргейжийн зээл байгаагүй учраас Deed гэдэг үг байгаагүй. Үүнийг барьцаалбар гэж орчуулсан. Өмч болох хүртлээ банкин дээр хадгалагддаг, банкнаас зөвшөөрөл авдаг хамгийн гол бичиг баримт бол барьцаалбар. Барьцаалбарын загварыг хуулинд нь заагаад өгчихсөн байдаг. Тэгэхээр эндээс бүх юм эхэлсэн. Намайг 2009 онд энэ хуулийн ажлын хэсгийн ахлагч байхад маш олон хүн эсэргүүцсэн юм. Барьцаалбар гэдэг үг байхгүй. Тийм ойлголт байхгүй гээд. Ингээд хуулиа гаргасан. 2012 оны хууль гараад, 2015 оны арванхоёрдугаар сар хүртэл хэвийн явж байсан. Цэц барьцаалбар гэдгээ ойлгохгүйгээр чөлөөтэй эргэлдэхийг нь зөвшөөрчихсөн. Тэгэхээр барьцаалбар гэдэг чинь өөрөө утгаа алдчихаж байгаа юм. Үндсэн хуулийн цэц барьцаалбар гэдгийг байрны ордер гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан. Гэтэл барьцаалбар чинь өөрөө өмч болох хүртлээ 20 жил хэрэгтэй. Цэцийн шийдвэрийг буруутгасан нь ийм хохиролтой шийдвэр гаргасанд нь буруутгаад байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн гол суурь багана нь барьцаалбар өөрөө юм. Монгол улсын санхүүгийн систем суурь гэж байдаг. Яг энэ үед ипотекийн зээл суурь нь болчихоод байна. Барьцаалбар нь зээлдэгчийн зөвшөөрөлгүй чөлөөтэй эргэлтэд ордог улс дэлхий дээр нэг ч байхгүй гэдгийг хэлмээр байна.

Хэрвээ ипотекийн зээлийг галт тэрэгтэй зүйрлэвэл ардаа чиргүүлтэй галт тэрэг шүү дээ. Барилга угсралт гэхэд л 77 мянган хүн ажилладаг. Үүний араас барилгын материалын салбар гэхэд л 20 мянган ажилтантай, мебелийн үйлдвэр мөн тооны хүмүүс байх жишээтэй. Тэгэхээр дан ганц байранд орох гээд байгаа иргэдийн эрх ашгаас гадна энэ салбарт хамаатай бүхий л хүмүүсийн ажил, амьдралыг зогсоочихож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 8 хувийн зээл зогсвол иргэн байр авч чадахгүй, байр авахгүй юм чинь барилга угсралт явагдахгүй, барилгын материал худалдагдахгүй, шинэ байранд орсон айл тавилга авахаа болино, мэдээж нэмэгдээд дотоод засал чимэглэл ч байхгүй болно. Ингээд явж байсан галт тэрэг өөрөө гинжин холбоотой гэж үзвэл бүгдийг нь таслачихаж байна гэсэн үг. 2012 онд манай улс барилгын орцын 30 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр 60 хувийг үйлдвэрлэж байна.

Угтаа бол барилгын салбар хөл дээрээ босч, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа энэ үед бол зээл зогсоно гэдэг асар том эрсдэл. Өнөөдөр 65 мянган өрх шинээр байрандаа орсон бол утаа ор мөргүй алга болохгүй ч гэсэн 65 мянган яндан алга болох байсан. Ипотекийн зээлийн хүү анх 13.8-22.5 хувийн хүүтэй байсан бол Монголбанк зориг гаргаж 8 хувь болгосноор хязгаарлагдмал байсан орон сууцны зээл хамрагдах хүрээгээ тэлж, дундаж давхаргынханд хүрч эхэлсэн. Орон сууцны ипотекийн зээл хэвийн олгогдох нөхцөлийг дахин бүрдүүлэхийн тулд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон” гэлээ.

-УРЬДЧИЛГААГ 10 ХУВЬ БОЛГОХ НЬ ИРГЭДЭД АШИГГҮЙ ХУВИЛБАР-

Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар 8 хувийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох тухай асуудлыг ярьсан. Иргэдийн хувьд сонсоход сайхан мэдээ юм шиг боловч нарийн тооцоолоод үзвэл энэ нь эрсдэлтэй хувилбар юм. Учир нь иргэн 10 хувийн урдчилгаа нь бага юм шиг боловч 90 хувийн зээлтэй үлдчихээр сарын орлого нь 1 сая 400 мянгаас 1 сая 800 мянган төгрөг болж өсөх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл сард 600 мянган төгрөг төлдөг байсан бол сард 800 гаруй мянган төгрөг төлдөг болно. Иймээс 30 хувийн урьдчилгаагаар оролдох нь өөрөө иргэдэд хүртээмжтэй байсан боломжийг буцаагаад хумьж эхэлнэ гэсэн үг.

-УРЬДЧИЛГААГ 10 ХУВЬ БОЛГОСНООС 8 ХУВИЙН ХҮҮГ 5 БОЛГОХ НЬ ИРГЭДЭД АШИГТАЙ-

Тэгвэл заавал 30 хувийн урьдчилгаагаар оролдохгүйгээр 8 хувийн хүүг 6 хувь болгоод тооцож үзвэл сард зээлдээ 630 мянган төгрөг төлдөг байсан өрх сард 540 мянган төгрөг төлдөг болж 90 мянган төгрөг хэмнэнэ. Хэмнэсэн хэрэглээгээ гэр бүлийнхээ бусад хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх юм. Мөн өөр өөрчилж болох зүйл нь одоогийн 8 хувийн зээлийн хугацаа 20 жил байгааг 30 жил болгож өөрчилбөл сард 410 мянган төгрөг зээлдээ төлөх боломжтой. Өрх айлууд сарын төлбөртөө санаа зовдог учир үүнийг нь багасгах арга замыг сонгохоос биш сарын төлбөрийг нь өндөр болгоод, орлогоо нэмэгдүүл гэдэг шаардлага тавих нь хамрагдах хүрээг улам л багасгана. Мөн инфляцитай уялдуулан 8 хувийг 5 хувь ч болгох боломж бий. Өнөөдөр инфляцийг 7 хувь байна гэж тооцож байсан бол 2.9 хувь гэдэг зээлийн хүүг бууруулах таатай нөхцөл байдал бий болж байгаа юм. Тиймээс энэ бүх боломжийг судалж, хуулиа хурдан санаачлаад, цагаан сараас өмнө эхний ээлжинд 8 хувийн зээлээ үргэлжлүүлэх болно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *