Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэгчид импортын бүтээгдэхүүнээс хямдаар нийлүүлэх боломжтой гэв

Өнөөдөр боловсролын салбарт нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөгийг Аж үйлдвэрийн яаманд зохион байгууллаа. Тус өдөрлөгт “Монголын ойчид, модон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо”, арьс ширний салбараас “Мон ланс” ХХК, “Хос Аз” ХХК, “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн холбоо” зэрэг мэргэжлийн холбоод болон 20 орчим аж ахуй нэгж, байгууллага оролцож, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж санал, бодлоо солилцсон юм. Түүнчлэн өдөрлөгт Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, БСШУЯ, Нийслэлийн боловсролын газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Боловсролын салбарын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг дотоод үйлдвэрлэгчдээс хангаснаар 6 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой ажээ. Боловсролын салбарт зөвхөн сурагчийн ширээ, сандлын хэрэгцээнд жилд ойролцоогоор 2.3 тэрбум төгрөг зарцуулж, Япон, БНХАУ зэрэг орнуудаас сандал, ширээг нийлүүлдэг байна. Тодруулбал, импортын сурагчийн ширээ, сандал нэг бүр нь 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Харин дотооддоо үйлдвэрлэсэн сурагчийн ширээ, сандал 120 мянга орчим төгрөгт багтах аж. Өдөрлөгийн үеэр “Монголын ойчид, модон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо”-ы зүгээс Монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон, эрүүл мэндэд харшлахааргүй ширээ, сандлыг үйлдвэрлэж байгаагаа энэ үеэр танилцууллаа. Ийнхүү Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан өдөрлөгт оролцсон үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод боловсролын салбарын хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг хангахад бэлэн байгаагаа илэрхийлээд зогсохгүй Монгол хүүхдийн биеийн онцлогт нийцүүлсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан гутал, цүнх, дүрэмт хувцас, ширээ, сандал үйлдвэрлэж байгаагаа онцлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *