Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн тэрбумтнууд эко эрчим хүч гаргаж авахын тулд хөрөнгөө нэгтгэв

Хүн төрөлхтөн нүүрсхүчлийн хийг хэрэглээнээсээ бүр мөсөн гаргаснаар эрүүл мэнд хийгээд эх дэлхийгээ аварч буй хамгийн агуу алхам болох юм. Гэвч хараахан нүүрсхүчлийн хийнээс ангижирсан дэвшил дэлхийд гарч ирээгүй байна. Харин алхам алхмаар энэ арга зам руу дөхсөөр байгааг бид харж байна. Эрдэмтэн, судлаачдын эцсийн зорилго бол байгальд хор нөлөөгүй эко технологиор эрчим хүч гаргаж авах явдал. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Парис хотноо үүнтэй холбоотой буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конференц болж өнгөрсөн билээ. Энэхүү хуралд 150 гаруй улсын төлөөлөгчид оролцсон бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн хязгаарлаж болох талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр хэвлэл мэдээлэл болоод дэлхий нийтийн анхаарлыг нэгэн зүйл татсан нь “Майкрософт” корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийн дэвшүүлсэн санаа юм. Тэрээр “Mission Innova­tion” хэмээх шинэ санаачилгыг танилцуулсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртэл дэмжсэн байна. Энэхүү санаачилга нь ирээдүйн эрчим хүчний шинэчлэлтэй холбоотой санаа байсан аж. Түүнчлэн энэ үеэр Билл Гейтсийн санаачилгыг 20 орчим улс дэмжиж нэгдсэн бөгөөд хэд хэдэн томоохон улсын Засгийн газартай 2020 он хүртэл хамтарч ажиллаж, жилд 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг уг санаанд татах төлөвлөгөөг танилцуулжээ. Билл Гейтс бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэгч, шинэлэг санаа илэрхийлэгч нэгэн бөгөөд эрчим хүчний талаарх судалгаа шинжилгээнд сүүлийн хэдэн жил харамгүй мөнгө хаяж буй тэрбумтан. Техник технологи хурдацтай хөгжиж буй гэх боловч өнөөдрийн байдлаар дэлхийн дулаарлаас 50 жилээр хоцрогдож явааг тэрээр хэлжээ. Товчхондоо уур амьсгалаас үүдсэн дэлхийн мөхлөөс өмнө эрчим хүчний салбар гэрлийн хурдаар шинэчлэл хийж дэвшихийг онцолсон байна.

Ингэхийн тулд эрчим хүчний салбарт судалгаа шинжилгээний ажлыг аль болох хязгаарлахгүй байхыг эрдэмтэд ч хүссэн байна. Тэгвэл Билл Гейтс дахин нэгэн шуугиан тариад байна. Тодруулбал, Майкрософт корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гейтс “Breakthrough Energy Coalition” (BEC) буюу “Эрчим хүчний нээлтийн эвсэл” хэмээх шинэ төсөл барьж авчээ. Бүр байгууллага хүртэл байгуулаад амжжээ. Энэхүү байгууллага нь дэлхий дахинд нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох зорилготой гэнэ. Хамгийн гол нь энэ зорилгоо биелүүлэх технологийн гарцыг хайж байгаа бололтой. ВЕС-ийн энэ эрлийг үүсгэн байгуулснаараа Билл Гейтс толгойлж байгаа бол фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг, Африкийн хамгийн эрхэм гэгддэг Алико Данготе, Хятадын “Алибаба” группийн Жак Ма зэрэг 28 хүн хамтран хөрөнгөө нэгтгэхээр шийджээ. Энэ тухай “Форбес” сэтгүүлд бичсэн байна.

“Цэвэр” эрчим хүчийг хэрхэн гаргаж авах вэ?

Дэлхийн баячуудыг нэгтгэсэн Билл Гейтсийн энэхүү санаа мэдээж олны анхаарлын төвд байсаар байна. Хүн бүр дор бүрнээ онол дэвшүүлж суугаа талаар судлаачид ч ярьжээ. Тэгвэл зангилааг тайлах мэт товчхон мэдээллийг тэрээр өөрийн блог хуудастаа тэмдэглэж үлдээжээ. Уг блогт “Нар, салхинаас гарган авч буй сэргээгдэх эрчим хүч нь нүүрстөрөгчийг ялгаруулдаггүйгээрээ цэвэрхэн эрчим хүчинд хүрэх нэгэн төрлийн гарц мөн боловч дэлхий нийтэд тулгарч буй хэрэгцээг хангахын тулд үүнээс өөр, илүү олон замуудыг ашиглаж, шинэ төрлийн эрчим хүчийг гарган авах шаардлагатай байна” гэсэн байна. Тэгвэл үүнийг зарим хүмүүс цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэхээр зэхэж байна хэмээн үзэж байгаа аж. Учир нь сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг АНУ-ын “CleanTechnica” компани хэд хэдэн үндэслэл дэвшүүлсэнтэй холбоотой юм. Билл Гейтсийн “Terra Power” компани ураныг баяжуулах явцад үүсдэг хаягдал бүтээгдэхүүнээр эрчим хүч гарган авах технологи дээр ажилладаг компани аж. Түүнчлэн тус компани хоёр сарын өмнө Хятадын Үндэсний цөмийн корпорацитай хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. Тодруулбал, илүү хурдтай цөмийн реакторыг цахилгаан хангамжийн зориулалттайгаар Хятадад барих гэнэ. Ингэснээр эдийн засгийн хувьд бага зардал тусахаас гадна байгаль орчинд хаягдал багатайгаараа давуу талтай гэх. Тэгэхээр дэлхий нийт цөмийн эрчим хүчний эх үүсвэрт анхаарлаа хандуулсан болж таарч байна. Гэхдээ энэ одоохондоо таамаг төдий байгаа. Үүнийг Билл Гейтсийн өмнө нь хэлж байсан үг батлах шиг. Тэрээр “Натань Мирволд бид хоёр нүүрс, сэргээгдэх хүчийг биш цөмийн эрчим хүчийг сонгож “Terra power” компанид хөрөнгө оруулж байгаа. Цөмийн эрчим хүчний технологид модуляр, шингэн гэх мэт шинэ технологи гарч ирсэн. “Terra power” ураны ердөө багахан хэсэг болох нэг хувийн U-235 изотопын оронд 99 хувийг эзлэх U-238-ыг шатаая гэсэн санаа дэвшүүлж байгаа. Өмнө нь энэ талаар өчнөөн ярьсан ч яг ажиллах уу үгүй юу гэдгийг нь тооцоолж чадахгүй байсан юм. Харин одоо орчин үеийн супер компьютеруудын тусламжтайгаар бид тооцоолж чадсан. Боломжтой гэдгийг нь ч баталсан. Энэ технологи амьдралд нэвтэрвэл цөмийн хаягдал асуудал биш болно. Цөмийн реакторуудаас гарсан хаягдал түлш болоод явчихна гэсэн үг. Энэ бол гайхамшиг. Ураны шатдаг хэсгийг нь шатаангуут 99 хувь нь хаягдал болдог. Үүнийг ядуурсан уран гэдэг. Хаягдал болж үлддэг энэ ураныг ашиглаад эхэлбэл дэлхийн эрчим хүчийг хэдэн зуун жилээр хангах нөөц бий” хэмээн ярьж байсан удаатай.

Нүүрсийг ор тас мартах эри нүе

Дэлхийг айлгаж буй нүүрсхүчлийн хийн гол буруутан нь хүн төрөлхтний эрчим хүч гаргаж авдаг нүүрс, газ, нефть. Манай улс энэ хувилбараар эрчим хүч гаргаж авч байгаа орны тод жишээ. Тэгвэл саяхан манай улсад зохион байгуулагдсан “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын чуулга уулзалтын үеэр яригдсан бас нэгэн санаа бол технологийн дэвшлийн үр дүнд нар болон салхины тусламжтайгаар эсвэл шинэ технологийн тусламжтайгаар орон сууц, байшин өөрийгөө халаагаад цахилгаанаар хангаад явах боломжтой болохыг дурдсан. Өөрөө өөрийгөө эрчим хүчээр цэнэглэдэг байшинг эрдэмтэд хийж эхэлсэн гэсэн. Тэгэхээр хэдэн жилийн дараа Монголд үйл ажиллагаа явуулж буй өнөөх олон цахилгаан станц ямар ч хэрэггүй болох юм гэсэн. Энэ төрлийн технологийн нээлт 2021 онд хийгдэнэ гэх боловч ийнхүү аль хэдийнэ сэдэл төрөөд эхэлжээ. Монголын нөхцөлд гэр хорооллын айлуудыг хэсэгчлэн нэгтгээд эрчим хүчний эх үүсвэрээ хангах боломжтой болгох тогтолцоонд шилжих талаар ч нэлээд ярьж байгаа. Гэрээ галлаад байхгүйгээр хэдэн айл нийлээд нар салхины тусламжтайгаар цэнэглэгдэх төхөөрөмжөөс цахилгаанаа татдаг ч юм уу. Тэгвэл Билл Гейтс ирээдүйд нүүрс, нефть, хийн алиныг нь ч хэрэглэхгүйгээр дэлхийг эрчим хүчээр хангах шинэ технологид хөрөнгө оруулагчдын нэг. Шинэ төрлийн цөмийн цахилгаан үүсгүүрээс гаргаж авсан эрчим хүчийг хэрэглэж байж л жил ирэх бүр дэлхийг дулааруулж буй нүүрсхүчлийн хийг бууруулж чадна гэж тэр үздэг. Гэвч дэлхийд олон төрлийн аргаар эрчим хүч гаргаж авах талаар яригдаж байна. Тухайбал, далайн давалгааны хүчийг цахилгаан энерги болгох далайн турбин гэдэг технологи хоёр жилийн дараа хэрэглээнд нэвтрэх гэнэ. Нарны энергийн хавтанг чиглүүлэгч роботууд 2017 онд бүтээгдэх бол гурван жилийн дараа эрчим хүчний ухаалаг сүлжээ бий болгох судалгаа эхлэх байна. Энэ нь дэлхийн хэмжээний энергийн нэгдсэн сүлжээ бий болгож нийтээрээ хувааж хэрэглэх юм байх. Яг интернэт шиг. Мөн Иерусалимийн “Хэрбю” их сургуулийн эрдэмтэн Рабиновичийн ахалсан багийнхан төмснөөс эрчим хүч гаргаж авах судалгаа хийсэн. Төмсийг цахилгаан хуримтлуулагч ялтсанд холбож гаргаж авсан цахилгаан лед гэрлийг асаах чадалтайг нотолсон байдаг. Энэ мэтчилэн байгальд ээлтэй, хог хаягдалгүй эрчим хүч гаргаж авахын тулд олон судалгаа хийгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *