Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунбаатар: Н.Энхбаяр дарга “Би Шадар сайд болъё” гэдэг санал тавиагүй

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Та Эрүүл мэнд, спортын сайдын албыг хавсран гүйцэтгэж байгаа. Эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал ямархуу байна вэ. Сайд нь ихээхэн хэмжээний мөнгөний асуудлаас болоод шалгагдаж байна. МАХН эрүүл мэндийн салбарыг унагачихлаа гээд байгаа?

-Эрүүл мэндийн салбар унасан юм байхгүй. Миний бие Ерөнхий сайдын захирамжаар эрүүл мэндийн салбарыг хавсран хариуцаж байгаа. Үүнээс хойш эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд бодит үнэлэлт дүгнэлт хийлээ. Ингэснээр эрүүл мэндийн салбарт сахилга, хариуцлагыг сайжруулах цогц ажлыг хийж байна. Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд 449 тоот тушаалыг гаргаж бүх эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь эрүүл мэндийн салбарт соёлтой үйлчилгээ, харилцааны соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлэх цогц тушаал юм. Тушаалыг хэрэгжүүлэх ажлыг 10 гаруй хоног зохион байгуулсан. Одоо үр дүнг нь шалгах мониторинг хийж байна. Тухайлбал, өнгөрөгч баасан гаригт гэхэд би гуравдугаар эмнэлэг, “Ачтан” гээд хувийн эмнэлэг дээр ажилласан. Цаашид ээлж дараагаар эмнэлгүүдэд ажиллах болно. Эрүүл мэнд, спортын яам эзэнгүйдэж, ажил нь унаад байгаа юм байхгүй. Монголын нийгэмд сахилга, хариуцлага, зохион байгуулалт суларсан нь эдийн засаг хүнд байгаа энэ үед байж болохгүй зүйл.

Таныг Г.Шийлэг­дамбатай уулзсан гэсэн. Бие нь тааруу гуравдугаар эмнэлгийн сэхээнд байна гэсэн мэдээлэл гараад байгаа?

-Гуравдугаар эмнэлэг дээр ажиллахдаа Г.Шийлэгдамбатай 20 орчим минут уулзсан. Гэхдээ хамгаалагчтай, эмчтэй уулзсан болохоор эрүүл мэндийн асуудлыг ярьсан. Г.Шийлэгдамба сэхээнд байж байгаад 24 цагийн нарийвчилсан шинжилгээнд орсон. Зүрхний хэм алдагдаж, даралт нь унаад байгаа юм билээ. Миний хувьд Монгол Улсын эрүүл мэндийн асуудлыг хариуцсан Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувиар уулзсан. Санал хүсэлтийг нь сонссон.

Өөрөө тэгээд юу гэж байх юм?

-Биеийн байдлаа танилцуулсан. Нарийн мэргэжлийн эмч нарын тусламж аваад биеийн байдал нь дээрдэж байна гэсэн. 461 дүгээр хориход нарийн мэргэжлийн эмч байхгүй болохоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байна гэж хэлсэн. Түүнд холбогдож буй хэргийн талаар яриагүй ээ.

Ер нь бол Г.Шийлэгдамбын асуудлыг шуурхай шийдэх ёстой. Сүр болгоод байлгүй асуудлыг нь шуурхай хянаж шалгаад явчих л даа. Улсын олон тэрбумын асуудал, бондын мөнгө шамшигдуулсан асуудлуудын дэргэд тэгж олон сар шалгаад байх сүртэй юм байхгүй юм байна гэж хувь хүнийхээ үүднээс харж байгаа.

Гэхдээ 500 сая төгрөгийн асуудал байгаа шүү дээ?

-Тийм зүйл байхгүй. 500 сая төгрөг Г.Шийлэгдамбын сейфнээс гарсан юм байхгүй. Энэ асуудлыг улстөржүүлж, дуулиан дэгдээж байгаа нь харамсалтай. Энэ бол худал зүйл. Дуулиан дэгдээх нь хэн нэгэнд хэрэгтэй зүйл байсан юм байлгүй.

Өөрөө өргөдлөө өгөхдөө найзаасаа зээлсэн мөнгөө сейфэндээ хадгалж байсан гээд бичсэн байсан шүү дээ?

-Процессын зүйл рүү ороод яахав. Би мөрдөж байгаа мөрдөн байцаагч, өмгөөлөгч нь биш. Энэ бол зээлийн тухай асуудал л юм байна гэдэг ойлголттой байгаа.

Сүүлийн үед таныг Эрүүл мэнд, спортын сайд болж, МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болно гэсэн яриа гарч байна. Таныг Эрүүл мэнд, спортын сайдад, Н.Энхбаярыг Шадар сайдад нэрийг нь өргөн барилаа гээд байна л даа. Энэ тал дээр та хариулт өгөөч?

-Хэвлэлээр гарч буй дуулиан шуугианд би нэг их ач холбогдол өгдөггүй. Энэ талаар нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд би дуугараагүй. Би төрийн хүн. Миний хувьд монгол төрд 40 жил зүтгэж байна. Монгол төрийн албан хаагч. Би алдаа гаргах эрхгүй. Өөрийнхөө өмнөх ажлыг л гүйцэтгэх ёстой. Түүнээс биш албан тушаалын араас хөөцөлдөж явдаг хүн биш.

Шадар сайдын асуудлыг МАХН дээр ярьсан. “Шударга ёс” эвслийн тэргүүн нь төрийн өндөр албан тушаалд байж улс төрийн сонгуульдаа бэлдэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Үүнийг нь ч би хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хүрээнд намын бүлгээс Ерөнхий сайдад нэрсийг өргөн барьсан. Одоо бол Ерөнхий сайдын шийдэх асуудал үлдсэн. Үүнд оролцоод явах ашиг сонирхол надад байхгүй. Би монгол төрийн ажлыг их, бага гэж гололгүй цэгц шударгаар ажиллах үүрэгтэй. Үүнийгээ алдаа эндэгдэлгүй явуулж байна. Тиймээс энэ үүргээ биелүүлэн ажиллаж байна. Намын Гүйцэтгэх товчоо асуудлаа шийдсэн. Үүнийг нь ч хүлээн зөвшөөрч байна. Өөр яриад байх асуудал байхгүй. Монгол төрийн ямар ч ажлыг би нэр хүндтэй, сахилга хариуцлагатай хийх ёстой. Би бизнес, ашиг харсан зүйлд шунан дурладаггүй. Бурханы шашны хамгийн нандин сургаал болох “Байгаа юмандаа сэтгэл хангалуун амьдар” гэдэг үг миний зарчим. Тиймээс тендер, төсвийн хөрөнгийн хойноос гүйдэг хувийн ашиг сонирхолтой хүн би биш. 2011 оны нэгдүгээр сарын 21-нд тухайн үеийн МАН надаас Татварын ерөнхий газрын даргын ажлын шөнөөр ирж авч л байсан. Нэг мөнгөн аяга өгөхөөр нь байгууллагынхаа хамт олны өмнө цэвэрлэгчээр ажилладаг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд “Энэ аяганд цайгаа ууж яваарай. Даргыгаа дурсаж байгаарай” гэж өгчихөөд л гараад явж байсан. Тиймээс надад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Би төрийн ямар ч ажлыг голж шилэлгүй хийдэг. Тэр утгаараа Шадар сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын ажлыг ямар нэгэн алдаа эндэгдэлгүйгээр шударгаар хаших ганцхан ариун нандин үүрэгтэй.

Гэхдээ хэдхэн сарын настай Шадар сайдын суудалд МАХН-ын дарга шунаад байна хэмээн олон түмэн анхаарч байна…

-Н.Энхбаяр дарга “Би Шадар сайд болъё” гэдэг санал тавиагүй. Намын Гүйцэтгэх товчоо хуралдаад Н.Энхбаяр даргыг Шадар сайд болгох санал гараад шийдсэн юм. Хамгийн гол нь сонгуульдаа бэлдэж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс гарсан шийдвэр. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Н.Энхбаяр даргыг Шадар сайд болох уу гэдэг санал тавихад харин ч татгалзсан юм. Дараа нь нам дээр яриад хамт олны шийдвэрээр шийдэгдсэн асуудал. Ийм ялгаа зааг байгааг ойлгох хэрэгтэй. Н.Энхбаяр даргыг Шадар сайд, Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайд болж болох юм гэдгийг Ерөнхий сайдаас гадна АН-ын дарга З.Энхболд ийм саналыг албан ёсоор тавьж байна гэж би дуулсан. Энэ бол зөвхөн МАХН болон “Шударга ёс” эвслээс гараад байгаа зүйл биш. Өөрөөр хэлбэл АН Засгийн газраа тогтвортой ажиллуулах гэсэн санаа юм. Үүнийг нь тал талаас нь гуйвуулаад Н.Энхбаяр Шадар сайдад зүтгэж байна гэх мэтээр улстөржүүлж байгаа хүмүүсийг хараад өрөвдөх шиг боллоо. Бүх зүйлд улстөржүүлэх өнгө аяс бий болчихлоо. Гэтэл Монгол төр гэдэг чинь ариун зүйл.

Би 2011 оны нэгдүгээр сард тухайн үеийн засгийн газарт Ч.Хүрэлбаатар сайдад “Та нар Монголын төрөөр бүү тогло. Монголын төрийн албаар бүү тогло. Монгол төрийн түшээдээр бүү тогло” гэж хэлж байсан юм. Одоо ч гэсэн тэр байр сууриндаа хэвээр байгаа. Монгол төрдөө зүтгэх агуу нандин зүйл байдгийг бүү март гэж залуучуудад зөвлөж байна.

Н.Энхбаяр даргыг улс төрийн албан тушаал хаших боломж нь нээгдсэн юм уу. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа байгаа, байхгүй гээд л ярих юм. Ц.Шаравдорж дарга бол нэгэн сонинд тэс хөндлөн зүйл ярьсан байна лээ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр юу гарч байгааг мэдэхгүй байна. Тийм зав ч алга. Өдөр бүр ажлын 14-15 цаг ажиллаад орой нь бичиг цаасны ажлаа хийж байна л даа. Н.Энхбаяр гэдэг хүний ялтайд тооцох хугацаа Өршөөлийн хуулиар байхгүй болсон. Н.Энхбаяр өнөөдөр жирийн л иргэн. Энэ хүнийг өнөөдөр ямар нэгэн асуудалд холбогдуулан шалгаж байгаа бол тэр нь улс төр. Гэм бурууг зөвхөн шүүх тогтооно гэсэн Үндсэн хуулийн зарчим бий. Тиймээс энэ хүн төрд албаа хаах эрхтэй. Н.Энхбаяр даргад тал засаад байх шаардлага надад байхгүй. Бодит нөхцөл нь ийм байна.

Нэгэн үе би Н.Энхбаяр даргыг шүүмжлээд “Шударга ёс” гэж намын жигүүр байгуулаад явж л байсан. Монголын нийгэмд салхи оруулсан. Нэг намын дангаараа захирах асуудлыг өөрчилсөн. Тиймээс Н.Энхбаяр дарга ч бай, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ч бай хэн нэгний бурууг нь хэлж зөвийг нь дэмжиж явах болно.

Мичин жилийн зуд болох нь гээд хаа хаанаа л сандарч байна. Энэ жил өвөлжилт хүндэрнэ гэдгийг ч цаг уурынхан хэлж байна лээ. Малчид маань улам л хэцүүдэх нь. Өнгөрөгч зун ган болсноос болж хадлангаа ч олигтой бэлдэж чадаагүй?

-Өвөлжилийн бэлтгэлийг хангах асуудлыг эртнээс яригдсан. Өвөлжитийн бэлтгэлийг хангах Засгийн газрын онцгой комиссыг Улсын онцгой комиссын дэргэд байгуулсан. Үүнийг Шадар сайд ахалж өвөлжилтийн бэлтгэлийг хангах тал дээр анхаарч ажилласан. Онцгой комиссын хуралдааныг 7-10 хоног тутам хийж орон нутгийн удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавруудыг өгч өвөлжилтийн бэлтгэлийг цаг тутамд нь авдаг тогтолцоо руу оруулсан.

Өнгөрөгч зун ган болж хадлан тэжээл авах тал дээр тааруу байсан нь үнэн. Манайхны хувьд олон жил сахилга хариуцлага суларч задгай явж ирснээс болж асуудалд хойрго ханддаг болчихсон байна. Өвөлжилтийн мэдээг 10 хоног тутамд аваад эхлэхээр зарим аймгийн удирдлагууд хойрго хандаж байна. Манай хүмүүс ардчилал бол задгай явж болдог гэсэн ойлголтоос болж зарим газар хүндрэх төлөвтэй. Өвөлжилтийн бэлтгэлжилт 85 хувьтай хангагдсан.

Аймаг орон нутгийн хувьд хадлан тэжээл бэлтгэх нөөц байхгүй мөн улсын нөөц бэлтгэх төсөв хөрөнгө байхгүй байсан нь хамгийн том бэрхшээл байлаа. Зүүн аймгуудын хувьд хадлан сайн ургасан. Тэндээс бэлтгэсэнөвс худалдан авах саналыг удаа дараа ирүүлж байгаа. Улсын нөөцөд есдүгээр сарын эцэс гэхэд худалдаж авах ёстой өвсөө мөнгөндөө тааруулан гэрээ хийсэн байсан. Улс орон даяар цагийн байдал хүндрэхэд энэ өвс хаанаа ч хүрэхгүй л дээ. Хэдхэн тэрбум төгрөгийн хүрээнд хийгдсэн зүйл.

Засгийн газар өвөлжилт хүндрэхэд хэрэглэх өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч хоёр тэрбум төгрөг шийдэхээр чиглэл өгсөн ч Сангийн яам, Хөгжлийн банк, ХХААЯ-ны хооронд асуудал болж байна. Тариаланчдаас хүнсний чанарын шаардлага хангаагүй болж гүйцэт биш боловсорсонбуудайг ногоон тэжээлд бэлтгэсэн. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, тариаланч хоёрын хооронд байсан таван тэрбум орчим төгрөгийн өрийн зохих хэсэгт нь буудай авч байгаа. Түүнчлэн манайд 2-3 жил хадгалагдсан өвсний нөөц бий. Өвс тэжээлийг үргэлжлүүлэн бэлтгэх тал дээр Засгийн газарт асуудал оруулж байна. Малчдын гар дээр өвс, тэжээл худалдан авах мөнгө алга. Харин тэдний гар дээр мах, арьс шир байгаа юм. Манай улс чинь дотоодын үндэсний үйлдвэрлэл хөгжүүлнэ гээд арьс шир экспортлохыг хориглочихсон. Малчдын гар дээр хэдэн саяар тоологдох арьс шир хуримтлагджээ. Экспорт байхгүй болчихоор дотоодын зах зээл нь боловсруулж дийлэхгүй байгаа тул арьс ширний үнэ уначихсан. Малчид зуд болно гээд хэдэн мянгаар нь малаа нядалж аргаа бараад зарим нь арьс ширээ хаяж байна. Хонины нэхий гэхэд 500-1000, адуу үхрийн арьс шир 2000-3000 төгрөг гэдэг ч юм уу өөрийн өртгөөсөө хэд дахин буучихлаа.

Малчдын гар дээр хэдий хэмжээний арьс шир байгаа юм бэ?

-Урьдчилсан тооцоогоор адууны арьс 1.5 сая, хоёр сая орчим үхрийн шир, хонь, ямааны нэхий гэхэд 50 саяар тоологдох хэмжээгээр малчид, бизнесмэнүүдийн гар дээр байна. Үүнийг нэн яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Улс экспортод гаргахыг нь хориглож байгаа нь үнэхээр буруу. Энэ асуудлын хүрээнд Ерөнхий сайдад хандаж, ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцсан. Ойрын үед Засгийн газрын хуралдаанаар оруулж арьс ширийг экспортод нь гаргах хэрэгтэй байна. Харин экспортлогч компаниуд бага хэмжээний татвар төлөх хэрэгтэй. Хэрэв тэгвэл арьс ширний үнэ өсөх боломж нээгдэнэ. Өөрсдийгөө ардчилагч гэдэг манай дарга нар бүхнийг хаадаг, хориглодог социалист сэтгэлгээний тогтолцооноосоо салж чадахгүй байна л даа. Шийдлийн Засгийн газар үүнийг шийдэж малчдын гар дээр байгаа махыг өвс тэжээлээр солих хэрэгтэй. Бүр нэн яаралтай мал турж эхлэхээс өмнө шийдье. Өнөөдөр гэхэд Монголын махны зоориуд бүгд хоосон байна. Мах экспортолно гэж баахан яриад шийдэж чадсангүй. Тиймээс бид махаа зохих төлбөртэйгөөр нь махны зоориудад хадгалж хавар дотоодын хэрэгцээнд борлуулах шаардлагатай. Үүнд бизнесийн байгууллагуудыг татан оролцуулах боломжтой. Малчдын гар дээр шууд бэлэн мөнгө очихгүй ч гэсэн мал, мах, арьс ширээ эдийн засгийн эргэлтэд оруулаад тодорхой хэмжээнд малдаа өвс тэжээлтэй болж өвлийг давна. Өвлийг давах асуудлыг шийдэх гарц нь энэ. Түүнээс Засгийн газарт тусламжаар өгөх мөнгө байхгүй. Засгийн газрын зүгээс арьс шир гаргах нөхцөлийг бүрдүүлж, малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх, малчдыг гар дээрээ мөнгөтэй болох асуудлыг шуурхай бүрдүүлье.

Энэ жилийн хувьд хадлан тэжээл хүрэлцэхгүй байхад Бичигтийн боомтоор 80 мянган тонн өвс гаргахаар болсон гэх юм. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадаагүй байж ингэж болох уу?

-Энэ асуудлыг Онцгой комисс дээр ярьж Мэргэжлийн хяналтын газар 80 орчим мянган тонн өвс хилээр гаргах зөвшөөрөл өгсөн асуудлыг бид тодруулж байгаа. Бичигтийн боомт дээр ийм хэмжээний өвс цугласнаас болж хэл ам гарч байгаа асуудал байгаа юм билээ. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын дарга, БОНХАЖ-ын сайдтай ярьж шуурхай арга хэмжээ авах болно.

Ямар учраас ийм хэмжээний өвс хилээр гаргах гээд байгаа юм бэ?

-Сүхбаатар аймгийн хувьд тодорхой хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийсний төлбөрт өвс өгөхөөр гэрээлсэн юм билээ. Тэр хүрээнд Хятадын компани өвс бэлтгэсэн. Дорнод, Сүхбаатар аймгуудаас тодорхой хэмжээний өвс гаргахаар гэрээ хэлэлцээр хийж зөвшөөрлөө МХЕГ-аас авсан байгаа. Энэ талаар мэргэжлийн хяналтаас бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Сүхбаатар аймгийн Засаг даргын хүсэлт МХЕГ ирсэн гэсэн. 80 орчим мянган тонн өвснийг Гаалийн зүгээс хяналтгүй гаргахгүй гэдэг байр суурьтай байгаа. Мөн байгаль орчны хууль тогтоомжоор нэг боодол өвснөөс 1000 төгрөгийн хураамж авах хууль байдаг. Маргааш (өнөөдөр) засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярина. Мэргэжлийн хяналт болон бусад байгууллагын үйл ажиллагааг хяналттай болгоё гэж байгаа юм. Өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор онцгой комисст мэдэгдэлгүйгээр өвсний зөвшөөрөл өгсөн асуудлыг мэргэжлийн хяналтынхнаас тодруулж байгаа. Бичигтийн боомт дээр өвсний зөвшөөрлөө наймаалж байгаа гэдэг мэдээлэл бидэнд ирж байна. Үүнийг нь шалгах ёстой. Онцгой комиссын зүгээс хоёр чиглэлд ажлын хэсэг гаргаж байгаа. Шаардлагатай газруудад ОБЕГ, Эрүүл мэнд, спортын яам, ХХААЯ, МХЕГ хамтран баруун, төвийн бүст ажлын хэсэг томилж байгаа. Төвийн бүс буюу ганд нэрвэгдэн өвөл хүндэрч болзошгүй аймгууд руу явуулж байна л даа. Тэд тайлангаа өгсний дараа хааш нь ямар хэмжээний өвс тэжээл явуулах вэ гэх мэтчилэн ажиллана.

-80 мянган тонн өвсийг тэгээд хилээр гаргах юм уу, гаргахгүй юм уу. Үүнийг иргэд малчид сонсвол бухимдах л байх?

-80 мянган тонн өвсийг гаргана, гаргахгүй гээд шууд шийдчих юм биш. Зүүн аймгуудад өвсний нөөц хангалттай бий. Тодорхой хэмжээний бүтээн байгуулалт хийгээд оронд нь өвс өгөхөөр болсон асуудлыг Засгийн газар дээр хэлэлцэнэ. Мэргэжлийн хяналт ч юм уу нэг байгууллага зөвшөөрөл өгч байна хардалтууд байна. Засгийн газар дээр яриад гаргахаар болохыг үгүйсгэх аргагүй. Өвс бизнесмэнүүдийн гар дээр хангалттай байна. Ерөнхий сайдын нөөц болон Хөгжлийн банкнаас мөнгөний асуудлаа шийдвэл улсын нөөцийн өвсөө нэмэгдүүлнэ. Гэхдээ Дорнодоос Баян-Өлгий рүү өвс тээвэрлэхээр бол тээвэрлэлтийн зардал гэх мэт асуудлаа яаж шийдэхээ Засгийн газрын хуралдаан дээр ярилцана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *