Categories
мэдээ соёл-урлаг

Ж.Алтанцэцэг: Балхжав ах “Антигона” дууг чамаас өөр хүн дуулж чадахгүй юм байна гэсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Та саяхан шинэ уран бүтээлээ олны хүртээл болгосон. Өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог өндөр байв уу?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдадаа ирж байгаа шинэ оны баярын мэнд хүргэе. Найз нөхдийн албан газар дуулах, телевизүүдийн баярын нэвтрүүлэгт оролцох гээд хоёр оны босгон дээр нэлээд ачаалалтай завгүй л явж байна даа. Миний хувьд 2015 он гэр бүлийн жил байлаа. Би 2014 онд хөөрхөн охинтой болсон. Гурван хүүхдээ асраад, гэр орондоо их анхаарсан жил байсан гэж болно. Гэхдээ уран бүтээлч хүн юу гэж зүгээр суухав. Энэ зун нөхрийнхөө аавын нутагт очиж хадам аавдаа зориулан “Нар шиг угтах аав нутаг” нэртэй шинэ дуугаа бичүүлсэн байгаа. Энэ дууны клипний зураг авалтыг Увс аймгийн Малчин суманд очиж хийсэн. Цагаан сарын үеэр энэ уран бүтээлээ цацах бодолтой байна. Манай гэр бүлийнхэн энэ зун Монгол орныхоо хамгийн үзэсгэлэнтэй газар нутгаар 5000 гаруй км аялсан. Энэ аялалынхаа үеэр клипний зураг авалт хийсэн байгаа. Ая зохиогч гитарчин Өөжгийтэй хамтраад шинэ цомог гаргахаар ажиллаж байна. Цомгийн маань дөрвөн дуу бичигдчихсэн. Мөн Өөжгийтэйгээ хамтраад саяхан “Хайр гэж” дууныхаа клипийг дүрсжүүлэн олны хүртээл болголоо. Би гэр бүлийнхээ хүнтэй хамт амьдраад 20 жил болж байгаа. Би нөхөртөө зориулаад “Чамайгаа үнсье” гэж дуу гаргасан. Энэ дууны аяыг Өөжгий, үгийг Хүрэлбаатар бичиж өгсөн. Нэлээд хугацаанд ярьж, ярьж олон дахин бичүүлж байгаад гарсан, их гоё дуу гарна. Удахгүй клипнийхээ зурганд орно. Ер нь ирэх 2016 оныг олон сайхан дуу хуур, уран бүтээлээр угтаж байгаадаа их баяртай, сайхан байна.

-Хэдийгээр байнгын ажилтай, уран бүтээл туурвиад завгүй байдаг ч та их гэр бүлсэг хүн шиг байна. Танай гэр бүлийн хувьд шинэ оныг хэрхэн угтдаг вэ?

-Ер нь аливаа баяр ёслолыг над шиг сүртэй тэмдэглэдэг хүн ховор байх. Одоо л гэхэд гэрийнхээ гадна талд, гэр дотроо ёлка засчихсан байна. Аливаа баяр ёслол, үйл явдлыг утга төгөлдөр, баяр баясгалантай гоёор хүлээж авахыг хичээдэг. Зарим хүмүүсийг би шүүмжилмээр санагддаг. “Энэ жил хямралтай байгаа юм чинь ёлка засаад яадаг юм” гэх хүмүүстэй таарч байна. Маш гунигтай ш дээ. Бидний хүүхэд нас хүнд хэцүү үед л өнгөрсөн. Бид нар үүнээс хэцүү үед ч сэтгэлээр гуньж, гутарч байгаагүй. Юугаа алдчихсан юм бэ. Хүн амьд явж байгаа цагт эрүүл л байвал болно. Хүмүүс хэтэрхий муу амтай болчихсон юм уу даа. Хичнээн хямралтай байсан ч хүүхдүүдийнхээ бага насыг аз жаргалтай, гэрэл гэгээтэй, дурсамжтай үлдээмээр байгаа юм. Ялангуяа манай хүүхдүүд бага насандаа явж байгаа учраас тэдэндээ жинхэнэ үлгэрийн, мөрөөдлийн ертөнцийг бий болгохыг хүсдэг. Шинэ он гарах үед манайхан ер нь сүүлийн гурав, дөрвөн жил гадагшаа явж таарсан. Яагаад гэхээр тоглолтын урилга их ирдэг. Уржнан жирэмсэн байхдаа Лондонгийн монголчуудад очиж тоглолт хийж байсан. Ноднин Филиппин явсан. Гэртээ байгаа тохиолдолд Ерөнхийлөгчийнхөө үг хэлэхийг сонсоод л ханьтайгаа оргилуун дарс тулгаад, дараа нь найз нөхдөөрөө баярлах байдлаар тэмдэглэдэг. Ер нь 31-ний орой хамгийн аз жаргалтай үе бол гэр бүлийнхэнтэйгээ л байх. Энэ ч үүднээс “Миний гэр бүлийн шинэ жил” нэртэй дуу хийсэн.

…Халуун дулаан инээд хөөр

Хайраар дүүрэн миний гэр бүлийн шинэ жил

Хүн бүхэн хүлээдэг оны сүүлчийн орой

Хөөрхөн үрс минь хөөрөн сүлд модоо чимнэ…гээд их гоё үгтэй дуу л даа.

-Та хэр сайн гэрийн эзэгтэй, ээж вэ?

-Хамаатан садны дүү нар маань их тусалж, гол ажлыг маань нугалдаг. Гэхдээ мэдээж өөрөө бүх юмандаа оролцолгүй яахав. Гэрийнхээ тавилга янз бүрийн юмыг өөрчилж оролдох дуртай. Ер нь жаахан саваагүй талдаа шүү.

-Таныг нөхөртэйгөө оюутан байх үедээ, төрсөн өдрөөрөө танилцаж байсан гэж сонссон юм байна?

-Би нөхөртэйгөө 1995 онд яг 20 жилийн өмнө, төрсөн өдрөөрөө танилцаж байсан. Би бааранд дуу дуулдаг байсан. Нөхөр маань анх хараад их гоё хоолойтой охин байна гээд л ерөөсөө танихгүй байж зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэж байсан. “Хар сарнай” хамтлагийн Амараа, Маадай хоёр ер нь бид хоёрыг танилцуулсан гэж хэлж болно доо. Тэр үед би “Холливуд” гээд анхны такстай бааранд дуулдаг сэргэлэн оюутан байлаа. Сэргэлэн гэхээсээ илүүтэй дуулахын бөөн хүсэл мөрөөдөл болчихсон байсан үе.

-Таныг их багаасаа дуулж эхэлсэн гэдэг?

-Бүр хүүхэд байх үеэс л дээ. Манай элэнц эмээ дуучин хүн байсан. Манай эмээ намайг бүр 10 жилдээ дуулдаг байхад “Чи манай ээжид арай л хүрэхгүй байна” гэж ярьдаг байсан. Одоо миний охин их сайн дуулж байгаа. Дуулдаг удам л манайхны цусанд байгаа юм шиг байна.

-Танай охин “Улаан пальто” киноны дууг дуулсан. Ер нь дуучин, урлагийн хүмүүсийг хараад байхад хүүхдүүдээ өөрсдийнхөө замаар явуулах тэр бүр дуртай байдаггүй юм шиг. Харин таны хувьд охиноо хэр дэмждэг вэ?

-Би хүүхэд насных нь гэгээн дурсамжийг үлдээе гээд таван настайдаа охин маань цомог гаргасан. Мөн охин маань хэдхэн өдрийн дараа үзэгчдэдээ маш гоё клипээр бэлэг барих гэж байгаа. Алдартай “Frozen” хүүхэлдэйн киноны “Let it go” дууг Монголын хүүхдийн ордныхон мөн “Орчлон” сургуулийн ангийн хамт олонтойгоо нийлээд дуулсан. “TJ” энтертайментаар клип хийлгэж байгаа. Охиныхоо клипний зураг авалтын тайз, засалт бүх юман дээр аав нь маш их сэтгэл гаргаж бэлдсэн. Хэзээ ч миний тайзыг тэгж засч байгаагүй (инээв). Охин маань ч үнэхээр гоё дуулсан. Хүүхдийн хоолой жил ирэх тусам өөр болж байдаг юм байна. Урлагийн хүмүүсийн туулах зам нь их хэцүү л дээ. Цаг наргүй хөдөлмөрлөдөг. Гэлээ гээд хүүхдээ дуулахыг хорихгүй. Тэгсэн тэгээгүй өөрөө хэзээнийл киноны дуу хараад тогтоочихсон л байдаг. Бид хоёр одоо МҮОНТ-ийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлэгт бэлдэж байгаа. “Анастасия” хүүхэлдэйн киноны дууг охинтойгоо хамтарч дуулахаар бэлдэж байна. Охин маань урлагийн хүн болох магадлалтай л даа.

-Хүүхдийн хоолой жил ирэх тусам өөрчлөгддөг гэж байна. Харин таны хоолой анх олонд танигдаад дуулж байсан үеэс хэр өөрчлөгдсөн бэ?

-Арай л суурьтай, даацтай болсон гэж хэлэх юм уу даа. Гэхдээ л хоолойгоо маш сайн гамнаж, байнга ажиллаж, дасгалжуулах хэрэгтэй юм л даа. Даарч, хөрөөд хоолойгоо гамнахгүй байвал их муудах шинжтэй байдаг.

-Таныг уран бүтээлээ ид туурвиж байх үед рок попын урсгал давалгаалж байсан. Монголчууд тэр аяараа рок поп руу хошуурч байсан гэж хэлж болно. Харин одоо арай зогсонги байдалд орчихсон юм шиг?

-Би хүмүүсийн тэгж яриад байгаад санал нийлдэггүй л дээ. Нэгэн хэвийн үргэлжлээд байвал хөгжил гэдэг зүйл явагдахгүй. Би үүнийг хөгжил гэдэг талаас нь л харж байгаа. Гарч ирж байгаа хүмүүс шинэ зүйл рүү тэмүүлэхийг яасан ч үгүйсгэж болохгүй. Хамгийн гол нь Монголын рок попын урсгалыг түүчээлэн авч явж байгаа залуус маань хариуцлагатай, түүхээ зөв бичээсэй гэж хүсэх байна. Урд байгаа хүмүүсээсээ суралцаж, хийж гүйцээж амжаагүй байгаа юмыг нь гүйцээж боловсронгуй болгох тал дээр анхаарах хэрэгтэй л дээ.

-Таныг дахин сурч байгаа гэж сонссон. Тэр талаараа хуваалцахгүй юу?

-Би 2014 онд Удирдлагын академид элсч орсон. Би өөрийгөө нөгөө талаас нь хөгжүүлж сурах ёстой гэдгээ ойлгосон. Тэгж байж би шинэ үетэй хөл нийлүүлж өөрийнхөө бизнес, уран бүтээлээ хийнэ гэж бодож байна. Тийм ч учраас сурч байгаа. 2016 онд төгсөнө. Дандаа мундаг залуустай сурч, тэдний үзэл бодлыг сонсч мөр зэрэгцэн явж байна.

-Таны уран бүтээлийн нэлээд хэсэг жүжгийн дуунууд байдаг. Анхны кино, жүжгийн дуу тань юу байв?

-Дөнгөж оюутан байхаасаа л киноны дуу дуулсан л даа. Оюутан байхад анх хөгжмийн зохиолч Аранзай “Дурлалын нулимс” гээд киноны дууг дуулах санал тавьж байсан.Тэр үед “Айзам 2” гээд хамтлаг байгуулагдаад, хамтлагийн залуус өөрсдөө кинондоо тоглож байсан. Амьдрал үзээгүй, хүүхэд гаргаагүй, хайртай хүнтэй ч болж амжаагүй мөртлөө ..Харамслын нулимсаараа сувд бэлэглэж хайртай хүнд чинь бэлэглэе, Үүрдийн жаргалыг минь авсан үнэтэй хань болохоо тэр ухаараг гээд аймаар үгтэй дуулж байлаа. Тэрнээс хойш “Дурлалын золиос”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Зүрхэнд шивнэсэн үг” гээд л нэг хэсэг баахан киноны дуу дуулах болсон. Миний уран бүтээлд хүүхдийн, кино жүжгийн, ардын, поп гээд л бүх төрлийн дуунууд байдаг л даа. Ер нь би их баялаг уран бүтээл хийхийг боддог. Тэр үүднээс “Алтанцэцэг” гээд таван цуврал цомог гаргаж байгаа.

-Та Монголын таван поп дивагийн нэг. Танд өгсөн энэ нэр алдрын үнэ цэн, үүрэг хариуцлагыг хэрхэн хүлээж авч, үнэлдэг вэ?

-Маш их бахархдаг. Энэ нэр төрөө хариуцлагатай авч явахын тулд зүгээр нэг дуучин биш ахуй амьдрал дээрээ ч тэр бүхий л зүйл дээр дива байхыг хичээдэг. Маш их нэр төр, үүрэг, хариуцлага л даа. Тийм ч учраас би их гэгээлэг байхыг эрмэлздэг. Саяхан БЗД-ийн 17 дугаар хорооны Баянсан гээд залуугийн хандивын тоглолтыг хийсэн. Гэр бүлээ аврах гэж байгаа залуу байна лээ. Дашрамд хэлэхэд энэ тоглолтод оролцож гүн туслалцаа үзүүлсэн Дашка ах тэргүүтэй бүх гавьяатууд, дуучдадаа баярлалаа.

-Дуу дуулахаас гадна та дуу бичлэгийн студи, дэлгүүр ажиллуулдаг. Тэр ажил тань хэр урагштай явж байна?

-Студиэ би одоогоор ажиллуулахгүй байгаа. Студиэ дуучин Б.Болдод өгсөн. Уран бүтээлээ хийх, эх хүнийхээ үүрэг хариуцлагаа давхар гүйцэтгээд ирэхээр студиэ ажиллуулах хүндрэлтэй болоод ирсэн. Рагу нутаг руугаа буцаад багийнхан маань ч задраад эхэлсэн. Иймээс студиэ дуучин Болдод зарчихсан байгаа. Аливаа жижиг гэлтгүй бизнес хүнийг хөгжүүлдэг юм билээ. Хүн өөрийнхөө хэрэгцээнд тохирсон бизнес хийж байх нь зүгээр юм шиг санагдсан.

-UBS телевизийн “My voice” шоу нэвтрүүлэгт залуус таны “Антигона” зэрэг дуунаас дуулж байна. Эндээс таны дуунууд ямар хоолойны цар хүрээ шаардсан дуу вэ гэдгийг хүмүүс ойлгож байх шиг байна л даа.

-Балхаа ах “Антигона” дууг чамаас өөр хүн дуулж чадахгүй юм байна гэж хэлж байсан юм. Хүнд дуунууд их дуулаад байдаг юм аа. Тэр ч үүднээсээ шүүмжлэл их хүлээдэг. Хүн дагаж дуулдаггүй, дандаа хашгирдаг дуу дуулдаг гээд байдаг юм. Залуус шоу нэвтрүүлэгт заавал түрүүлэх гэж биш идэвхтэй оролцож, хүний хөдөлмөрийг ойлгож байна гэдэг нь маш том амжилт. Урлагийн хүний хөдөлмөрийг л ойлгож байгаа нь сайхан байна.

-Та ойрд тоглолт хийх үү?

-Тоглолт хийхийг бодолгүй яахав. 2016 ондоо багтаад сайхан тоглолт хийнэ дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *