Categories
мэдээ цаг-үе

С.Жалан-Аажавын Хандсүрэн: Аав маань “Хүний мууг үзэж болохгүй” гэдэг байсан

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн асан С.Жалан-Аажавын охин Хандсүрэнтэй ярилцлаа. Жалан-Аажавын Хандсүрэн хуульч, зам тээврийн ослын хэрэгт голчлон өмгөөлөл хийдэг нэгэн.

-Та аавынхаа мэргэжлийг өвлөөд хуульч болчихсон юм уу?

-Тийм ш дээ. Манайхан тэр аяараа хуульч. Дүү маань хуульч, охин маань хуульч. Бид бүгд хуульчийн ар гэрт төрж, өслөө л дөө.

-С.Жалан-Аажав гэж түүхэн хүн эргэн тойрны хүмүүсийнхээ амьдралд яаж нөлөөлсөн бол гэдэг сонин байна. Танайх ямархуу айл байв. Ээж, аавынхаа тухай дурсаач?

-Багын бүүр түүр санагддаг дурсамжууд байдаг. Би чинь 1954 онд төрсөн хүн. Манай ээж нэгдүгээр сургуулийн захирал Ж.Ичинхорлоо гэж хүн байв. Ээж маань анхны эмэгтэй захирал байжээ. Манай эмээ (аавын ээж) ээж бид гурвуулаа амьдарч байсан үеэ санадаг. Аав маань Эрхүүд хуулийн сургуульд сурах гээд явчихсан үе гэж сүүлд л мэдсэн. Аав хайрцагтай чихэр, жигнэмэг, кукла явуулдаг. Эмээ намайг хардаг байв. Манайх тэгэхэд “Жаран айлын жавар цагаан” гээд Германы элчингийн ойролцоо орон сууцанд байлаа. Аав сургуулиа төгсөөд Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга болсон байгаа юм. Дараа нь манайх нүүгээд, 40 мянгатын наймдугаар байранд орсон. Хүрэн “Победа” машинтай боллоо.Тэгж байгаад “Ард” кино театрын урд талын байранд орсон. Нэлээд байж байгаад аав маань Дэмбэрэлзагд гэж жолоочтой ЗИМ-тэй болсон. Тэр жолооч намайг сургуульд хүргэж авдаг. Ойрхон хоёрдугаар сургуульд сурч байсан нь санаанд орж байна. Гэхдээ машинаар байнга явахгүй. Эмээ маань л сургуулиас авч, хүргэж өгнө дөө. Аав 1960 хэдэн онд Улсын ерөнхий прокурор болсон юм байна. Ганц жил хийгээд гарсан гэнэ лээ. Дараа нь Пүрэвжал гэдэг жолоочтой, 24-тэй болов оо. ГАЗ-24-тэй жолоочтойгоо тэтгэвэрт гарч, нас бартлаа хамт байсан даа. Тэр үед аав Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны дарга болсон юм. Манайх “Рекорд” бил үү телевизортой, айлууд нэг их телевизгүй байсан болохоор хүүхдүүд орж ирж зурагт үздэг байлаа. Аав МРТУХ-ны даргаар удсан даа. Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн болтлоо тэнд л байсан. Сонин хэвлэл, радио телевизийнхэнтэй маш олон жил ажилласан. “Их сайхан улсууд” гэж ярьдаг. МРТУХ-ны дарга байх үедээ л идэр залуу насаа өнгөрөөсөн, тэр үедээ Москвад очиж, доктор хамгаалсан юм. “Одоо энэ Санжийн Баяр бид хоёр нэг багштай” гэж ярьдаг байлаа.

-Та жолооч нараа сайн санаж байхыг бодвол машин их унадаг байжээ?

-Сургуульдаа унаагаар хүргүүлэх үедээ хүргүүлнэ. Ер нь манай аав хариуцлагатай дарга хийж байсан мөртлөө машин тэрэг унадаггүй. Зам гараад л ажил руугаа орчихдог байсан учраас ихэвчлэн явган алхдаг хүн байж билээ. Бид ч аавынхаа машиныг нэг их дуудаж унадаггүй. Ээж, эмээтэйгээ дэлгүүр хоршоо, эмнэлэг ордог байлаа. Аавын ээж хамт амьдардаг байсан. Ная хүрээд нас барсан даа. Ээж маань түүхч мэргэжилтэй. Ээжийн аав том лам хүн байжээ. Гэргий нь Осоржамаа гэж Богдын ордны уран хатгамалч авгай байсан юм гэнэ лээ. Хатгасан барьсан юм нь байдаг л гэсэн. Бид нарийн судалж үзээгүй. Ээж маань нэгдүгээр сургуулийн захирал байгаад, дараа нь “Хөдөлмөр” сонинд ажилтан байснаа, Хувьсгалын музейн эрдэм шинжилгээний ажилтан, тайлбарлагч хийж байгаад тэтгэвэрт гарсан даа.

-Аав, ээж хоёр тань оюутан байхдаа танилцсан гэдэг бил үү?

-Өө тийм гэсэн. Манай аав хөдөөнөөс ирээд Нам ба улсын сургуульд суралцаж төгсөөд, тэндээ багшаар үлдсэн. Дараа нь проректор болоод гэнэт хойшоо сургуульд явсан гэдэг. Тэр үед нь ээж маань оюутан байж л дээ. Тэгээд л гэрлэсэн улсууд юм билээ.

-Аав тань бага насныхаа тухай ярьдаг байв уу?

-Гурван настай байхад нь аав нь салаад явсан гэдэг. Ээжтэйгээ дөрвөн банди үлджээ. Нэг нь 13-тай нас барсан. Аав айлын том нь. Дүү нь Жамсранжав гэж хүн байсан. Одоо нас барсан л даа. Цэргийн байгууллагад ажиллаж байгаад сүүлд Зөвлөлтөд цэргийн атташегээр суусан. Бага дүү нь Очирбат гээд олон сонгодог зохиол орчуулсан мундаг хүн. Аав багадаа хөдөө мал маллаж байснаа ярьдаг. Хөхөө өвлийн хүйтэнд арав гаруй настайдаа адуу манадаг байлаа. Манай ээж намайг “Чи нэг сургуульд сур” гэсэн. Аймгийн намын хороонд Чимэдрэгзэн гээд Завхан аймгийн Алдархаан сумын хүн байсан. Тэр хүн аймгийн намын хороонд очоод уулз гэсэн. Очиж уулзсан чинь Хүн эмнэлгийн техникумын хуваарь олж өгсөн гэж дандаа ярьдаг. Шалгалт өгөх гэж байснаа гэнэт болиод, өөрөө явж судалж байгаад Нам ба улс төрийн сургуульд орсон гэдэг. Төгсөөд сургуульдаа багшаар үлдэж, проректор болоод, Эрхүүд хуулийн сургуульд яваад, төгсч ирэнгүүт нь Төв хороонд хэлтсийн даргаар тавьж л дээ. Хүрэн “Победа”-тай боллоо гэж яриад байгаа нь тэр.

-Тэр үеийн хүүхдүүдийн амьдралын хэв маяг ямар байв?

-Тэр үед ажилчин, сэхээтэн энэ тэр гэж нэг их ялгах юм байхгүй. Бусад хүүхэдтэй адилхан дээс, чартаа тоглоно. Аав маань үе үе гадаад явна. Орос руу л явна. Өөр нэг их олон газар явдаггүй байсан юм байна гэж одоо боддог. Янз бүрийн тоглоом, мандолин, кукла авчирч өгнө. Даргын хүүхэд гээд ялгараад байх юм байгаагүй.

-Жалан-Аажав гуай хэдэн хүүхэдтэй хүн бэ?

-Хүү, охин хоёртой. Миний охин ааваар овоглодог учраас хоёр охин нэг хүүтэй гэж явдаг. Жалан-Аажавын Тэгшзаяа гэж охин бий. Хуульч мэргэжилтэй ч өөрийн сонирхлоороо англи, орос хэлнээс ном орчуулдаг. “Галаар наадагсад” гээд ном аваад үзээрэй. Бестселлер болсон ном. Тэр номыг орчуулсан. Хуулийнхаа мэргэжлийг орхиод аяндаа орчуулагч болсон. Би нэг хүүтэй. Хүү маань 14-15 хүрэхэд тэр бага охин гарсан юм. Олон жилийн дараа төрсөн. Хэлмэгдсэн үе таарсан. Ээж аав хоёр хоёулаа гэртээ байсан үе болохоор “Энэ охиныг өөрийнхөө нэр дээр авна” гэсэн. Би охиноо ээж аав хоёртоо албан ёсоор өгчихсөн байхгүй юу. Охин бид хоёр нэг овогтой.

-С.Жалан-Аажав гэдэг нэр ямар учиртай вэ. Их содон нэр юм аа?

-Манай эмээ л ярьдаг байсан. Аав эхлээд Лодон нэртэй байжээ. Өвдөөд үхэн алдаад, Жалан-Аажав гэдэг нэр хайрлавал тогтох юм байна гээд том лам нэр өгсөн гэж ярьдаг юм билээ.

-Хуулийн мэргэжил сонгоход аав тань нөлөөлсөн үү?

-Нөлөөлсөн. Намайг гурав, дөрөвдүгээр ангид байхад Оросоос уригдаж ирсэн багшаар төгөлдөр хуур заалгадаг байлаа. Намайг нэг хэсэг Хөгжим бүжгийн сургуульд шилжүүлсэн. Хүмүүс сайхан хоолойтой юм, урлагийн сургуульд тэнцэнэ гэсэн. Шалгалт өгөөд Дуурийн дуучны сургуульд явахаар бэлтгэл хийж байтал аав “Чи урлагийн хүн болоод хэрэггүй. Наадах чинь залуу насны ажил. Хэрэггүй л гэж зөвлөмөөр байна гээд очоод томилолт энэ тэрийг дор нь болиулаад Хуулийн сургуульд оруулчихсан ш дээ.

-Та тэр шийдвэрийг нь яаж хүлээж авав?

-Бидний үеийнхэн эцэг эхийн үгнээс зөрж гаждаггүй. Нээрэн ч тийм байж магадгүй гэж бодоод хуулийнх нь сургуульд сурсан.

-Дүү чинь бас хуульч уу?

-Дүү хуульч. Хойно НАХЯ-ны сургууль төгссөн юм. Цагдаагийн ажилтан байхдаа хэлмэгдээд гарсан. Хуулийн мэргэжилтэй учраас одоо нэг газар хуулийн зөвлөх хийдэг.

-Та сургуульдаа багшаар үлдэхийг бодоход сайн оюутан байжээ. Эсвэл аавын нөлөө байв уу?

-Тийм ээ. Би Их сургуулийн хуулийн багш байсан. Аав намайг багшаар үлдэхэд дуртай байгаагүй. Тэгэхэд Төв хорооны нарийн бичгийн дарга байсан хүн шүү дээ. Тэр үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажилладаг байсан болохоор орос хэлтэй хүн багш болох хэрэгцээ байж гэж боддог. Сайд дарга нарын хүүхдүүд голцуу оросоор ярьдаг байв. Бараг унаган орос хэлтэй гэхэд болно. Орос хүүхдүүдтэй тоглоно. Миний хөгжмийн багш нар дандаа орос байсан.Намайг сургуульдаа багшаар үлд гэхээр нь урвайгаад, ээж, аавдаа хэлсэн чинь аав “Яахаараа сургуульд үлдээдэг юм. Прокурор, шүүх рүү яв. Хуулийн хүн практикт ажиллах сайн байдаг. Шилжүүлэх үү яах вэ” гэж байсан. Нэгэнт хуваарь гарчихсан болохоор томилолтыг нь аваад ажилдаа орж байлаа. Залуухан орос сургагч хүүхэн байсан. Түүнээс их юм сурсан. Монгол талаасаа Лувсаншарав гэж багш байлаа.

-Багшилж байхдаа нөхөртэйгөө суусан уу?

-Тийм. Барилгын инженер хүн. Харамсалтай нь бурхан болчихсон. Бидний үед энэнтэй суувал ингэх юм байна. Тэрэнтэй суувал тэгэх юм байна гэх юм байхгүй. Танилцаад, гэр бүл болоод, үр хүүхэд төрүүлээд амьдарсан.

-Нөхрийн сонголт дээр аав, ээж тань санал хэлсэн үү?

-Огт тийм юм байхгүй. Өөрөө л мэд гэдэг.

-Аавыг чинь улс төрийн тавцангаас буулгахдаа таныг, дүүг чинь бас ажлаас нь халчихсан гэсэн. Энэ явдлыг та болоод гэрийнхэн чинь яаж хүлээж авав?

-Мэдэхгүй ээ, аав маань гэнэт тэтгэвэрт гарсан. Солонгост элчингээр явах юм гэнэ гэж сураг сонсогдож байсан гэсэн. Гэв гэнэт баахан улсууд хүрч ирээд утсыг нь таслаад, юмыг нь хураасан. Би их сургуулийн багш, хорин хэдтэй залуухан байж. Намын эсрэг бүлгийн талаар мань мэт ойлголт ч байхгүй. Их сургууль дээр хичээлээ заагаад зосч байтал “О.Шагдарсүрэн ректор дуудаж байна” гэсэн. Хичээлээ заачихаад гаръя гэсэн чинь “Үгүй ээ. Одоо хүрээд ир гэж байна” гэнэ.Ректор “Зовлонтой юм аа. Төв хорооноос намын эсрэг бүлгийн хүний хүүхэд ажиллуулж болохгүй. Аягүй бол наадах чинь микрофон ашиглаж оюутнуудад сурталчилгаа хийнэ” гээд байх юм. Ийм юм байхгүй ш дээ ямар сонин юм ярьдаг юм бэ. Чамайг хал гээд байна гэсэн”, Би хүн юм чинь “Би ямар алдаа дутагдал гаргасан юм бэ” гэсэн чинь “Өөр рүү нь бурууг нь чихээд хал гэж байна” гэсэн. “За за тэгдэг л байж дээ” гэлээ. Би цол хамгаалах гээд хойшоо явах гэж байсан юм л даа. “Намайг хална гэнээ. Микрофон ашиглана гэсэн. О.Шагдарсүрэн ректор шууд хэлчихлээ” гэж аавд хэлсэн чинь “Өө яахав, халбал халаг. Юмаа аваад хүрээд ир. Зүв зүгээр байгаа хүний үр хүүхдийг яаж байгаа юм. Урд хөлийг нь бүдрэхээр хойд хөлийг нь ороолгов гэдэг шиг юм болж байна” гэсэн. Тэгэхээр нь би өвчтэй юм шиг маргааш нь очоод хамаг юмаа хамж аваад л явчихаж билээ. Тэгээд гэртээ дөрөв таван жил нам суусан. Тэр хоорондоо охин төрүүллээ. Ээж, аав дээрээ хүүхэдтэйгээ ирээд хэвтчихнэ. Ажилд авахгүй. Аав маань ерэн онд цагаадахад их сургууль намайг эргэж дуудсан. Би ороогүй.

-Аав тань нутаг заагдсан гэсэн?

-1984 онд нутаг заагдаад явсан. Хоёр жил болоод, “Би ямар хэлсэн үг, хийсэн хэрэгтэй биш” гээд онгоцонд суугаад хүрээд ирсэн. Эд нар яаж ч чадаагүй. Байр оронг нь хураачихсан болохоор хотод над дээр ирнэ биз дээ.Хоёр өрөө байртай байсан. Ээж маань өмнө нь “Энэ гэр бүлтэй, хүүхэд шуухадтай болно. Гурван өрөө байр авъя” гэхэд аав “Яах юм бэ. Олон хүүхэдтэй улсууд байхад эд нарт хоёр өрөө л болно” гэсэн юм. Тэгэхэд би охин төрүүлээд, тэр хоёр зугаатай байсан. Нөхөр бас ажилгүй болсон. Ах дүү тогооч, жолооч, таньдаг мэддэг улсуудад бүгдэд нь нөлөөлсөн дөө. Аавд 450 төгрөгийн тэтгэвэр тогтоож өгсөн, ээж бас тэтгэвэр авна. Тэр хоёрын тэтгэврээр нэг хэсэг амьдарсан. Үзэх эмнэлэг олдохгүй бага охиноо гэртээ төрүүлсэн. Би 1984 оны хоёрдугаар сарын 17-нд халагдсан. 1986 оны хоёрдугаар сарын 17-нд охиноо төрүүлсэн. Аав маань 2001 оны арванхоёрдугаар сарын 21-нд Н.Багабанди Ерөнхийлөгчөөс гавьяат цол авсан. Ээж маань жилийн өмнө арванхоёрдугаар сарын 21-нд нас барсан. Ийм сонин тоо байдаг. Би анзаараагүй. Манай дүү ажигласан байсан.Манай дүү аавтай хамт нутаг заагдсан хүн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч байсан хүнийг аавтай хамт нутаг заагаад явуулсан. Ямар ч тогтоолгүйгээр. Дүү маань морь унаад “Энд чинь харин аятайхан сайхан юм байна” гээд явж байсан. Нутгийн хүмүүс сайн хандаж байсан гэсэн. Үйлчилдэг нэг эмэгтэй, харгалздаг цагдаатай. Би хүүхэдтэйгээ хэд очсон. Аав маань 2010 онд нас барсан. 88 хүрсэн. Цагаадаад, үр хүүхдийнхээ сайн сайхныг үзээд, өөрийг нь хэлмэгдүүлж байсан улсууд бүгд хорвоогийн мөнх бусыг үзэхийг хараад өнгөрсөн байхгүй юу.

-Жалан-Аажав гуайн амьдралын сүүлийн жилүүд нь ямар байв?

-Манай ээж лам хүний охин байсан учраас их бодь. Өвчнөөс болоод өөд болсон. Бас л ная шахсан. Аав ээжээс хойш ганцаардсан. Хэлмэгдсэнээсээ дор юм билээ.

Аав сайхан цэгцтэй хүн, өвдөх юм байхгүй. Дандаа гимнастик хийнэ. Залуугаасаа айхавтар ногоо цагаа идэхгүй. Сайхан мах чанаадах, бантан, лавшаа хийгээдэх гэдэг. Манайх төрийн тогоочтой олон жил болсон. Мөнхбаяр гээд эмэгтэй байв. Манай охин, хүүг өсгөлцсөн хүн. Манай ээж төрийн тогоочтой зэрэгцээд хогоо шүүрдэнэ, юмаа хийнэ.Манай хүү микробиологич мэргэжилтэй. Аав 60 настай намаасаа хөөгдсөн. Яасан гэсэн чинь “Яахав хөөгдөх цаг нь болсон юм байлгүй” гэсэн. Хурц хүн байсан.“Туулсан замд, төрсөн бодол” гээд аавын дурдатгалын их гоё том ном бий. Нас барахаасаа өмнө бичсэн юм.

-Та нарт захиж хэлдэг үг байсан уу?

-Жижүүрийн юм шиг хэлдэг хэдэн үг байсан.“За, нөхдүүд минь үнэн шударгаар явна шүү. Хүний муу үзэж болохгүй шүү. Хүний муу үзсэн хүн өөдөлдөггүй. Хүнээ барав аа” гэдэг байсан нь санаанд тод үлджээ. Манай ээж ч “Аливаа юмны алтан дунджийг олж явах хэрэгтэй” гэдэг байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *