Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Араажав хутгалдаг кино шиг “ах нам” минь яачихаав дээ?” нийтлэл хэвлэгдлээ

2015 оны шилдэг сониноор шалгарсан үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ы шинэ долоо хоногийн эхний дугаар танд хүрч байна. Даваа гаригийн энэхүү дугаар маань 24 нүүрээр хэвлэгдлээ.

Брэнд булангуудын нэг “Танай өнжье”-гөөрөө даваа гариг бүхэн хүндтэй эрхмийг уулзуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад Монголд бодибилдингийн спортын үндсийг тавьсан, Монголын гурван удаагийн мистер Б.Батсуурийн өнжсөн тэмдэглэлийг зөвхөн “Өдрийн сонин”-оос уншаарай.

Энэхүү дугаарын онцлох ярилцлага бол “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Э.Энэрэлийн ярилцлага юм. Тэрбээр 2015 оны Монголын шилдэгийн шилдэг сэтгүүлчээр шалгарч, Гран При хүртсэн билээ. Сурагчийн дүрэмт хувцастай байхаасаа сэтгүүл зүйн салбарт хөл тавьж байсан түүний сонирхолтой ярилцлагыг даваа гаригийн энэхүү дугаараас унших боломжтой.

Улс төр нүүрт Шадар сайд Ц.Оюунбаатарын ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр улс төр болоод МАХН-д өрнөж буй үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьжээ. Ингэхдээ “Н.Энхбаяр дарга “Би Шадар сайд болъё” гэдэг санал тавиагүй” хэмээн тайлбар өгсөн байна. Өнгөрсөн амралтын өдөр хуралдсан МАН-ын бага хурлын талаарх сурвалжлагыг та өнөөдрт нийтэлжээ. Тэд сонгуульд зориулж бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Чухам ямар өөрчлөлт хийснийг сонины тавдугаар нүүрээс уншаарай.

Баримт, үзэл бодол нүүрт “Араажав хутгалдаг кино шиг “ах нам” минь яачихаав дээ?” нийтлэл хэвлэгдлээ. Гарчигнаасаа л юун тухай өгүүлсэн нь тодорхой харагдах энэхүү нийтлэлийг зөвхөн “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас унших боломжтой шүү.

Баримт, үйл явдал нүүрт УИХ-ын гишүүн О.Содбилэгийн жиргээ юу өгүүлэв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргыг шалгуулахаар болсон тухай мэдээллүүд багтжээ. Мөн өчигдөр Худалдаа хөгжлийн банкинд буутай этгээдүүд халдаж, 360 гаруй сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэргийн эргэн тойрондохыг эх сурвалжаас авсан мэдээллээр бусад хэвлэлээс танд дэлгэрэнгүй хүргэх болно.

Дэлхийн мэдээ нүүрт “Хөгжиж байгаа орнуудад 100 тэрбум ам.доллар өгнө”, “Хамгийн амжилттай ажилласан тэрбумтнуудыг тодруулав”, “Жон Керри ОХУ-д айлчилна”, “Сири НҮБ-д гомдол гаргав”, “Хоёр Солонгосын хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй” зэрэг олон улсын анхаарал татсан мэдээ, мэдээллүүдийг онцоллоо.

Гоёл, соёл нүүрт шинэ жил хаяанд ирсэнтэй холбогдуулан бүсгүйчүүдийн хамгийн их анхаарлаа хандуулдаг даашинзны загвар өнөө жил ямар байхыг сонирхууллаа. Энэ жилийн хувьд нуруу нь ил гарсан торгомсог даашинз трэнд болж байгаа гэнэ.

Дэвжээ нүүрт спортын үйл амьдралыг тусгалаа. Удахгүй болох “Бөртэ чоно-2015” наадмын эзнээр хэн тодрох бол гэж спортын хорхойтнууд хүлээж, бас таамаглаж суугаа. Тэгвэл өнөө жилийн тус наадамд нэр дэвшигчдийн тухай энэ нүүрээс уншаарай. Харин Дэлхийн спорт булангаар хөлбөмбөгийн аваргуудын лигийн тоглолтыг тоймлон хүргэсэн байгаа. Хэсгийн тоглолтууд дуусч, цаашид тоглох ямар багууд тодорсныг эндээс сонирхоорой.

Ийнхүү “Өдрийн сонин”-ы даваа гаригийн энэхүү дугаарт цаг үе, үйл явдлын мэдээ, мэдээллүүдийг тусгаснаас гадна олон сонирхолтой, нийтлэл, ярилцлагуудыг уншигчдадаа хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *