Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлээс санаачлан “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” номын хоёр дахь цувралыг хэвлүүлжээ.Энэхүү цувралын эхнийхийг 2014 онд хэвлэн гаргасан юм. Тухайн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” чөлөөт уншлага зохион байгуулж, уг уншлагад оролцсон найрагчдын хайрын шүлгээр ном бүтээсэн билээ.
Өнгөрсөн ням гаригт нээлтээ хийж, уншигчдын гар дээр очсон хоёр дахь цувралд Б.Ринченгээс Д.Эрдэнэзулай хүртэлх 150 гаруй яруу найрагчийн хайрын шүлгүүдийг багтаажээ. Номыг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан эрхлэн, залуу яруу найрагч Б.Алтанхуяг, М.Батбаяр нар эмхэтгэн хэвлэлд бэлтгэсэн байна. Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн хэвлэх үйлдвэр уг номыг өвөрмөц хийц загвартайгаар хэвлэн гаргажээ. “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” номын нээлтэд төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, Д.Мөнхтөр нар болон МЗЭ-ийн дэргэдэх “Шинэ мянган” нэгдэл, Залуу зохиолчдын нэгдлийн уран бүтээлчид, яруу найрагчид, уншигчдын төлөөлөл оролцлоо. Хайрын шүлгээс тухайн хүний хэн болох, дотоод мэдрэмж сэтгэл санааны онцлогийг бэлхнээ мэдэж болдог гэдэг. Өөрөөр хэлбэл яруу найрагчид хайрын шүлэгтээ зүрх сэтгэлээ нүцгэн үнэнээр нь өгүүлдэг бол өөр бусад шүлэгт сэтгэл гэхээсээ сэтгэлгээгээ илүү шингээдэг гэж үзэх нь ч бий. Ер нь хайрын шүлэг юугаар ч орлуулалгүй өөрийн гэсэн үнэ цэнтэй, түүхтэй байдаг. Ингээд “Зуун яруу найрагч, Зуун хайрын шүлэг-II” номонд орсон “Өдрийн сонин”-ы яруу найрагчид болон бусад яруу найрагчдын шүлгээс дээжлэн толилуулж байна.
“Болор цом”-ын эзэн Яруу найрагч Норовын Гантулга
Э.З-Д
Зөрөг замын голд харц харцаа мөргөлдүүлж
Зөөлөн сэвшээ үдшээр санаандгүй уулзсан бүсгүй минь
Оддын чөлөөнөө тунарсан дорнын саран адил гэрэлт дүрийг чинь
Одоо болтол би мартаагүй л яваа юм шүү
Луу ороосон зүүд хөмсгөн сарнаас нисэж
Лаа асахын төдийд чиний зүг харвана
Жүнзтэй дарсны мэлмэрээнээс охидын нүд шүүрч
Жигүүрээ дэлгэсэн шувуу цээжин дотор ганганана
Амрагийн дууны цэнхэр алчуур торгон салхи сэвэлзтэл
Алдрайхан хонгор зүрхний минь гэгээн тольтод намирлаа
Рашаан булгийн хатан долгио тунгалагхан үзэгдэж
Равжаагийн цэцэн мөрүүдээс би чамайг олж харлаа
Ганихрам үдийн халуун сүүдэрт дуулж суугаад эргэсэн ч
Ганхаа хонгор цэцэгсийг мартаж чадамгүй санагдана
Адууны зүүдтэй талдаа хайрын мананд ороогдон уналаа ч
Амрагийнхаа гэрэлт харцнаас дүрийг чинь харж тайтгарна
Лимбэ цэцгэн дундаас өнчин янзага цахилж
Ланзан үүлсийн цаагуур оройн наран шингэлээ
Дурлалт сайхан чи минь сүүлчийн удаа миний
Дугариг нулимсан дотор ягаан даашинзтай бүжлээ.
Яруу найрагч, “Өдрийн сонин”-ы Улс төрийн албаны сэтгүүлч Энхбаатарын Энхболд
Чамайгаа би мартаж чадаагүй
Хайртай чинийхээ сэтгэлээс хол ч
Харамлан хайрлахын зүрхтэй байж
Хардаж хардуулахын үнэнээс ангид
Хавар намрыг үдэж чадсан болохоор
Чамайгаа би мартаж чадаагүй ээ
Нулимстай чинийхээ харцнаас нуугдсан ч
Наадан эрхлэхийн хайртай байж
Нандин учралын үүлс сэмлэн
Нуурын шувуудыг нисгэсэн болохоор
Чамайгаа би мартаж чадаагүй ээ
Энхрий чинийхээ бодлоос ангид
Энэлэн шаналахын гунигтай байж
Энэ орчлонгийн гэрлийг цуглуулан
Эрх сэтгэлээ аргадсан болохоор
Чамайгаа би мартаж чадаагүй ээ
Хүслийнхээ тал дээр ганцаардлаа нөмөрч
Хараацайн гунигаар жигүүр урлаад
Дэлхийн хязгаараас сарнай түүж
Дэндүү их хайраасаа хагацаж чадаагүй болохоор
Чамайгаа би мартаж чадаагүй ээ.
Яруу найрагч, “Өдрийн сонин”-ны Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул
* * *
Гав гинж, дөнгийг минь таслан хаясан
Чиний хуриманд талархъя
Хуучин муу үүр адил чамайг орхиод
Алсыг шувуу шиг зорин
Эрх чөлөөтэйхэн нисье
Элин халин нисч ханаад
Эргээд дахин газардахдаа
Эр хүний үүрэнд орохгүй гээд
Хоёр жигүүрээ тасдъя.
Яруу найрагч, “Өдрийн сонин”-ы Гэрэл зургийн албаны фото сурвалжлагч Гантогтохын Лхагвадорж
Оньсхон
Оньсхон минь
Олон ааштай зөрүүдхэн минь
Одоо би чинийхээ оньсыг тайлж сурсан уу?
Ямар зүйлд дуртай, ямарт нь дургүй
Яахаар уурладаг, яахаар баярладаг
Юунд хамгийн ихээр сэтгэл нь хөдөлж
Юунд хамгийн ихээр ой гутдагийг чинь ч мэднэ
Оньсхон минь
Олон ааштай зөрүүдхэн минь
Одоо би чинийхээ нууцыг мэдсэн үү?
Гэзэг үс чинь ямархан үнэртдэгийг
Гижиг чинь хаанаа байдгийг
Уурлавал чинь хэрхэн аргадахаа
Уруулыг чинь яаж озохоо ч мэднэ.
Гэвч чи минь оньсхон хэвээр л
Гэргий минь байлаа ч тайлагдашгүй янзаар
Үе үехэн гунихад чинь
Үүд хаалгагүй газар хоригдох шиг л болном.
Эмзэг турьхан, ичимхий ялдам
Тэгээд тийм гэнэхэн байхын зэрэгцээ
Яаж ийм үл ойлгогдом байж чаддаг байна аа…
Оньсхон минь
Оньсогохон минь ээ
Яруу найрагч Зоригоогийн Сумъяабазар
* * *
Өглөө сэрмэгц аманд аялагдсан ийм гунигт дуутай
Урт хаврын өдрүүдийг туулна гэдэг хэцүү
Нот бүхнээс нь нулимс дуслах бүрт
Нэгэнт хагацсан чамаас ахин хагацах юутай хүнд
Намрын тухай дуу атлаа хаврын гудамжинд
Зэрлэг ургамал шиг ургах энэ дууг
Аялахгүй байж чадахгүй байна
Ихийн их хайрыг хагацал болтол нь туучсан
Ийм гунигт дууг аялахгүй байж чдахгүй байна
Ихийн их хайрыг хагацал болтол нь туучсан
Ийм гунигт нүдийг ижийдээ үзүүлж чадахгүй байна.
Бэлтгэсэн Г.Лхагвадорж